Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсанд нэгэн нийтлэл нийтэлсэн байна.
Тэрбээр "Өнгөрсөн 35 жилийн хугацаанд өмч хувьчлал яг юу болоод өнгөрснийг их анхааралтай судалж, хандах ёстой. Өнгөрсөн хугацаанд 2100 орчим Төрийн өмчит компаниа 1991 оноос хойш хувьчилсан. Гэтэл эргээд харахад хувийн хэвшилд суурилсан эдийн засгийг бий болгож чадсан уу гэвэл чадаагүй гэдэг нь өнөөдрийн үр дүнгээр харагдаж байна.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9%). Энэ бол төрийн монопол тогтсон байна гэж ойлгож болно.
За ингээд нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5%), Эргээд тавьсан нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6% (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7%)-тай тус тус тэнцэж байна.
Нийт хөрөнгийн 63% буюу 37.4 их наяд төгрөг, нийт орлогын 63% буюу 16.4 их наяд төгрөг, нийт өр төлбөрийн 29% буюу 6.6 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын дүн эзэлж байна. Энэ тоо юуг хэлж байна гэхээр хувийн хэвшил давамгайлсан эдийн засаг биш төрийн монопол давамгайлсан эдийн засгийг бий болгосон гэж дүгнэж болно.
Мэдээж өмч хувьчлалд хардлага сэрдлэг их байгаа. Манайхан Сингапурын Тимасек компани дээр 108 удаа очсон, Норвегийн үндэсний баялгийн сан дээр 100 гаруй удаа очсон юм байна лээ гэж би ерөөсөө дэгсдүүлж яриагүй шүү. Энэ бол бодитой тоо хэлж байгаа юм.
Компанид нь байгаа сейфнийх нь мөнгөөр компанийг нь худалдаад авч байсан түүх ч байгаа. Энэ мэт маш их газрыг нь лицензүүдийг нь худалдаад авчихсан түүх ч байгаа. Энэ талбайн хажууд байгаа хуучин хэвлэх үйлдвэрийн газрын үнэ 20 тэрбум төгрөг хүрч байгаа. Гэтэл газраасаа бага үнэлэгдсэн иймэрхүү компаний асуудлуудыг бид яагаад хөндөж, ярьж болохгүй гэж.
Би боловсролын сайд байхдаа Төрийн өмчийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн газрын тооллогыг хийж байсан. Сургуулиудын газрын 70 хувь нь хууль бусаар алдагдсан байсан, одоо ч алдагдсан хэвээр байгаа. Газрыг нь салгаж үнэлдэг, эсвэл лицензийг нь тусад нь салгаж зардаг. Лиценз, газар, эргэлтийн мөнгө нь тухайн компаниасаа хэд дахин их байдаг. Ийм маягаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан гашуун сургамж байгаа.
Одоо хувьчлах гээд байгаа компаниудын юуг нь, алийг нь, яг ямар компанийг нь яаж хувьчлах гэж байгааг ард иргэддээ дэлгэрэнгүй, ил тод мэдээлэл өгөх ёстой. Өнөөдрийн УИХ дээр 2-3 хан цаг нэг нь асуулт асууж, нөгөөх нь хариулсан маягтай хэлэлцэж болохгүй." хэмээсэн байна.