УИХ-ын чуулганы нээлтийн үеэр 2017 оны төсвийн төслийг батлах, эдийн засгийн өсөлт зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Засгийн газраас 2017 оны төсвийн төслийг өргөн барьсан. Та төсөлтэй танилцсан уу?
-2017 оны төсвийн төслийг өргөн барьсан. Нарийвчлан танилцаж амжаагүй байна. Ер нь төсөв хүнд байгаа. Уул уурхайтай холбогдсон томоохон төслөө хөдөлгөж байж орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэсэн үндсэн тооцоолол дээр тулгуурласан байна. Энэ бол амаргүй л дээ. Мэдээж хэрэгжүүлэхийн тулд УИХ дахь намын бүлгээр хэлэлцээд, ажлын хэсэг томилох байх. Төсвийг чамбайруулах тал дээр аль аль талаасаа анхаарч ажиллах шаардлагатай гэж харж байна.
-Ирэх оноос Монгол Улс 6.6 их наяд төгрөгийн өрөө төлнө. Ингэхийн тулд бонд босгох саналыг гаргаад байсан ?
-Бонд босгохоос өөр боломж байхгүй. Гадаад, дотоодоос авсан зээлийн нийт хэмжээгээр 6.6 их наяд төгрөг хүрч байгаа. Энэ нь төсвийн нийт орлогоос давчихсан. Тиймээс бонд гаргах эсвэл урьд нь авсан зээлдээ зохицуулалт хийж аль болох боломжтой хувилбараар шийдэх арга зам хайна. Үүнийг УИХ-аар нэлээд нухацтай ярилцах байх. 2017 оны төсвийн төслийг харахад, бидэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчхоод байна. Бид 6.6 их наяд төгрөгийн өр төлөөд, дээр нь төсвийн зарлагаа нөхөх арга замыг хайх хэрэгтэй.
-Бондын эргэн төлөлтөөр зээлээ төлөх боломжгүй юм уу?
-Бондын эргэн төлөлтийн тухай асуудлаар Хөгжлийн банкинд шалгалт орсон. Шалгалтын хариу удахгүй гарах байх. Гэхдээ шалгалтын үр дүнд 6.6 их наяд төгрөгийн өр төлөх хэмжээний эх үүсвэр босно гэхэд итгэл төрөхгүй байна. Шалгалтын явцаас харахад, бондоос авсан зээл эргэн төлөгдөх боломж туйлын хомс байсан.
-“Стэнд бай” хөтөлбөрт заавал хамрагдах ёстой юм уу?
-“Стэнд бай” бол бидний өмнө байгаа сонголтуудын нэг хэсэг. Ер нь бол урт хугацаатай хөгжлийн зээл хайх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 10-30 жилийн хугацаатай, бага хүүтэй зээл авах нэг боломж бий. Тиймээс Дэлхийн банк, олон улсын байгууллагуудаас бүхий л арга замыг хайж, хамтарч ажиллах ёстой.
-Эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилгодоо ирэх жил хүрч чадах болов уу?
-Засгийн газар тооцоод хүрнэ гэж үзэж байгаа бол тэр тооцооллыг би сайн харж амжаагүй байна. Гэхдээ гурван хувьд хүргэх амаргүй зорилт. Бид нар Тавантолгой, Оюутолгойтой холбоотой томоохон төслөө хөдөлгөж чадах юм бол эдийн засаг сэргэх боломж бий. Тэгэхээр боломж байхыг үгүйсгэхгүй л юм. Энэ талаар тодорхой юм хэлж чадахгүй байна.
-Төсвийн алдагдал гээд байгаа 2.5 их наяд төгрөгийг бууруулах боломж бий юу?
-Төсвийн алдагдлыг бууруулах тал дээр бүх боломжийг хайж ажиллана. Бид шаардлагагүй урсгал зардлыг танана. Хоёрдугаарт, улсын үйлдвэрийн газар нэртэй баахан агентлаг татан буулгах ажиллагааг өнгөрсөн дөрвөн жилд зохион байгуулсан юм байна. Тэр бүгд улсын төсөв дээр ачаалал болж ирдэг. Тухайлбал, Алтанбулаг чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүс гэх мэт газрууд төсвөөс тэжээгдэж байна. Энэ мэт хэрэггүй зардлыг танах тал дээр анхаарах ёстой.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.