Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй

Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 09 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Сөүл хотод хүрэлцэн ирээд байгаа билээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.09.11) БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Эрхэмсэг хатагтай Ким Ён Жү-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьсанд тань дахин талархал илэрхийлье гэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, энэ жил Монгол Улсын Их Хурлын даргатай гурав дахь удаагаа уулзаж байгаад баяртай байна. Үндэсний Ассамблей дэх гишүүд тэр дундаа улстөрийн олонх, цөөнх намын төлөөлөл Монгол Улсад айлчлахдаа Улсын Их Хурлын даргатай найрсаг, дотно уулзалт хийсэн хэмээн танилцуулж, сэтгэл хангалуун байдгийг уулзалтын эхэнд дурдав.

Тэрбээр хэлэхдээ, энэ жил Монгол Улсад хоёр удаа айлчилсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандууллаа. Тодруулбал, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл юм. Хэдийгээр тулгамдсан асуудлууд удаа дараа гарч байсан хэдий ч Улсын Их Хурлын даргын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж дууссаныг дуулгахад таатай байна. Өнөөдөр Улсын Их Хурлын даргатай уулзах завшаан тохиож буйтай холбогдуулан уг төслийн тайланг гардуулахад туйлын баяртай байна. Бидний цаашдын хамтын ажиллагааг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал хэмээв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-гийн Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх чин сэтгэлийн хичээл, зүтгэлийн үр дүнд уг төсөл амжилттай хэрэгжиж дууссанд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ. Тэрбээр, Монгол Улс, БНСУ-ын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарч ирсэнд талархал илэрхийлье гэв. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессын шинэчлэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