Амьдралынхаа 60 гаруй жилийг боловсролын салбарт зориулж, түмэн олноо “Цагаан толгой”-н гэх тодотголоор танигдсан МУБИС-ийн хүндэт профессор, зөвлөх багш Г.Лхаахүүг “Хүмүүс” буландаа урьж ярилцлаа.
-Та аль нутгийн хүн бэ. Ээж, аав тань ямар хүмүүс байв. Бага насны он жилүүдийн тань дурсамжаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул. Миний эцэг эх ном судрыг хүндэтгэдэг, номын хүмүүс байлаа. Бага насандаа таван хошуу мал сүргийн эгшиглэнт дуу, байгалийн уянгалаг чимээ, аав ээжийн орой маани хөгжөөх дуунд өсч торнисон. Аав минь номтой, түвд бичиг үсэг мэддэг малчин хүн байж билээ. Тэр үед яаж ном эрдэм сурсан байсныг нь мэдэхгүй юм.
Дөрвөн настай байхад аав надаар чулуу хормойлуулж, маани өрүүлдэг байв. Тэр өрсөн маани дээрээ 60 гаруй жилийн дараа очиж, сэргээснээс хойш жил бүр очиж, хүндэлж, биширч явдаг болсон. Зураг хөрөг нь ч манайд хадгалагдаж байдаг. Аав маань намайг бага байхад тэнгэрийн оронд морилсон доо. Харин ээж минь 86 нас зооглосон. Манайх өнөр өтгөн айл. Би эхээс наймуулаа. Дээрээ долоон ахтай айлын ганц охин.
Тийм болохоор ч тэр юм уу эцэг эх минь надад ном эрдмээ өвлүүлсэн байдаг юм. Аав ээждээ туслан хөдөө байж байгаад найман настайдаа сургуульд орсноосоо хойш төв газарт амьдарч байна. Миний ажлын гараа Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэрийн бааз нэртэй бригадын бага сургуулиас эхэлсэн түүхтэй. 16-хан настай хоёр салаа гэзэгтэй охин бага ангийн багш хийж эхэлснээс хойш эдүгээг хүртэл 60 гаруй жилийг ардаа орхижээ.
-Та 16 насандаа багш болсон байх нь ээ?
-Тэр үед долдугаар ангиа төгсөөд техникумд явдаг байлаа. Би багшийн сургуульд нэг жил суралцсан юм. Тэр үеэс багшилж эхэлсэн. Хожим Архангай аймгийн багшийн сургуульд суралцан бага ангийн багшийн мэргэжил эзэмшиж байв. Түүнээс хойш 10 гаруй жил багшилсныхаа дараа хоёр салаа гэзэгтэй охин бус хөдөөгийн сургуульд 20 орчим жил ажилласан туршлагатай, зургаан хүүхэдтэй алдарт эх, өнөр гэр бүлийн эзэгтэй болсон хүн мэргэжлээ ахиулж, хөгжих сэтгэл өвөртлөн Улсын Багшийн Дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэж билээ.
Ангийн оюутнууд бүгд л ЕБС-иа төгссөн залуус. Ажиллаж байгаад элссэн хүн тун цөөн. Тэд насаар дүү хүмүүс байлаа. Сургуулиа онц дүнтэй дүүргэсэн тул Гэгээрлийн яамнаас Багшийн сургуульд багшаар томилж энэ үеэс тус сургуультайгаа хувь заяагаа холбосон юм. Түүнээс хойш сургуульдаа 30 гаруй жил багшилсан байна.
