Ерөнхий сайдад 2030 он гэхэд утааг арилгах санаачилга хүргүүлжээ

Ерөнхий сайдад 2030 он гэхэд утааг арилгах санаачилга хүргүүлжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

 Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

“Цэлмэг тэнгэр” санаачилгын тухай

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод шийдэгдэлгүй удаж байгаа тул эх оронч сэтгэлтэй бидний хэсэг нөхөд өнгөрсөн 6 сарын хугацаанд агаарын бохирдлын өнөөгийн бодит байдал, сорилт, шийдэх арга зам, бусад орны туршлагын талаар олон хүнтэй уулзаж, санал солилцон, судалгаа явуулсан юм. Энэхүү судалгаанд суурилж, агаарын бохирдлыг арилгах “Цэлмэг тэнгэр” санаачилгын баримт бичиг боловсруулснаа Танд толилуулж байна. 

1. Утаа, агаарын бохирдол бол нийтийн дайсан юм. Нийтийн дайсныг бид өөрсдөө бий болгосон учир түүнийг дарж арилгах эсэх нь биднээс л хамаарна. Тийм болохоор утаа, агаарын бохирдлыг бууруулах биш, 2030 он гэхэд бүрэн арилгах зорилт дэвшүүлэв. Энэ нь Улаанбаатар хот ДЭМБ-ын стандартаар дэлхийн цэвэр агаартай хотуудын эгнээнд шилжинэ гэсэн үг.

2. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолтой холбоотой төрөл бүрийн чиглэлээр гадаад, дотоодын 30 орчим судалгаа хийгджээ. Нэгэн судалгаагаар гэр хорооллын цэцэрлэгийн хүүхдүүдийн цусанд хүнд металл буюу хар тугалга агуулагдаж байгааг тогтоосон байна. Энэ талаар эцэг, эхэд нь хэлж зүрхлээгүй өнгөрснийг мэдэхэд зүрх шимширч байв. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулдаг нэгдлүүдээс хамгийн хортой нь болох PM2.5 тоосонцор нь Монгол Улсын агаарын чанарын MNS4585:16 стандартад заасан хэмжээнээс 2.1 дахин их гэх боловч ДЭМБ-ын стандартаар тооцвол хүлцэх хэмжээнээс 6 дахин их байна.

3. Агаарын бохирдол амьсгалаар дамжиж хүний бүх бие эрхтэнд хүрч, амьсгалын болон зүрх, мэдрэлийн олон өвчин тусах суурь шалтгаан болж байна. Хүүхэд өвдлөө гэхэд эцэг, эх нь ажлаасаа, хүүхэд хичээлээсээ чөлөө авна, ажил унаж, боловсрол тасалдаж, авсан цалингаа эм тарианд зарцуулж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шинэ эмнэлэг барих зардал нэхэгдсээр байна. Боломжтой нэг нь эмчилгээнд гадаад руу мөнгө урсгахтай зэрэгцээд гадаадынхан өвлийн цагт Улаанбаатар хотыг гамшгийн бүсэд тооцож ирдэггүй тул худалдаа, үйлчилгээний орлого зогсонги байдалд ордог. Чухамхүү нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бүтээмжийн алдагдал болон ажилтнуудын ажил таслах гол шалтгаан нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл юм.

4. Улаанбаатар хотод угаарын хийгээр хордсон тохиолдол түүхий нүүрсний хэрэглээг хориглохоос өмнө 100,000 хүн тутамд 6 бүртгэгдэж байсан бол шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойших хугацаанд 40 болж хэд дахин нэмэгджээ. Төр засаг угаартах нүүрсийг хямд үнээр нийлүүлж, угаартахаас сэргийлэх тоног төхөөрөмж айл өрхөд суурилуулж хүмүүсийн амийг аварснаа амжилт мэт ярьж, түүнд дасаж байгаа нь зөөлөн хэлэхэд парадокс, хатуугаар хэлбэл эмгэнэлтэй буруу бодлого. Бид буруу бодлогоосоо зоригтой татгалзаж, жил дараалан 160 мянган айл өрхийн гаргаж байгаа утааг арилгах бодлого явуулж чадвал 2030 он гэхэд Улаанбаатар болон аймгийн төв, суурин газар агаарын бохирдол гэх толгойн өвчнийг түүх болгож чадна.

5. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Дэлхийн банкны аргачлалаар агаарын бохирдлын нийгэм-эдийн засагт учруулж буй хор хохирлын хэмжээ ДНБ-ий 4.6%-тай тэнцэж байна. Бид үнэндээ бүрэн хэмжиж чадахгүй байна. Хүний амь нас, эрүүл мэндийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй.

6. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон намууд мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг бууруулах талаар олон амлалт өгсөн нь энэхүү “Цэлмэг тэнгэр” санаачилгыг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх бодлогын үндэс болж байна.

 

“Цэлмэг тэнгэр” санаачилга нь агаарын бохирдлыг арилгах бодлогын болон хууль эрх зүйн шинэчлэл, технологи, санхүүгийн шийдэл, хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцоо зэрэг олон хэсгээс бүрдэж байгаа юм. Онцолбол:

Дулаалах аян өрнүүлнэ. Тэвнийн сүвээр тэмээн чинээ жавар ордог. Дан бүрээстэй гэрийг өдөржин галлавч олигтой халдаггүйтэй ижил бид түлш, дулаан, цахилгаанаа үр ашиггүй барсаар, эрчим хүчний салбар туйлдаж байна. Иймд, Улаанбаатар хотын хэмжээнд гэр, орон сууц, байшинг дулаалж, гэрчилгээжүүлэх аян өрнүүлнэ. Энэ хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийг урамшуулж, хяналт, шаардлага тавина.

Дулааны алдагдал ихтэй байшин нэмж барихыг зогсооно. Барилгын стандартыг олон улсын стандарттай (Канад, Шведийн) нийцүүлэн шинэчилж, бүх орон сууц, байшинг халаалтын зардлын хувийн хэрэгтэй болгоно. Түүнчлэн, дулааны алдагдал бага, эрчим хүчинд ээлтэй, цонхтой, агааржуулагчтай, өндөр хана, хаалгатай монгол гэрийн шинэ дизайн гаргаж дэлгэрүүлэх талаар бодох нь зүйтэй юм. Дээр дурдсан дулаалгын аян болон барилгын шинэ стандартыг нэвтрүүлж, хатуу хяналт тавьж хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын халаалтын хэрэгцээг 40 хүртэл хувь бууруулж, тэр хэмжээгээр агаарын бохирдлыг арилгах боломжтой.

Түлшээ солино. 2025 оны намраас Улаанбаатар хотод нүүрсний шахмал түлш түлэхээс үе шаттай татгалзаж, 2030 он хүртэл илүү сайжруулсан буюу утаагүй цэвэр түлш хэрэглэнэ. Тэр хүртэл (1) ой цэвэрлэх болон бусад хаягдал боловсруулах замаар хорголжин түлш, (2) хагас коксын шахмал түлшийг тус тус үйлдвэрлэж айл өрх, аж ахуйн нэгжид түгээнэ. Одоогийн нүүрсний шахмал түлшний үйлдвэрүүдийг хагас коксын шахмал түлш болон мод, үртэс, аргал зэргийг ашигласан хорголжин түлшний үйлдвэр болгон өөрчилнө. Ой модтой аймаг, сум бүр хорголжин түлшний жижиг үйлдвэр, цех байгуулна. Хагас кокс болон хорголжин түлшний үйлдвэрлэлд шаардлагатай машин, тоног төхөөрөмжийг импортоор олон тоогоор хямд авч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх шаардлагатай.

Диметилийн эфир (Хийн түлш). Ирэх 5 жилийн хугацаанд хүрэн нүүрсийг гүн боловсруулах замаар диметилийн эфирийн түлшийг үйлдвэрлэх үйлдвэрийг 2 үе шаттайгаар ашиглалтад оруулж гэр хорооллын айл өрхийг 100% хийн түлшээр хангана. Энэхүү үйлдвэр нь Герман, Франц, Япон, БНХАУ-ын батлагдсан технологиудыг нутагшуулан жилд нийт 200,000 тонн диметилийн эфирийн түлшийг үйлдвэрлэх юм. Диметилийн эфирийн түлш нь утаагүй хийн түлш төдийгүй ердийн хийн түлштэй /нефтийн шингэрүүлсэн түлш/ харьцуулахад молекулдаа хүчилтөрөгч агуулдаг тул шатахдаа усны уурыг үүсгэж гэрийн дотоод агаарыг чийгшүүлэн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.

Урамшуулал, дэмжлэг. Түлшийг бүрэн шатаах, гэр сууцыг халаах, байр сууцыг дулаалах, дулааны алдагдал багатай сууцны хорооллуудыг барих талаар хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн гаргасан олон санал санаачилга байна. Тэдгээрийг бодитоор дэмжих хэрэгтэй байна. Тухайлбал, тоног төхөөрөмж, материалыг нь гааль, НӨАТ-аас чөлөөлөх, эхний жилүүдэд орлогын албан татварыг хөнгөлөх, төрийн болон хувийн их, дээд сургууль, ШУА-тай хамтран ажиллаж, инновац нэвтрүүлэхэд нь туслах боломж байна.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглана. Нарны илч, газрын гүний дулааныг шууд ашиглах буюу цахилгаан эрчим хүчид хувиргадаг тоног төхөөрөмж, түүнд тулгуурласан халаалтын, цахилгаан ба дулаан хураагуурын тоног төхөөрөмж, эд ангийг мөн адил гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Монголд тийм үйлдвэр байгуулбал хөрөнгө оруулагчид ээлтэй, элэгдэл тооцох зарчмыг хэрэгжүүлж, орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх буюу зарим төрлийн зардлыг албан татвар ногдох орлогоос суутгана.

