Б.Энхбаяр: Ерөнхий сайд нүүрсний сонсголд онцгой анхаарахыг үүрэг болгосон

Б.Энхбаяр: Ерөнхий сайд нүүрсний сонсголд онцгой анхаарахыг үүрэг болгосон

Нүүрсний сонсголыг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.  Энэхүү сонсголыг явуулах түр хороог анх байгуулахад, ахлагчаар нь УИХ-ын гишүүн  Г.Ганболд томилогдож байв.  Гэвч тэрбээр сонсгол зохион байгуулж чадаагүй. Дараа нь ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар ахалж байсан.  Түүний хувьд Хотын даргаар томилогдсон учраас сайдын албаа болон сонсгол зохион байгуулах түр хорооны даргын ажлаа ч Б.Энхбаярт өгсөн.    ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хувьд өмнө нь  Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулж байсан туршлагатай.  Тиймээс энэ удаагийн нүүрсний сонсгол дээр түүний өмнөх туршлага хэрэг болно. Түр хороонд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, О.Цогтгэрэл нарын гишүүд хамаардаг.

Өчигдөр нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороо хаалттай хуралджээ. Хуралдаанаар шинжээч томилох, хэлэлцэх асуудлын цар хүрээний талаар хэлэлцжээ. Энэ үеэр тус түр хорооны дарга Б.Энхбаяр “Хянан шалгах шинжээчдийн хараат бус байдлыг хангаж ажиллана.  Өмнө нь Хөгжлийн банкны сонсгол хийхэд түр хорооны гишүүдээс тэр гишүүнийг шалгаадахаач гэх мэт нэг тойргийн гишүүдээ ухуулах гэсэн асуудал гарч байсан. Тиймээс улс төрийн зүй бус нөлөөллийг таслан зогсоож, шинжээчдийн хараат бус байдлыг хангаж ажиллана. Хянан шалгалтын тухай хуульд зааснаар долоо хоногийн өмнө сонсголын товыг зарлана. Тов зарлахтай хамт ямар сэдвээр, ямар асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийх үү, ямар хугацаатай байх уу, хэнийг гэрчээр дуудах уу гэдгийг шийднэ. Энэ хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын сүүлч болж таараад байна. Хэт богино хугацаанд шахаад бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг болмооргүй байна. Асуудлын цар хүрээ өргөн, хугацаа давчууг гишүүд, олон нийт ойлгох байх.  Би  ирэх сард түр хороог гардаж, шахаж ажиллана. Нүүрсний асуудалд онцгой анхаарна. Ерөнхий сайдаас Хууль зүйн сайдад санал тавихад нүүрсний сонсголыг олон нийтэд иж бүрнээр нь шалгасан шиг шалгаж мэдээлэхийг үүрэг болгосон. Энэ хэрэгжилтийг хангаж онцгой анхаарч ажиллана” гэлээ.

Мөн энэ үеэр түр хорооны гишүүн  Ж.Сүхбаатар “Олон их наяд төгрөг хулгайлагдсан гэдэг нь ойлгомжтой. Хил, гааль нь яачихсан газар байдаг юм. Миний ажиллаж үзсэн нийтийн тээврийн салбарт зөндөө асуудал байдаг гэдгийг сая ойлголоо. Захаас нь ухвал хэчнээн олон этгээд оролцсон байдаг юм. Мөнгө нь хаашаа орчихсон байдаг юм. Тиймээс цөөнхийн саналыг сонсох ёстой” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