-Ажлын анхны гараа тань Соёлын довтолгоон ид өрнөж байсан тэр үед эхэлжээ. Багш учраас нэлээд үүрэгтэй оролцож байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. 1958, 1959 онд Соёлын довтолгоон ид өрнөж байлаа. Тэр ажилд багш нар дайчлагдана. Залуу ч байж. Зуны амралт болмогц бригадаас морь авчирч өгнө. Тэр үед сүүн тасаг гэж байв. Нөгөө морио өглөө унаж давхиад сүүн тасагт хүрч, саальчин бүсгүйчүүдэд бичиг үсэг заана. Багшлах боломжтой бол шууд л багшлуулдаг байсан. Өглөө мориор очиж хичээлээ заачхаад гэр рүүгээ буцдаг байв. Зуны улирал учраас айлууд голын дагуу зусландаа бууж, миний явдаг замаар дүүрэн айлууд буучихсан байдаг тул би нохойноос айгаад нилээд холуур тойрч явдаг байж билээ.
Соёлын довтолгооны ажилд оролцож, соёлын үр тарилцаж явсан. Тэр үе одоотой адилхан байсангүй. Айлуудад орж, авдарыг нь онгойлгуулж, орны даавуу байгаа эсэх, хүний тоогоор нүүр, гарын алчууртай эсэхийг нь шалгадаг байлаа. Хүн бүрт алчуур байхгүй. Хүн бүрийг өөрийн гэсэн алчууртай, амаа угаах сойзтой болгохоос эхлээд бүх нийтээр бичиг үсэгтэн болгох их үйлст ёстой л унтах нойроо хасаж, гар бие оролцож явсан даа. Дараа нь аймгийн төвд суурьшиж, хань, үр хүүхэдтэй болсон. 1960-аад онд аймгийн МХЗЭ-ийн Бүгд хурлын гишүүнээр сонгогдов. Үүрэг хариуцлага ч нэмэгдэв. ХЗЭ-ийн хорооны ажилчин үйлчлэгч нарыг бичиг үсэг тайлах ажилд бас л томилогдсон.
Тиймээс орой хичээл тарсны дараа хүмүүсдээ бичиг үсэг заадаг байлаа. Хөгжилтэй зүйл их болно. 35 үсгийг нь дэвтэр дээр нь бичиж өгөөд явуулна. Надаас хэдэн насаар ахмад хүмүүс маргааш нь гэрийн даалгавраа шалгуулахдаа нэг амьсгаагаар том “а” бага “а” гээд л үргэлжлүүлээд уншчихна. Залуу байсан болохоор тэр үү, инээдээ барьж дийлэхгүй. Шавь нарынхаа өмнө тачигнатал инээчихдэг байлаа. Тэгээд “Уучлаарай.
Та нарыг шоолоогүй шүү. Хүүхдээс өөр байхаар чинь багш нь та нараар бахархаж инээсэн юм” гээд л тайлбарладаг байв. Соёлын довтолгооны ажилд багш нар их үүрэг гүйцэтгэсэн. Эцэг эхийн хороонд очиж, сонин хэвлэл уншиж өгнө, төр засгийн хийж хэрэгжүүлж буй ажлыг таниулна. Ийм л үйл ажиллагааг явуулж байлаа. Соёлын довтолгооны үр шимээр маш олон монголчууд бичиг үсэг тайлагдсан. Бүр 1960, 1970-аад оны үед бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан Азийн анхны орон болж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн удаатай.
-Анхны юм бүхэн дурсгалтай байдаг. Таны анхны хичээл ямар байв. Тэр үеэ эргэн дурсвал?
-Багшийн сургуульд нэг жил суралцсаныхаа дараа нутагтаа очихдоо Боловсролын хэлтэст сурлагын дэвтрээ бариад очиж байлаа. Харин Боловсролын хэлтсийн дарга “Чамайг сурч байсан газарт чинь хуваарилчихвал хүүхдүүдтэй найзлаад ажлаа хийхгүй байх. Хаана хуваарилдаг билээ” гэж байгаад аймгийн төвөөс 12 км-ын зайтай бригадын сургуулийн багшаар хуваариллаа. Захирал нь ямар хүн бэ гээд асуутал “Д.Тампуулин” гэж байна.
