Хүүхэд, залуусын хулхин дээр “цэцэг ургуулсан” МАН

Хүүхэд, залуусын хулхин дээр “цэцэг ургуулсан” МАН

Сонгуулийн өмнө одоогийн эрх баригчид хэчнээн сайхан зүйл амаллаа. Манай иргэд ч гэсэн тэр, сайхан амлалтад нь хууртаад л хошуурчихсан. Бодвол МАН л амьдралыг сайхан болгоно, мөнгө өгнө, тэтгэнэ, өргөнө гэж бодсон байлгүй дээ, хүмүүс. Гэтэл яг начир дээрээ төрийн эрхэнд гарсныхаа дараа л тэд манийгаа мартчихлаа. Амалсан бүхнээсээ эсрэг ажиллаж байна. Яах вэ, улс орны эдийн засаг хүндхэн байгаа. Төсвийн алдагдал чинээндээ тулж, Монгол Улс дампуурах дөхчихөөд байгаа нь үнэн. Ийм үед тэвчиж болох зардал бүхнийг тэвчээд, бүсээ чангалах нь зөв. Гэхдээ тэд юугаа хасаж, танаж, юугаа хасахгүй байхаа мэдсэнгүй.

МАН уг нь сонгуулийн өмнө “Хүүхэд залуучууд маань дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болж, аав, ээжээ ачилж, эх орныхоо хөгжлийн баганаас өргөлцөх бодлогыг санал болгож байна” гэсэн. Уншаад үзэхэд сэтгэл сэргэмээр, тун сайхан амлалт байгаа биз.  Ашигласан үг, өгүүлбэр нь хүртэл уран цэцэн гэж жигтэйхэн. Нээрээ л тэднийг сонгочихвол хүүхэд залуучууд маань дэлхийн боловсрол эзэмшиж, эх орноо өргөчих ч юм шиг. Гэтэл сонгуулийн дараа яав. Хамрын өмнө хаалга савчихаад л яваад өглөө. Оюутны 70 мянгыг зогсоосон. Орон нутгийн сонгуулийн өмнө их, дээд сургуулийнхны амыг жаахан “тосоллоо”. Харин МСҮТ-ийн хүүхдүүдэд юу ч хялайлгаагүй. Бодвол сонгууль өгөхгүй юм чинь гэж сэтгэснийх байх. Мөн 2016-2019 он хүртэл гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй байхаар шийдчихсэн.

Хаана байна аа, өнөө дэлхийд өрсөлдөхүйц боловсролтой болгох бодлого чинь. Тэтгэлэгт хамруулахгүй байхаар шийдэхээ тэгж ярьсан байна гэж баймааргүй юм аа. Эсвэл 70 мянгаа ялгавартай олгохоо ч ярьсан байж магадгүй юм. Эрх баригчид нэг ийм л маягтай ажиллаж байна. Уг нь бид ирээдүй хойч үеэсээ хэдэн төгрөг харамлаад баймааргүй байна. Тэр дундаа дэлхийн боловсрол олж авах гэсэн хүүхэд, залуучуудаасаа мөнгө харамлахын оронд өөрсдийнхөө тансаглалаас хасчих хэрэгтэй биш үү. Гурван жил хэдэн хүүхдэд тэтгэлэг олгохоо болилоо гээд тийм их мөнгө хэмнэх гээд байгаа юм уу. Жилдээ утас, шатахуундаа төрөөс авч зарцуулдаг мөнгөнөөс чинь их юм уу. Албан тушаалын наймаа байдлаар хуваарилдаг дэд сайдын тансаглалд зарцуулж байгаа мөнгөнөөс хол давах уу.

Эсвэл нэг удаа шоу хийхийн төлөө 200, 300 саяар нь үрдэг мөнгөний чинь дэргэд ямар хэмжээтэй юм. Өнөөдөр бид ирээдүйд Монгол Улсаа иргэн хүний сэтгэлээр, идэж уухгүй аваад явчих, өндөр боловсролтой, эх оронч сэтгэлтэй хүмүүсээ бэлтгэх ёстой. Гэтэл өрөөгөө тохижуулахдаа, ширээ сандал солихдоо, албан тушаал наймаалцахдаа, хоёр гуравхан хамтлагийг тэтгэхдээ мөнгө харамлаагүй байж хүүхэд, залуустаа гар татах чинь одоо ариун явдал уу. Яг үнэндээ эрх баригч намыхан хүүхэд, залуучуудын хулхин дээр “цэцэг ургуулаад” л орхилоо. Тэгсэн мөртлөө ядаж урдах ажлаа хийхгүй, сумын сонгуульд оролцох гээд улсын ажил хаяад явчихаж байна. Дээрээс нь татвар төлөгчдийн мөнгөнөөс томилолт авч байгаа даа. Тэгээд том машиндаа хэдэн зуун саяар шатахуун хийж давхилдаж байгаа. Мэдэж цөхөөд байх юм алга. Ийм л дүүрчихсэн нөхдүүдийг бид сонгочихоод байна. Одоо яалтай ч билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.