Эрх зүйн шинэчлэл. Олон хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож буй бөгөөд агаарын бохирдолтой холбоотой төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагаа, харилцан хяналтын тогтолцоог бий болгоно. Агаарын бохирдлыг нэмэхгүй байх, эрчим хүч хэмнэх талаар олон нийтийн ойлголт, ухамсрыг дээшлүүлэх мэдээлэл, сургалтын аяныг тогтмол хэрэгжүүлж, хууль зөрчсөн аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд хариуцлага тооцдог болно.

Гадаад санхүүжилтийн боломж. Монгол Улстай стратегийн түншлэл бүхий орнуудын засгийн газар, мөн байгаль дэлхийгээ хайрлах, эрчим хүч хэмнэх сонирхол бүхий Ногоон уур амьсгалын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн Банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, агаарын бохирдлыг арилгах зорилго бүхий аливаа төсөл, санаачилга, бизнест шаардлагатай санхүүжилтийн үүсвэрийг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн кредитийн схемийг өргөн хүрээнд ашиглана.

Дотоод санхүүжилтийн боломж. Монголбанкны мөнгөний бодлогын хүрээнд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүг бууруулж, зээлийн хугацааг уртасгах зохицуулалтыг хийнэ.

Санаачилгыг хэрэгжүүлэх журам, зохион байгуулалт. “Цэлмэг тэнгэр” санаачилгыг онцгой журмаар, нэгдсэн зохион байгуулалттай, олон нийтийн оролцоо, санхүүгийн ил тод хяналтын дор хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүргэнэ. Ингэхдээ салбар хоорондын зохицуулалт шаардагдах тул Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын шууд удирдлага дор байж, Засаг дарга нар биечлэн хариуцаж ажиллах нь зөв гэж үзэж байна.

Дэлхий газрын тос, байгалийн хийгээс татгалзах тухай ярьж байхад бид нүүрсээр галлах тухай ярьж байгаа нь зууны хоцрогдсон сэтгэлгээ. Энэ дашрамд тэмдэглэхэд, нүүрсний сүлжээ бизнес нь шийдэлгүй, үр ашиггүй, авлигажсан, зохион байгуулалтын шинжтэй болсон нь ажиглагдсан тул түүнийг тасалж, нүүрснээс өөр түлш үйлдвэрлэж, хэрэглэгчдийг хангадаг болгох нь Засгийн газрын л дийлэх ажил юм.

Эх орныхоо төлөө сэтгэл зовнисон нөхдийн боловсруулсан энэхүү баримт бичгийг төр засгийн эрхэм түшээд, мэргэжилтнүүд улам чамбайруулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг арилгах төр-хувийн хэвшил-иргэний оролцоотой “Цэлмэг тэнгэр” санаачилгыг онцгой журмаар нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлнэ” гэсэн заалт оруулж, тууштай хэрэгжүүлэхийг өвөл хотоос зайдуу гарч, цэвэр агаарыг цагаар амьсгалж, амь тэмцэж буй нийт хүмүүс, эрүүл орчинд өсөж бойжих эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхэд бүрийн өмнөөс хичээнгүйлэн хүсэж байна. Энэхүү нүсэр ажлыг шилэн, тогтвортой үйл ажиллагаатай, нээлттэй хувьцаат компаниар (public-private partnership) гүйцэтгүүлбэл илүү үр дүнд хүрнэ гэсэн сонирхолтой санал ч гарсныг дуулгая.

Манай багийн гишүүд хийсэн судалгаа, санал, аргачлал, хэмжүүрийнхээ талаар төр засгийн хүмүүст болон олон нийтэд танилцуулах, сурталчлах, мөн хэрэгжүүлэхэд хамтран ажиллахдаа баяртай байх болно. 

Хавсралт: Агаарын бохирдлыг арилгах “Цэлмэг тэнгэр” санаачилгын баримт бичиг

     

Хүндэтгэсэн,

                                  САНААЧЛАГЧ                                                П.ЦАГААН 

Хувийг:

  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд     Л.Гантөмөр
  • Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд

 

 

 

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