Засгийн газрын хуралдаанаар ахмад настан, алдар цолтнуудад нэмэгдэл, хөнгөлөлт олгох, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг явдлыг таслан зогсоох, Шилэн дансны хуулийн хэрэгжилт зэрэг 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Алдар цолтнуудад нэмэгдэл, хөнгөлөлт олгоно
Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу 65 буюу түүнээс дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа аж. Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд дөрвөн бүлэг, 17 зүйлтэй.
Ахмадуудад лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх явуулын үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээтэй дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний талаархи мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх зэрэг шинэлэг хэлбэрийн ажлыг хэрэгжүүлэхэд 750 сая төгрөг зарцуулахаар төлөвлөв.
319 иргэний хилийн хоригийг цуцалжээ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд санал дүгнэлтээ танилцуулжээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахласан тус Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулан ажилласан байна.
Ажлын хэсэг хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн талаархи судалгааг хийж, санал дүгнэлт гаргажээ. 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191, нийт 5582 иргэн бүртгэлтэй байсан байна. Харин ялын хугацаа дууссан, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын 298 иргэн, гадаадын улсын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлажээ.
Үүнд прокурорын байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 164 иргэн, гадаад улсын 13 иргэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 128 иргэн, гадаад улсын хоёр иргэн, шүүхийн шийдвэрээр Монгол Улсын зургаан иргэн, гадаад улсын зургаан иргэн тус тус хамрагдсан байна.
Мөн тухайн хүнд өөрт нь мэдэгдэлгүйгээр төрийн албан хаагч дур зоргоороо авирлаж хилийн хориг тавьдаг, хориг тавьчихаад түүнийгээ таг мартдаг асуудлыг нэг мөр цэгцлэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах, түүнийг цуцлах үйл ажиллагааг нэг цонхоор явуулах, хилээр гарахыг түдгэлзүүлсэн иргэдийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн сантай болох нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг ямар албан тушаалтан хэзээ гаргасан, хэзээ цуцлахыг тодорхой заах, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудад холбогдох өөрчлөлт оруулах санал гаргасан байна.
Хуулиас давсан заалттай 86 шийдвэрийг хүчингүй болгожээ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд одоо бүртгэлтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой Сайдын тушаал 168, Агентлагийн даргын тушаал 25, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж 44 нийт 237 шийдвэр байгаа аж. Уг 237 захиргааны хэм хэмжээний актыг Ажлын хэсгийн хүрээнд хянан үзээд холбогдох хуулиудад нийцээгүй 100 шийдвэр байсныг тогтоож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Ажлын хэсэг мөн өнөөдөр байгаа 1400 гаруй нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин бууруулж, зөвшөөрснөөс бусдыг хориглох бус хориглосноос бусдыг зөвшөөрч,эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санал гаргасныг Засгийн газар дэмжсэн байна.
Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн буруутай үйлдлээс болж 15 тэрбум 319 сая төгрөгийн хохирол учирчээ
Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15.319.861.889 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 23 аж ахуйн нэгжид 25 гүйцэтгэх баримт бичгийн 11.843.753.084 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.
Нөхөн төлбөр төлөх болсон шалтгааныг судлаж үзвэл, худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай холбоотой, татварын өрөнд хуулийн этгээдээс хураасан орон сууцыг завшсан сумын Засаг даргатай холбоотой, шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар Төлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гаалийн байцаагчтай холбоотой төрийн албан хаагчдад холбогдох нэхэмжлэлд хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байжээ.
Тиймээс цаашид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн өр төлбөрийг төр хариуцаад өнгөрөх биш тухайн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг байх хууль журам боловсруулахаар тогтлоо. Засгийн газрын хуралдаанаар Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгагдсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгаж, хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох сайд нарт даалгажээ.
Мөн Засгийн газар, яам, агентлагийн төвшинд хэрэгжүүлэхээр санал болгосон арга хэмжээг яам, агентлагийн төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж 2017 оны II дугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын дарга Ж.Мөнхбат, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд үүрэг болгожээ.