ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар орон нутагт ажиллан яаралтай тусламж үзүүлэхээс гадна эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношилгоо болон мэс засал хийж байгаа аж. Энэхүү ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажил болж байгаа юм.
ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар 2023 онд 14 удаа алсын дуудлагаар ажиллаж, орон нутгийн 12 иргэнд мэс засал эмчилгээ хийсэн байдаг. Тэгвэл 2024 онд 28 удаагийн үйл ажиллагаагаар 27 иргэнд мэс засал хийжээ. Цаашид цээжний дурангийн мэс засал эмчилгээг түлхүү хийх, арга технологийг нутагшуулах, нийслэл болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж, чадавхжуулахад анхаарах ажээ.