Лувсандашийн Нинжжамцыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ

Лувсандашийн Нинжжамцыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ

Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жилийн турш хөдөлмөр, зүтгэлээ зориулсныг минь өндрөөр үнэлсэнд баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн сэтгүүлч, эрх зүйч Л.Нинжжамцыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Л.Нинжжамц нь 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж, бие даасан чөлөөт хэвлэл болон олон нийтийн статустай, хараат бус үндэсний хэмжээний радио, телевизийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулж иржээ.

Түүнчлэн тэрбээр 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.

Л.Нинжжамц нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох үйл явцад гар бие оролцож, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албыг хариуцан үр дүнтэй ажиллаж ирсэн байна.

Тэрбээр ийнхүү хэвлэл мэдээллийн салбарт 30 орчим жил ажиллахдаа, “Сонины зар сурталчилгааны менежмент”, “Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент” зэрэг 6 ном, “Сэтгэл мэднэ”, “Эрт нахиалсан сарнай”, “Хавар”, “Хамгийн азтай үе”, “Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино, “Гэргий”, “Дурлаж болохгүй бүсгүй” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Халхын голд байгуулсан гавьяа”, “Тусгаар тогтнолын товчоо”, “Тахал”, “Өв соёлын өлгийн нутгаар” баримтат киноны продюсерээр ажиллаж, МҮОНТ-ийг тоон технологид бүрэн шилжүүлж, MNBSport, MNBWorld, MNB Гэр бүл сувгуудийг санаачлан бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулсан чөлөөт хэвлэлийн шилдэг менежер, уран бүтээлч аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