Миний бага ангийн багш байсан учраас би ч дуртай нь аргагүй зөвшөөрсөн. Багын л багш мэргэжилд хайртай байж билээ. Ингээд багш дээрээ томилолтоо бариад очтол, “Конспект гэж мэдэх үү” гэж асуув. “Үгүй” гээд үнэнээ хэлтэл нэг ном өгөөд “Энэ номыг уншаад хүүхдэд яаж өөрийн арга барилаар заахаа бич” гэв. Би ч өөрийнхөөрөө бичээд хичээлээ заасан. Анхны хичээл биеэ барьж, сандарсандаа чичирч байгаа мэт эвгүй байж билээ.
Тэр үеийн хүүхдүүдийн дунд насаар надтай чацуу хүүхдүүд ч байсан. Хичээлээ заахаар ормогц дээл өмссөн ханхайсан залуус сууж байгааг хараад сандраад хөлс гарчихсан. Харин сүүлдээ тайвширч, хоёр дахь өдрөөсөө сандрахаа больчихсон. Өөрөө дурлаж сонгосон юм хойно сайхан байлгүй яах вэ. Намайг багшлаад гурван долоо хоног болж байтал аймгийн Боловсролын хэлтсээс шалгалт ирж билээ. Тэр үед Боловсролын хэлтсийн сурганы кабинетын дарга байсан Даваасүрэн гуай миний хичээлд суулаа. Намайг, шавь нарыг маань шалгахаар ирсэн талаар огт бодолгүй энэ хүн яагаад орж ирсэн юм бол гэж дотроо бодож байв.
Тэгээд тоосон шинжгүй хичээл орж байсан гэрийнхээ баганыг түшиж зогсчихоод л хичээлээ заасаар нэг мэдэхэд бүтэн цаг өнгөрсөн байсан. Залуу байсан учраас зоригтой байсан юм болов уу. Дараа нь миний хичээлийн талаар ярьж, “Чи Багшийн сургуульд нэг жил суралцсан болохоор багшлах ирээдүй байна” гэж хэлсэн. Тэгээд багш хүн биеэ зөв авч явах ёстой гэх мэт амьдралын нарийн зүйлсийг захисан. Түүнээс хойш өдөр өдрөөр суралцсаар гайгүй сайн багш болж чадсан гэж боддог.
-Та ер нь сурлагаар гайгүй хүүхэд байжээ дээ?
-Гайгүй сурагч байсан юм байлгүй. Шинэ жил болох гэж байхад, хоёрдугаар ангийн улирлын дүн гарч, эцэг эхийн хурал болов. Багш маань надад нэг метр гаруй цагаан даавуу, хэдэн ширхэг цохио чихрийг “Онц сурсан учраас шагнал” гэж хэлээд өгсөн юм. Тэр үед “Чи хойд ширээнийхээ хүүхэдтэй их ярьдаг шүү. Хичээл дээр ярьж болохгүй. Хэрэв яриад байвал онц сурч чадахгүй” гэж захиж байсан. Үүнээс хойш хичээл дээр ярихаа больсон. Гэхдээ багшийнхаа талаарх дурсамжийг 2014 онд гаргасан номдоо оруулсан юм.
Багшийн мэргэжил сайхан. Хүмүүс залхаж байна гэж хэлдэг. Би хэзээ ч залхаж байгаагүй. Одоо ч, МУБИС-ийн Багшийн сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж, номоо бүтээлээ туурвисаар л байна. Бага ангийн хүүхдийг сургах үйлд 16 наснаасаа өнөөдрийг хүртэл хувь заяагаар холбоотой явна даа.
-“Цагаан толгойн” Г.Лхаахүү гэж таныг тодотгодог. Таны бичсэн номыг үзэж, маш олон хүн бичиг үсэг тайлагдсан. “Цагаан толгой”-той холбогдсон түүхээсээ сонирхуулаач?
