Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Элчин сайд Шэн Миньжуанийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Элчин сайд Шэн Миньжуанийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шэн Миньжуанийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хатагтай Шэн Миньжуаныг Монгол Улсад ажиллах Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргээд хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин бэхжиж ирснийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард Ковид-19-ийн халдвар дотоодод бүртгэгдсэнээр шинжилгээ хийх лабораторийн хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлага гарсан үед Элчин сайдын яамаар дамжуулж БНХАУ-аас дэмжлэг хүссэний дагуу манай улсад ПГУ лабораторийг буцалтгүй тусламжаар олгосон болон үүнээс хойш олон удаагийн буцалтгүй тусламжаар Пи Си Ар лаборатори, эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг өндөр үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг илгээж цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ.
Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун Синофарм үйлдвэрлэгчийн Вероселл технологийн Кор Ви вакциныг манай улсад хандивласныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахад бүрэн ашигласан. Мөн Эрүүл мэндийн сайд БНХАУ-ын “Синофарм” групп, Бээжингийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй гурвалсан гэрээ байгуулж 4,0 сая тун вакциныг худалдан авч, насанд хүрсэн хүн амаа вакцинжуулсан. Эдгээр тусламж, дэмжлэг нь цар тахлын хүнд хэцүү үед Монгол Улсын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой үр дүнтэй байсан төдийгүй эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой томоохон хөрөнгө оруулалт болсныг тодотгов.

Хатагтай Шэн Миньжуань манай хоёр улсын хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-аас Монгол Улсад сууж байгаа 18 дахь Элчин сайд бөгөөд анхны эмэгтэй Элчин сайд юм. Тэрбээр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын орлогч захирлын албыг хашиж байгаад манай улсад томилогдон ирсэн. Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудад ажилласан туршлагатай дипломатч юм.
Элчин сайд цар тахлын хүнд үед манай хоёр улс “Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг” гэдгээр бие биедээ хандаж харилцан тусласныг онцлоод Монгол Улс 30 мянган хонь бэлэглэсэнд талархал илэрхийлсэн.
Тэрбээр энэ өвөл Монголд төдийгүй Хятадын хойд нутгаар цас ихтэй, зарим газарт агаарын температур -50 хэм хүрч хүйтэрч өвөлжилт хүндэрсэн ч БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас Монгол Улсын зудтай аймгуудад тусламж үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнгөрсөн даваа гаригт МУЗН-ээр дамжуулан Төв аймгийн малчдад тусламжийг хүргэснээ ярьсан. Мөн ийм тусламжийг Өвөрхангай аймгийн цаг хүндэрсэн сумдын малчдад үзүүлэхээр болсныг ч дуулгав.

Уулзалтаар хоёр улсын харилцааны чухал хэсэг болсон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороо хооронд 2024-2027 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлахад бэлэн болсон болон манай талаас эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтад хамруулах, эмчилгээ оношилгооны шинэ технологи, арга зүйгээс суралцах зэрэг олон чиглэлд хамтын ажиллагааг өрнүүлэхэд санал нэгдлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