Н.Батбаяр: Олимпын гүүр 40 сая доллароор боссон гудамж төслийн хүрээнд хийсэн ажлууд 40 сая доллароос илүү гарахгүй

Н.Батбаяр: Олимпын гүүр 40 сая доллароор боссон гудамж төслийн хүрээнд хийсэн ажлууд 40 сая доллароос илүү гарахгүй

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилж байна.

Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Т.Оргил тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдан иржээ. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

2011 онд Монгол Улс үсрэнгүй хөгжиж байсан өндөр хөгжилтэй Азийн Дубай улс болох нь гэж Монголд хөрөнгө оруулагчид хошуурч байсан цаг хугацаа. Энэ үеэр анхны Чингис хаан бонд 1.5 тэрбум долларын хөрөнгө боссон. Энэ бондын зарцуулалт юунд зарагдав? Улсын төсвийн шинж чанартай олон арга хэмжээнүүдэд зарцуулаад дууссан.

Хөгжлийн банк Монголын томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх байсан. УИХ бүү хэл Засгийн газраар орсон юм уу, үгүй юм уу, тендэрийн хууль үйлчлэхгүйгээр санхүүжүүлсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд таны эрхлэх асуудлын хүрээнд байсан асуудал.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр:

Түрүүчийн сонсголд намайг ирээгүй гэж байна. Би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсны мэдэгдэл ирээгүй. Тэгсэн хэрнээ дуудсан боловч  намайг ирээгүй гэж миний нэр төрд халдсан.

2012 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засгийн байдал Монголд хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас гаднаас мөнгө босгож Чингис бондыг босгох асуудал тавигдсан.

2012 оны 12-р сарын 6-ны өглөө 1.5 тэрбум долларын хөрөнгө орж ирснээр өнөөдрийн түүх эхэлсэн түүхтэй. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2 жил ажилласан. Дараа нь 300 сая долларын Самурай бонд, дараа нь Хятад, Европын улс орнуудаас 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулж ирсэн. Би Монголд мөнгө оруулж ирсэн болохоос захиран зарцуулах эрх эдлээгүй.

Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Зэс, нүүрс, алтны үнэ унасан. Тэр хямралаас гарахын тулд энэ хөрөнгийг босгож, огцом уналтаас аварсан. 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгдсэн.

Чингис бондын хөрөнгө анх босохдоо хоёр янзаар орж ирсэн. Хамгийн хямдаар боссон зээл. Хамгийн сүүлийн зээл Чингис бондын хүүнээс даруй хоёр дахин өндөр хүүтэй мөнгө. Чингис бонд босгоод Монгол Улсыг өрөнд оруулсан гэж байгаа бол үгүй. Чингис бондын мөнгөөр Монголд асар их бүтээн байгуулалт хийсэн. Гудамж төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад орсон. Орон нутгийн холбосон замууд барьсан. 50 жил хаагдсан байсан Богд уулын арын зам барьсан. Сонсголонгийн замууд, зуслангийн замууд, Сонгино, биогийн замууд баригдсан. 

Чингис бондын хөрөнгөөр Монгол улс өөрийн онгоцтой болсон. Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө. Ялгаа нь бэлэн мөнгөөр орж ирдэг. Бусад засгийн газрын зээл бол бараа товараар орж ирдэг. Бараа товараар авахад илүү үнэтэй авдаг.

Чингис Бондыг босгоход Монгол улс тэрбум доллар босгож болдог юм, юм хийж болдог юм байна гэдэг итгэлийг өгсөн. 100 хоногийн дотор 1.5 тэрбум доллар орж ирсэн.

Энэ үеэр надтай хамтарч ажилласан хүмүүст баярлалаа. Юуны түрүүнд энэ мөнгийг босгоход Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатдаа баярлалаа. Чингис бонд Ази тивийн хамгийн шилдэг бондоор шалгарсан.  Харамсалтай нь тэр залууг 2016 оноос хойш хорьж цагдаад ажилгүй болгож байна. Юм хийдэг хүмүүсээ дэмжиж ажиллах ёстой. Н.Мөнхбат одоо 8 хувийн зээлтэй, өөрийн гэсэн унаа машин ч үгүй хүн. Ийм хүнийг мөнгө идсэн гэх үү? Болих хэрэгтэй. Юм хийж чаддаг, эрсдэл үүрч чаддаг, өндөр боловсролтой чадвартай залуу үеэ дэмжиж ажиллах хэрэгтэй. Миний зөвлөх байсан. Австри улсад бакалавр, мастераа хийгээд ирсэн хүн.

Мөн Батболд гэдэг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан залууг Гудамж төсөлд ажиллуулсан. Нэг том уулзварыг бид сар хүрэхгүй хугацаанд хийж байсан. Саппорогийн уулзварт осол гардаггүй өдөр байгаагүй. Тэгвэл тэр хүн маань ажилгүй болчихсон сууж байна. Тэр залуу хуучин байрандаа амьдарч байгаа. Хүмүүсийг идсэн уусан гэж байна.

М.Сономпил сайд ТЭЦ3-ын өргөтгөл, Амгалан Дулааны станцыг цоо шинээр байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ажлыг хийсэн хүнийг өчигдөр та гүтгэн доромжилсон. Таныг зориуд уучлалт гуйхыг хүсэж байна.

Амгалан станц ашиглалтад ороогүй бол, ТЭЦ 3, 4-ийн өргөтгөл хийгдээгүй бол Улаанбаатар хот ямар нөхцөл байдалд байхыг мэдэхгүй.

Б.Энхбаяр:

Та яагаад хуулиас давсан 29-р тушаал гаргаад, 2.4 их наяд төгрөгийг /Гудамж төсөл чинь энэний багахан хэсэг/ нээлттэй тендергүй, төсөвт өртөггүй захиргааны актад бүртгүүлэлгүй энэ бүх мөнгийг захиран зарцуулах журам гаргаад зохион байгуулав гэдэг асуултад хариулъя.

Н.Батбаяр:

Би дахиад харьцуулъя. Гэрээ хийхдээ тендер хийж байж хийдэг. Тендер бол харьцуулалт. Олимпын гүүр 40 сая доллароор боссон. Харин Гудамж төслийн хүрээнд Улаанбаатарт хийсэн ажлууд 40 сая доллароос илүү гарахгүй. Тэгэхээр аль нь үр дүнтэй болсон гэдгийг харьцуулан харах хэрэгтэй. Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын хуулийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Засгийн газрын хууль болон бусад эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн акт гаргасан. Сайдын гаргасан эрх зүйн актыг шинжээчийн дүгнэлтээр шүүдэггүй. Миний гаргасан шийдвэр хууль бус байсан юм бол та дэд сайдаар ажиллаж байхдаа миний тушаалыг яагаад хүчингүй болгоогүй юм? 2016 оноос хойш хууль хяналтын байгууллагууд ажилласан. Шалгалт хийсэн гэж сенсаци хийдэг түүхээ давтаад хэрэггүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.