-Бага ангийн багшаар 16 жил ажиллахдаа математик, монгол хэлний хичээлээр тайлбартай дасгалын аргыг хүүхдүүддээ эзэмшүүлдэг, сурагчдынхаа яриаг хөгжүүлдэг багш гэж үнэлэгдэн МУБИС-д монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр суралцахаар оюутан болж дөрвөн жил сурч, сургуулиа дүүргэв. Сургуулиа онц төгссөн тул Боловсролын яам Багшийн сургуульд багшаар томиллоо. Сургуулиа төгсөөд хэдэн жил ажиллаж байтал нэг өдөр гавьяат багш Б.Цэвэгжав гуай намайг сурагласаар сургууль дээр ирж билээ. “Ном бичиж чадах уу” гэж асуув. Хэдийгээр чадах эсэхдээ эргэлзэж байсан ч Б.Цэвэгжав багшийнхаа удирдлага дор анхныхаа “Цагаан толгой”-н номыг 1982 онд бичиж боловсруулан хэвлэлтэд өгсөн.
Тэндээс миний амьдралын нэг их сургууль эхэлсэн гэж боддог. Үндсэндээ 1982-1994 онд Б.Цэвэгжав багштайгаа, 1994-2005 он хүртэл шавь нартайгаа, 2008-2014 он хүртэл бусад багш нар шавь нартайгаа хамтран “Цагаан толгой” сурах бичгийн номоо бичсэн. Номоо таниулахын тулд бага ангийн багш нарт арга зүйг нь ойлгуулахаар 18 аймгаар явж, семинар зөвлөлөө өгч, лекц уншдаг байлаа. Тухайн үед “Хуучин ийм байсан, үүнийг ингэж уламжилж авна, хуучныгаа шинэтэйгээ ингэж холбоно. Чи өөрийнхөө бодол санааг номтойгоо холбосноор чиний бодол санаа, хуучин арга барил, шинэчлэлийг хооронд нь сүлэлдүүлж, яг хярам шиг болгож байж хичээлийг заагаарай” гэж зөвлөдөг байлаа.
Сүү ус хоёр салдаггүйтэй адил багш хүн хуучин, шинийг сүлэлдүүлж, өөрийн ухаантайгаа нийлүүлэн сая нэг амттай хярам шиг болгосны эцэст хичээлээ заах ёстой гэж зөвлөдөг юм. Очоогүй аймаг байхгүй. Ингэж явтал нэг мэдэхнээ “Цагаан толгой”-н Лхаахүү багш гэдэг нэр авчихсан байсан. Эхэндээ багшийнхаа заавраар номоо бүтээдэг байсан бол сүүлдээ өөрөө шавь нараа удирдан долоон настай хүүхдийн сурах бичгийг бичиж, Боловсролын яамны тендерт нэгдүгээр байрт шалгарч байлаа.
Дараа нь зургаан настнуудын сурах бичгийн тендерт орж мөн нэгдүгээр байр эзэлсэн. Ийнхүү улс даяар дагаж мөрдөгдөх сурах бичиг болсон юм. Сүүлийн номыг “Монгол хэл” гэж нэрлэж байгаа. Гэхдээ “Цагаан толгой” гэсэн үг л дээ. 30-аад жилийн турш “Цагаан толгой”-той холбогдож яваа болохоор багш нар ингээд нэрлэчихсэн юм билээ. Аавынхаа нэрийн хажуугаар хийсэн бүтээлээрээ нэрлэгдсэндээ баярлаж явдаг даа.
-Таны зохиосон “Цагаан толгой” номыг ашиглаж бичиг үсэг тайлагдсан хүний тоо хэд хүрч яваа бол?
-Нэг сая 600 мянган хүүхэд миний бичсэн номыг ашиглан бичиг үсэг тайлагдсан гэсэн статистик тооцоо байдаг. Монголынхоо тал хувийг бичиг үсэгтэй болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан минь энэ насны хамгийн том буян байх. Амьдралын зөв замыг нээж өгсөн эцэг эх, багш нартаа баярлаж явдаг. Гавъяаныхаа амралтад сууснаасаа хойш ч сурах бичиг зохиоход шавь нарынхаа хамт ажиллаж байна. Өөрийн амьдралын туршлага, бусад эрдэмтдийн хийсэн бүтээл, гадны туршлагатай уялдуулж бичсэн учраас зургаан настнуудын сурах бичгийг нэлээд чансаатай болсон гэж боддог.
