Уур амьсгалын тусгай элчээр БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр томилогдлоо

Уур амьсгалын тусгай элчээр БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр томилогдлоо

Манай улс 2008 оноос эхлэн тусгай элчийг томилон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцан Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсад төлөөлөх эрх бүхий хүнийг МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар томилон ажиллуулж ирсэн.

Энэ албан тушаалыг 2016 оноос хойш Др.Замбын Батжаргал нэр төртэй хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд олон улсын санхүүжилтийг МУ-д татан төвлөрүүлэхэд чармайлт гарган ажиллаж, нийт 460 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг боловсруулж батлуулсан байна.

 

Дараагийн Уур амьсгалын тусгай элчээр Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын зөвлөх О.Одбаяр томилогдон ажлаа хүлээн авлаа.

Тусгай элчийн ажил хүлээлцэх үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулахад өнөөдөр бидэнд ҮТХНЗ-доо тусгасан нийт 11.5 тэрбум ам.дол шаардлагатай арга хэмжээнүүд бий. Дээрх санхүүжилтийг босгох яриа хэлэлцээрийг урагшлуулахад та өөрийн мэдлэг чадвар, ур ухаанаа гаргаж ажиллана гэж найдаж байна” гэлээ. Мөн “Бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэвшүүлэн тавьж байгаа нүүрстөрөгчийн зах зээлийг нээх, бага хүлэмжийн хий ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй хот суурин, ард иргэд, хувийн хэвшлийг буй болгох ойрын зорилготой. Урт болон дунд хугацаандаа техник технологид суурилсан, цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй Монгол улс болох зорилготой байна. Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд НҮБ-ын талуудын бага хуралд хэлсэн үгэнд энэ хэтийн зорилго бүрэн орсон бөгөөд 2050 он гэхэд МУ тэг ялгаруулалттай улс болохоо амласан. Та энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллана гэж итгэж байна хэмээн онцлов.  

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