Шинэ хэрэглээнд, шилийн сайн эрийн зан гаргав

Шинэ хэрэглээнд, шилийн сайн эрийн зан гаргав

Монголчуудын дунд хулгай хийх нь жирийн үзэгдэл болсон мэт. Хулгай  хийж, бусдыг хууран мэхлэхгүй бол сайхан амьдарч чадахгүй гэж боддог болсон гэхэд хилсдэхгүй. Монголчуудад хулгайлахгүй зүйл гэж алга. Хотын гудамжинд цахилгаан унадаг дугуй олноор байршуулсан. Гэртээ харих гэсэн, эсвэл хотын түгжрэлд яарч яваа хүн эдгээр цахилгаан дугуйг түрээсэлж  зорьсон газраа хурдан хүргэх зорилготой. Гэтэл манайхан нөгөөх цахилгаан дугуйг нь хүүхэд, хөгшидгүй хулгай хийгээд амар заяаг нь үзүүлэхгүй байгаа мэдээ мэдээлэл цахим орчинд байс хийгээд л гарах юм. Байршил тогтоогчоор нь яваад очихоор хашаандаа оруулчихсан GPS-ийг салгах гээд ноцолдоод зогсож байдаг. Бүр байшиндаа оруулаад дангинатал цоожилчихоод “Энд байхгүй” гэж мэлзээд байгаа талаар  компанийн залуус ярьж, бичиж байна. Тэр ч бүү хэл энэ компанийн залуусыг хулгай хийсэн иргэдийн бичлэгээр маркетинг хийж байна гэж зарим иргэд шүүмжлэж байх жишээтэй. 

Саяхан гэхэд л Дорнод аймагт гарсан гал түймэртэй холбоотой малаа алдсан сургаар малын хулгай гаарсан талаар нутгийнхан халаглан ярьж байна лээ. Тэр байтугай монгол хүнээс яаж тийм зориг гардаг юм гэмээр нүд хальтрам зургууд ч цахим орчинд дуулиан дэгдээсэн. Галд өртөж, арай хийж, амьд гарсан турж эцсэн хэдэн адууг бэлчээрт нь нядлаад шу­луун гэдсийг нь гаргаж дэл­гээд булчин махыг нь сүүл­тэй нь огтлож аваад энд тэнд­гүй хая­чихсан өр эмтрэм зур­гуу­дыг харахад нүд хальтрам байв.

Нийслэлд гарсан жижиг сажиг хулгайн хэргийг сүүлдээ хулгай ч гэж тоохоо больж байх шиг байна. ТҮЦ-ээр үйлчлүүлж байгаа өсвөр насны хүүхдүүдийн нэг нь худалдагчийг саатуулж, нөгөө нь өдрийн орлогыг нь гар утастай нь аваад зугтаж байгаа бичлэгүүд ч хаа сайгүй цацагдах болсон. Шинэхэн ирсэн хөдөөгийн оюутнууд эхний нэг хоёр жилдээ утас, мөнгөө алдах нь энүүхэнд болчихсон. Нялх хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр сандарч гүйж байгаа эмэгтэй утсыг хажууд нь суусан хэжээл насны хүүхэн хэнэгчгүй аваад гарах бичлэгийг ч бид харсан.

Гаднын улсад хэн хулгай хийж байна вэ гэвэл монголчууд л байгаа юм.  Нэг жишээ дурдахад гаднын улсад 19 иргэн хулгайн хэргээр ял эдэлж байгаа гэсэн албан мэдээ бий. Сүүлд Солонгос Улсад Монгол иргэн хулгай хийж байгаад баригдсан гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эхний нүүрт гарч, тэр чинээгээрээ Монгол Улсын нэр хүнд унаж байгаа юм.

Хил даваад л монгол хүн гэвэл Солонгос, Хятад зэрэг хамгийн ойрын харилцагч орнууд хүртэл биднийг үздэггүй гол шалтгаан энэ. Хяналтын байцаагч нар нь хүртэл гадаад пасспортыг нь үзээд ууртай гэгч нь шидэлж байгаа нь шууд л мэдрэгддэг. Мөнөөх л муу нэртэй, луу данстай болсны хар гайг гаднын улсад сурч, хөдөлмөрлөх гэж байгаа бусад нь эдэлдэг гээд хэлчихэд буруудахгүй.  

Иргэд нь иргэдээ дээрэмдэж, улстөрчид нь эдийн засгаа тонон дээрэмддэг ийм л увайгүй нийгмийн бид бүтээчихсэн байж өнгөрсөн хугацаанд. Өнгөрсөн хугацаанд улс төрийн хулгайтай холбоотой ямар ч их дуулитан дэгдэв. Сум сууринг хөгжүүлэх жижиг төсөл хөтөлбөрүүдээс нь эхлээд л улсын хөгжлийг тодорхойлох эдийн засгийн эргэлдэх хөрөнгүүдээ тэрчигт нь төрийн цөөхөн хэдхэн эрх мэдэл албан тушаалтай хүмүүс хуваагаад хулгайлчихсан байх. Хамгийн сүүлд гэхэд л бүхэл бүтэн улсын эдийн засгийн гол орлого болох нүүрсээ хэдэн машинаар нь хулгайлдаг байсан баримтууд ил боллоо.

Хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох, том төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулж, зээл олгосон ч мөнөөхийг нь нөгөө л эрх мэдэл, албан тушаалтай цөөн хэдэн хүмүүс хуваагаад хулгайлаад авчихсан байх.

Тэр байтугай ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурч мэдэх боломжийг хулгайлж, улстөрчид өөрийн хүүхдүүд, эхнэр, гэр бүл хамаатан садаг, найз нөхөддөө аваад өгчихсөн гэх харамсалтай мэдээ ч бий. Монголчууд дэлхийн хөгжлөөс хэдэн 100 жилээр хоцорч яваа нь ерөөсөө энэ хулгай ч зантай нь холбоотой. Халбага, сэрээ байсан ч хулгай хийчихдэг энэ арчаагүй зан нь биднийг дэлхийд шившиглэж байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны зургадугаар сарын 07. Лхагва. №099 (5827)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.