-6, 7, болон 8 насны “цагаан толгой”-г бүтээсэн хүн таниас өөр байдаггүй байх?
-Бага дунд сургуулийн багш нар, хүрээлэнгийн эрдэмтэд сурах бичиг бүтээн хэвлүүлж байсан. Гэхдээ гурван насны сурах бичгийг бичсэн хүн Монголд надаас өөр байхгүй. Б.Цэвэгжав багш 1946 оноос хойш цагаан толгой бичиж байсан. Харин би 1982 оноос хамтарч сурах бичиг бичсэн юм. Тиймээс миний залгамжилсан өв бол яах аргагүй Б.Цэвэгжав багшийн “Цагаан толгой” юм.
-Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Боловсролын салбартаа өнөөг хүртэл 60 шахам жил ажиллаж байна.
-Багшилж байх хугацаанд тохиолдсон, одоо ч тодхон санагддаг дурсамж байдаг байх. Бидэнд сонирхуулбал?
-Багш, шавь хоёр их ойр харилцаатай байх ёстой болов уу. Хичээлийн үеэр болсон сонин дурсамж бий. Нэг удаа дадлага удирдахдаа хүүхдийн өмнө гармагцаа нэг ч үг дуугарч чадахгүй зогсчихдог оюутантай таарч билээ. Анхны хичээл заахынх нь өмнө хамтдаа сайтар бэлдээд хичээлдээ ортол, юу ч дуугарч чадахгүй зогсчихдог байгаа. Би ч хүүхдүүдэд мэдэгдэхгүйн тулд “Багшийнх нь бие өвдсөн байна” гэж хэлээд өөрөө хичээлийг нь үргэлжлүүлж байсан удаа бий. Дараа нь дуудаж авчраад өөртөө хичээл заалгаж, ангийнхаа хүүхдүүдэд хичээл заалгасаар “нүүрийг нь хагалж” байж билээ. Нүүр хагарна гэж байдаг юм. Одоо тэр оюутан тун сайн багш болсон.
-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Багш хүн хүүхдийн сэтгэхүйд үр тарьж түүнийгээ ургуулдаг цэцэрлэгч. Хүнийг хөгжүүлдэг, сайхан сэтгэлийг бий болгодог. Ялангуяа бага ангийн багш. Цав цагаан цаас шиг цэвэрхэн сэтгэхүйтэй хүүхдийн оюун ухааныг нь хөгжүүлж байна гэж бодох хамгийн сайхан мэдрэмж байдаг. Хүнд тус хүргэж, хүнийг мэдлэгтэй болоход нь тусалж, нөлөөлж, үлгэрлэж буй нь багш мэргэжлийн хамгийн сайхан чанар байх. Амьдрал дээр бол хаана ч очсон багш хүн аяга цай олоод уучихдаг юм билээ. Багш ирлээ гээд хоол хүртэл бариад ирдэг юм. Нэг талаар хүний амьдралд, нөгөөтэйгүүр, нийгэмдээ тустай мэргэжил.
-Цав цагаан цаас шиг хүүхдийн сэтгэхүйд анхны зургийг нь зурах хүн бага ангийн багш гэж та хэллээ. Ер нь муу сурагч гэж байдаг уу. Мэргэжлийн хүний хувьд?
-Муу сурагч гэж байдаггүй. Харин сайн ажиллах шаардлагатай сурагч байдаг. Хүн бүрийн оюун ухааны шинэ зүйлийг хүлээж авах, тогтоох чадвар нь харилцан адилгүй байх нь бий. Тухайн багшийн урд 26 сурагч сууж байна гэж төсөөлбөл, тэнд 26 өөр ертөнц байгаа. Тэр ертөнцийг танин мэдэж, хүүхдийг “муу” гэх нэрээс салгах нь багшийн үүрэг, хариуцлага. Сул сурлагатай хүүхдийн оюун ухааных нь хөгжил бусдаасаа хоцорчихсон байдаг. Түүнийг нь нээж, хөгжүүлэх үйл ажиллагааг багш хүн хийх ёстой.
