УИХ-ын өчигдрийн чуулган 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг дуусч, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Тэрбээр, “Төсвийн алдагдал төсвийн зарлага хэт давсан гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд судалгаандаа дурдсан байна. Засгийн газар цаашид төсвөөс гадуурх аливаа зүйлд санхүүжилт хийхгүй байх бодлого баримтална.
2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Оюутолгой”, “Тавантолгой”, “Тавантолгойн цахилгаан станц” гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн бодит өсөлт гурван хувь байхаар тооцсон. Ирэх 2017 онд шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон. Мөн төрийн өмчит зарим компанийг хувьчлах асуудал яригдана” гэлээ.
Хэлэлцүүлгийн шатанд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2017 оны төсөвт орлого зарлагын зөрүү хэдэн их наяд байгаа вэ. Орлого яаж бий болгох вэ. ААН-ийн орлогын албан татварын 16.8 болон 17.2 заалт дээр тодорхой хариулт авмаар байна. Хоёрдугаарт, багш, эмч нарын 36 сарын тэтгэмжийг байхгүй болгосон гэж байсан ч дахиад оруулж ирлээ. Тэлэлтийг хэрхэн тооцоолж байгаа вэ” гэдгийг тодрууллаа. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх ганц гарц нь өр тавих явдал.
Энэ байдлаараа яваад байвал бид төсвийн хямралд орох магадлалтай. Алдагдалтай байгаа 2.5 их наяд төгрөгийн хувьд эх үүсвэртэй зардлыг бага байлгах, алдагдлыг бууруулах чиглэл барьсан. Багш, эмч нарын тэтгэмж бол төсвийн зарлага талдаа орж байгаа” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна гэсэн мэдээлэл авлаа. Валютын сан 300 сая ам.доллараас дээш мөнгө манайд өгөхгүй. Валютын сан хөтлөгдөөд цааш явах гээд байна уу.
Валютын сантай тусгай гэрээ хэлэлцээр хийгээд явах уу. Тусгай сангуудын тухай Засгийн газар ямар байр суурь баримталж байгаа вэ. 2017 онд тусгай сантай холбоотой бодлого байна уу. Сайд бүрийн дэргэд гадаадын зээл тусламжийн хөтөлбөрүүд байна. Энд Засгийн газрын дүгнэлт хийсэн үү” гэсэн асуултуудад хариулт авахыг хүссэн. Үүний хариуд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын гол шийдвэрлэх ёстой асуудалд бол өрийн асуудал.
Зээлийн тусламжуудын хөтөлбөрийн хувьд одоогийн байгаа байдлаас дордуулахгүйгээр энэ нөхцлөөс сайжруулах тал дээр ажиллаж байна. Олон улсын валютын сангийн тухайд Б.Чойжилсүрэн сайд Олон улсын валютын сангийн намрын уулзалтад л очиж суусан. Энэ сард Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монголд ирж эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж ажиллана.
Тэрхүү дүгнэлтийн дараа тусламж авах эсэхээ шийдвэрлэнэ” гэсэн хариултыг өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Засгийн газар өмнө нь татвар нэмэх хэвээр байгаа гэж мэдэгдэл хийж байсан. Гэтэл өнөөдөр татвар нэмэхгүй байхаар болсон гэж мэдэгдлээ. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Тиймээс хэсэг хугацаанд аж ахуйн нэгжээ хуурч байгаад сонгуулийн дараа аж ахуйн нэгжүүд рүү дайралт хийх гэж байгаа бол буруу улс төр болно шүү. Сонгууль болгонд зориулж хадны мангаа бий болгодог зүйлээ боль.
УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийг идчихлээ гэж хэлээд танай нам олон тойргийг өөрийн болгосон. Одоо яагаад “Эрдэнэт”-ийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихлөө. Яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлыг нэг тийш болгоод шийдчихэж болохгүй байгаа юм бэ?
Хэн хулгайчийг бариарай гэж орилдог билээ. Түүн шиг юм болох гээд байгаа юм биш үү” хэмээн бухимдсан юм. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Татвар нэмэх асуудал өмнөх төсвийн тодотголын үеэр яригдаж байсан асуудал. Гэхдээ татвар нэмэхдээ нийтийг хамарсан татвар нэмнэ гэж яриагүй. Тухайн үед МАН-ын бүлэг дээр ярьж байгаад “Хойшлуулах нь зүйтэй” гэж шийдсэн.
Жижиг болон дунд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжээс татвар авах шаардлага байхгүй. Өнөөдөр яагаад татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй вэ гэхээр аж ахуй нэгжүүд хүнд байдалд байна. Тиймээс татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал дээр бол бид ил болгосон. Тухайлбал, өмнөх Сангийн сайдын шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгосон. Ингэснээр төр өөрийн эрх мэдлийн 51 хувийг хариуцаад явна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийсэн. Тэрбээр энэ үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийг шүүмжилсэн юм. Ерөнхийлөгч УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг улс төрийн шоу хийж, эх орон болон “Эрдэнэт”-ийг бодолгүй сүржин мэдэгдэл хийсэн хэмээгээд улстөржилгүй ажлаа хийхийг сануулсан.
Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр УИХ-ын чуулганы үеэр өөрийн байр сууриа илэрхийлээд авлаа. Тэрбээр “Би УИХ-ын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагаас мэдээлэл авч, асуудал дэвшүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн талаар татвар болон бусад газруудаас мэдээлэл авсан.
Намайг бараг Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа гээд Ц.Элбэгдорж өнөөдөр /өчигдөр/ юм ярьчихсан юм аа даа. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад 49 хувийг нь авчихсан юм уу хаашаа юм. Энэ одоо юу яриад байгаа юм. Энэ асуудлаар надад Засгийн газарт ч байхгүй мэдээлэл байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө. Зургадугаар сарын 29-нд Ташкентад гурван улсын уулзалт болоход ХХБ-ны О.Орхон нь өөрөө очиж, эцсийн цэг тавьсан.
Би үүнийг л хэлсэн юм. Одоо мэдэн будлиад байж хэрэггүй. “Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн байдлыг намын бүлэгт гаргаж өгсөн мэдээлэл байна. Наймдугаар сарын байдлаар улсын төсөвт 20 тэрбум төгрөг оруулсан байсан юм. Есдүгээр сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэр 54 тэрбум төгрөгийн татвар оруулсан байна гэж ТЕГ тайлан гаргаж өгсөн байна. Өнгөрсөн жил 323 тэрбум төгрөгийн татвар төлж байсан юм.
Тэгэхэд “Эрдэнэт”-тэй адилхан үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой” есдүгээр сарын мэдээгээр улсад 278 тэрбум төгрөг татварт төлчихсөн байна. Өнгөрсөн жил Оюутолгой 140 тэрбумыг төлсөн. Энэ жил дахиад 278 тэрбумыг төлчихөөд байна. 278 тэрбум 54 тэрбумын хооронд асар их зөрүү байгаа биз. Одоо энэ бүлэглэл дамжсан луйвраа хамгаалах хэрэггүй. Гэхдээ хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна” хэмээн хариу өгөөд амжсан юм.
УИХ-ын чуулган үдээс хойш 15.00 цагт хуралдах ёстой байсан ч дугаар шилжих мөчид хуралдаж эхлээгүй байсан юм. Учир нь УИХ-ын олонхийг бүрдүүлдэг МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байсан учир чуулганы хуралдаан ийнхүү хойшилжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.