Монголын төр “тэг зогсолт” хийж, намууд тамир сэлбэнэ

Монголын төр “тэг зогсолт” хийж, намууд тамир сэлбэнэ

Дулааны цахилгаан станцууд жилд нэг удаа тэг зогсолт хийж, өвөлжилтийн бэлтгэлээ хангах нь бий. Хийхээр төлөвлөсөн засвараас шалтгаалан хуга­цаа нь адилгүй байдгийн дээр энэ тухайгаа  холбогдох  яам, тамгын газартаа мэдэгдэж, Эрчим хүчний диспетчерийн үндэс­ний төвөөс зөвшөөрөл авдаг дүрэм, журам­тай.

Өвлийн оргил ачааллын үед аль нэг станцид техникийн болон техно­логийн алдаа гарах аваас Монгол Улсын төв суурин газрууд хөлдөж, сүйд болно. Хохирлын хэмжээ саяар биш хэдэн арван их наядаар яригдана.  Энэ бол эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай  холбоотой  асуудал.  Чухамдаа эрчим хүч ч үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол юм шүү дээ.   Тиймээс урин дулаан цагийг ашиглаад  жилд нэг удаа тэг зогсолт хийхийг нь зөвшөөрдөг. Иргэд ч ганц хоёр өдөр гэрэл цахилгаан, халуун хүйтэн усны хязгаарлалтыг даваад гардаг.

Харин Засгийн эрхийг барьж буй улс төрийн хүчинд “тэг зогсолт” хийх тухай асуудал  байж боломгүй зүйл.   МАН орон нутгийн сонгууль  болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын үйл ажиллагааг түр завсарлуулж,  Монголын парламентын түүхэнд гарч байгаагүй захирамжийг гаргах нь тэр. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын ээлжит чуулганыг сум, дүүргийн ИТХ-ын сонгууль хүртэл долоо хоног завсарлага аваад байна.

УИХ-ын дарга М.Энхболд эл үйлдлээ “2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, саналыг нь сонсох зорилгоор чуулганыг завсарлууллаа” хэмээн тайлбарлаж байгаа ч сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд   УИХ-ын гишүүдээр хүч нэмэгдүүлэхийг зорьсон  тактик шүү дээ. Чуулган ч завсарласан, намын дарга  нь  ч орон нутагт ажиллаж эхэлсэн.  Ингэхдээ тэрбээр  УИХ,  Засгийн газрын гишүүнийг хэд хэдээр нь  дагуулж, хэвлэл мэдээллийнхнээр  гоён  сүрийг  үзүүлэхээ мэднэ.  Намын даргаа дагаж яваа нөхдүүд юу боллоо гэж сэтгүүлчидтэй нэг микро автобусанд чихэлдэв гэж.

Тус тусын  570-ыг унаж, томилолтын зардал хийгээд шатахууныхаа мөнгийг төрөөс гаргуулж яваа. М.Энхболдын дагуулсан машины цуваа хамгийн багадаа арав байдаг. Жийп машины мотор  хэд билээ, 100 км-т хэдэн литр шатахуун залгихав гээд тооцохоор овоо хэдэн төгрөг болно. Дээр нь сэтгүүлчийн томилолт гэж бий. МҮОНРТ-ийнхэн өдөр тутмын сонины сэтгүүлчдийн томилолтын зардлаар ажилладаггүй  гэж дуулддаг. Энэ бүхнийг тооцоод үзэхээр МАН төсөвт хэмнэлттэй хандлаа юу. Эл асуудал АН-д ч хамаатай.

АН-аас УИХ-д суугаа есөн гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг дэмжиж, кноп даран  араас нь  намирч одсон. АН-ын бүлэг эл үйлдлээ үгүйсгэж байгаа ч УИХ-ын даргын захирамж   УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 07-ны өдөр гаргасан УИХ-ын ээлжит чуулганыг түр завсарлуулах хүсэлтийг тус тус үндэслэсэн байх жишээтэй.   Тэгэхээр нөгөөдүүлд ч бас но байх нь. Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд  “Хүчтэй сөрөг хүчин байна. Үүнийгээ ч харуулна” хэмээн сүрхий тод зарлан тунхаглаж байсан АН-ын бүлгийн гишүүд мөн л  гудамжинд бэдэрч яваа намынхандаа хүч хавсрахаар ийн  гарч   өгөв. 