Тийм ч учраас шинэ номоо хүүхдийг хөгжүүлэх тал дээр нь анхаараасай. Үсэг уншуулж, цээжээр нэг үг бичүүлж сургахын оронд анхаарлыг нь төвлөрүүлж, шилжүүлж сургах, сэтгэн бодох, харьцуулах чадварыг нь хөгжүүлээсэй гэдэг талаас нь бичсэн юм. Багш өөрөө жигд ажиллаж чадвал муу сурлагатай хүүхэд бараг гарахгүй. Шавийн эрдэм багшаас гэдэг. Угтаа тухайн хүүхдийн оюун ухааныг танин мэдэж ажиллах хэрэгтэй юм.
-“Оюуны мэлмий нээх гэгээн судар” гэх шинэхэн номын тань нээлт өнөөдөр болно. Номоо бүтээхэд хэдий хэрийн хугацаа зарцуулав?
-1982 оноос хойшхи “Цагаан толгой”, Монгол хэлний сурах бичиг дээр ажилласан 30 гаруй жилийн хугацаанд бүтсэн ном гэж ойлгож болно. Өнөөдрийг хүртэл найман настны, дараагийнх нь долоон настай хүүхдийн, зургаан настны, малчин хүүхдийн, бичиг үсгийн боловсролгүй хүүхэд, албан бус боловсролын гэх мэт олон төрлийн цагаан толгойг бүтээхэн гар бие оролцсон байна.
Энэ бүгдийгээ нэгтгээд, алдаа дутагдлаа засч, өмнөх ололтоо бататган хойч үедээ сурах бичиг хийхэд гарах алдаа, амжилтын талаар бичиж үлдээе гэсэн сэтгэлээр сурах бичгээ бүтээлээ. Миний 30 жилийн бүтээл гэхэд хилсдэхгүй. “Цагаан толгой” сурах бичгийг зохиоход онолын тун өвөрмөц төвшин шаарддаг юм. Нэгдүгээр ангийн сурах бичигт хэдэн үсэг бичээд болчихно гэж зарим хүмүүс ойлгодог. Гэтэл үгүй. Тэнд хүнийг хүн болгох, хүүхдээ хөгжүүлэх, эрдэм номд шамдуулах гэх мэт зүйлийг цогцоор нь бодож боловсруулдаг. Тэр бүрийг нэгтгэн номоо гаргалаа.
-Бидний яриа мэргэжлийн чиглэлээр илүүтэй өрнөлөө. Одоо таны хувийн амьдралыг сонирхмоор байна. Та одоо хэдэн ач, зээтэй болж байна вэ?
-17 ач, зээ, найман гучтай. Ач, зээ, гучаа харахаар сэтгэл баясаж хүний ертөнц их өөрчлөгддөг юм байна. Тэднийгээ хэрхэн танин мэдүүлэх, зөв хүмүүжүүлэх вэ, яаж сайн хүн болгох гэсэн сэтгэл өөрийн эрхгүй л төрдөг юм билээ. Тэгээд л тэдэндээ зориулж шүлэг хүртэл тэрлэсэн шүү.
-Таныг шүлгээс гадна урын сандаа дуутай гэж сонссон?
-Дуу бий бий. Ер нь хүнд аав ээж, төрсөн нутаг юу юунаас илүү эрч хүч өгдөг юм билээ. Аавынхаа маани өрсөн уулан дээр нь 2008 онд очиж, чулууг нь сэргээсэн юм. Тухайн үед нутаг орноо харж, өөрийн бага насны дурсамжаа санагалзан зогсч байтал аав, ээжийн тухай шүлгийн санаа төрсөн. Шүлгээ тэр ондоо бичээд хадгалчихав. Гэтэл нэг удаа шүлгээ дуу болгоё гэсэн бодол төрөх нь тэр. Тэгээд л дуу болгосон. 2014 онд урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Бямбабаяраар ая хийлгэснээр “Ээж аав минь” гэх дуу минь бүтсэн түүхтэй. Түүнчлэн, нутгийнхаа ойд очих үедээ “Нутагтаа ирлээ” дууныхаа шүлгийг бичиж, аяыг нь мөн л Б.Бямбабаяр зохиож, МУГЖ С.Ганзориг дуулсан юм. Хоёр сайхан дуу бий. Тун удахгүй “Монгол бүсгүй” гэх шүлэг минь дуу болох байх.
