Энэ сар шинийн баяраар хоёр л өдөр амарч даваа гарагт ажил цуглана. Гэхдээ 11-11 төвд иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу сар шинийн баярын өдрийн амралтыг өөрчлөх эсэх асуудлыг Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар "Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанаар цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр зохицуулах асуудлыг хэлэлцэх бөгөөд долоо хоногийн хугацаанд 11-11 төвд нийт 257 иргэн санал гомдол гаргасан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Өмнө нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хөдөлмөрийн хуульд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3-ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно.
Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна” хэмээн тайлбарлаж байсан юм.