Тэгэхээр улс төрийн намууд УИХ-ын чуулганыг түр боловч хугацаагаар завсарлуулж аваад тамир сэлбэхийг илүүд үзсэн нь тодорхой боллоо.  Нөгөөтэйгүүр, МАН-д чуулганыг завсарлуулах түмэн шалтгаан байсан.  Засгийн эрхийг барьсан хугацаанд тэд эргэж буцсан шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар 2000 гаруй  төрийн албан хаагчийг намын харьяаллаар  гудамжинд гаргаснаас  өөрийг  хийгээгүй. 

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараа ч  бүрэн  томилж чадалгүй өнөөдрийг хүрсэн.   Энэ байдлаараа орон нутгийн сонгуульд орвол тэд нам тавиулах нь ойлгомжтой. Түүнчлэн  УИХ-ын чуулганыг завсар­луулахгүйгээр сон­гуулийн өмнө төсөв, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцвэл МАН-ын рейтинг шууд л  унах байлаа. 

Ядаж байхад, 2017  оны төсвийн төсөлд 70-аас дээш настай ахмадуудад насны хишиг олгохоос өөр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх зэрэг иргэдийн амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх ганц ч заалт байхгүй. Хамгийн сүүлд  аж ахуйн нэгжүүдээ “ялгаварлан гадуурхаж” дөрөвхөн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн татварыг 90 хувь хөнгөлөх агуулгатай хуулийн төсөл хэлэлцүүлэхээр оруулж ирж хөгөө хөлдөө чирч орхисон. 

Тиймээс УИХ-ын чуулганыг завсарлуулах нь МАН-ын хувьд хамгийн зөв хувилбар байсан нь мэдээж.  Асуудлыг нөгөө өнцгөөс харвал  УИХ дахь хоёр намын бүлгийн эл шийдвэр  Монгол Улсын  нийгэм, эдийн засагт ашигтай хувилбар мөн үү гэвэл үгүй.   Төр шиг төртэй,  түшээд шиг түшээдтэй улс  мөнсөн бол  өдрөөс өдөрт хямарч  доройтож буй  эдийн засгаа сэргээх гарцыг хамтдаа  хайх  цагсан.   Монголын  төр урьд өмнө  нь хэзээ ч ийм байдалтай байгаагүй юм. 

Улсын нэгдсэн төсвийг   алдагдалтай баталж ирсэн  хэдий ч  УИХ-ын үйл ажиллагааг завсарлуулахгүйгээр хэлэлцээд төсвийн төслийг хугацаанд нь  багтаадаг л байсансан.  Харин нэг нам олонхи болж,  65 кнопыг нэгэн зэрэг дарах болсон цаг үед  бүх  зүйл өөрөөр эргэчих юм.   МАН-ын бүлэг эсвэл Монгол Улсын 2017-2018 оны нэгдсэн  төсвийн төслийг явдал чирэгдэл бололгүйгээр  хугацаанд нь ядах юмгүйгээр  баталчихна гэж үзэв үү. Эцэст нь тэмдэглэхэд, явж явж Ерөнхий сайд маань сэргэлэн загнаж, УИХ-ын чуулган завсарласныг далимдуулаад  гадаадаас хөрөнгийн эх үүсвэр хайхаар арлын орныг зорьж.  Болж байна аа. Түүнийг  нэг удаа ч болов магтая.

Түүнчлэн Ерөнхий сайдын араас УИХ-ын дарга урд хөршид  энэ долоо хоногийн сүүлээр  айлчилна.  Спикерийн энэ удаагийн  айлчлалд эрх баригчид  ихээхэн найдлага тавьж байгаа бололтой.   М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д айлчлахдаа тус улсын нөлөө бүхий улстөрч  Лю- Юньшантай уулзсан.  МАН-ын даргын эрхэм анд нь 20 гаруйхан    хоногийн өмнө  манай улсад улаан хивс дэвсүүлж байгаад л  хариу айлчилсан. 

Тэдний Улаанбаатар дахь уулзалт хоосонгүй. Лю- Юньшан  дарга Монгол Улсын эдийн засагт өгөөжтэй томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлс­ний дээр  Монголын талаас тавьсан урт хугацаатай хөнгөлөлтэй зээл тусламж авах, своп гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд нь дэмжлэг  үзүүлнэ гэсэн гэнэ лээ.   Тэгэхээр   өрийг өрөөр дарахаас өөр ямар ч аргагүй гэж үзэж  буй Засгийн газрын аминд  энэхүү айлчлал орж мэднэ.   Гэхдээ  л  өрийг өрөөр дарж, эдийн засгаа сайжруулна гэдэг юу л бол. Нэг улсаас  байсхийгээд л зээл тусламж авах нь зөв эсэхэд би  хувьдаа таатай хандахгүй байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.