-Урын сандаа хэчнээн шүлэгтэй вэ. Ер нь ном гаргая гэж бодож байсан уу?
-30-аад шүлэг бий. Шүлэг бүрт санаа хэрхэн төрснийг тэмдэглэсэн тайлбартай. Шүлгийн ном гаргая гэсэн бодол бий. Одоо сурах бичиг дээр ажиллахгүй байгаа учир чөлөөт уран бүтээлдээ анхаарч байгаа.
-Цагаан толгой дээр таны бичсэн шүлэг бий юу?
-1996 оны “Цагаан толгой” дээр ихэвчлэн таавар шүлэг бичиж хэвлүүлсэн. Тухайлбал, “Авдар гэсэн үгэнд А үсэг шамдан оролцов. Адил тэнцүү эрхтэй шүү гэж анхны а өндөлзөв” гээд эхэлдэг. Энэ мэтээр сурах бичигт бий. Тэр бүрийг оролцуулаад ном гаргая гэж бодож байгаа.
-Мэргэжлийн чиглэлээр бичсэн ном, сурах бичгийн тоо хэд болж байна?
-Мэргэжлийн чиглэлээр 50 гаруй сурах бичиг, өгүүлэл бий.
-Хүүхдүүдээс тань таны мэргэжлийн өвлөсөн хүн бий юу?
-Байгаа байгаа. Зургаан хүүхдийн маань дөрөв нь миний мэргэжлийг өвлөж авсан, хоёр хүүхэд маань докторын зэрэг хамгаалсан хүмүүс бий, хоёр нь эдийн засагч, эмч мэргэжилтэй. Хамгийн том нь эдийн засагч.
-Ач, зээ нар тань өөрийн тань бичсэн “Цагаан толгой”-гоор бичиг үсэг тайлагдаж байна. Таниар бахархдаг байх?
-Хамгийн бага хүүхэд маань миний бичсэн “цагаан толгой”-г үзэж байсан юм. Ач нар ч гэсэн мөн адил. Тэд миний эмээгийн “цагаан толгой” гээд ихэд хүндэлж, хайрладаг юм билээ.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Манай нөхөр худалдааны гавъяат ажилтан н.Бэгз гэж хүн бий. Олон жил улс, нийгэмд төрийн ажил хийж явсан. Бид хоёулаа өндөр насны тэтгэвэртээ суусан.
-Ажлын өрөөний хананд тань маш олон медалиуд байна. Ямар ямар шагнал урамшуулал хүртэж байсан бэ?
-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонг тус тус хүртэж явсан. Олон нийтийн байгууллагаас аваагүй шагнал гэж бараг байхгүй. Саяхан гэхэд Оюунлаг эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбооноос “Алтан од” шагналыг авсан. Хэдэн жилийн өмнө шавь нар маань надад “Ард түмний гавъяат” гэсэн цол өгч билээ. Их гоё үгтэй. “Ард түмний санал асуулгаар энэ шагналыг танд гардуулж байна. Энэ бол таны хөдөлмөрийг үнэлж буй хэрэг бөгөөд ард түмний дээд шагнал юм” гэсэн бичигтэй. Шавь нар маань өгсөн учир их хүндэтгэлтэй хадгалдаг.
Багшийн хүний ажлын бодит дүр төрхийг тодорхой өгүүлсэн оюунлаг, сэтгэлд хүрсэн сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын амьдрал тань аз жаргал, уран бүтээлд тань дундрашгүй эрч хүч цогцолж байхын ерөөлийг дэвшүүлье.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.