“Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатай Давосын чуулган эхэллээ

“Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатай Давосын чуулган эхэллээ

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр эдийн засгийг тодорхойлох томоохон удирдагчид цуглаж тухайн жилийн өнгөө хэлэлцдэг уламжлалтай. Энэ жилийн Давосын чуулган “Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатайгаар эхэллээ. “Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй байдал руу улам бүр чиглэж байгаа энэ үед бидэнд ойлголцол, хэлэлцээ хамгийн чухал бөгөөд хий хоосон тунхаг байж болохгүй” тухай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Бёрге Бренде мэдэгдлээ. “Өнөөгийн цаг үе тодорхойгүй боловч үүний цаана боломж ч байж болно гэдгийг мөн харуулж чадах цаг үе гэж бид харж байна” хэмээн тэрээр хэлсэн үгэндээ онцоллоо.

Энэ жилийн форумд 130 гаруй орны 3000 орчим төлөөлөгч байгаагийн дотор 60 гаруй улсын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, 850 гаруй бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын удирдлагууд оролцож байгаа нь олон талын харилцан ойлголцлыг эрэлхийлж буйг харуулж байна.

Чуулга уулзалтаар сүүлийн жилүүдэд эрчимтэй хэлэлцэх болсон хиймэл оюун ухаан, олон улсын геополитикийн нөхцөл байдал, сорил, боломж, эрсдэл зэрэг агуулгаар голлон 200 гаруй дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

Энэ жилийн чуулга уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн биеэр оролцохоо илэрхийлсэн нь хүлээлт үүсгэж буй.  Тэрээр лхагва гарагт илтгэл тавихаар хөтөлбөрт бичигджээ. Давосын чуулга уулзалтаар Д.Трамп, В.Зеленский нар уулзаж, Украиныг сэргээн босгох зорилготой 800 тэрбум ам.долларын тусламжийн хэлэлцээрийг хэлэлцэж магадгүй байна.

Өчигдөр болсон чуулганы үеэр Францын ерөнхийлөгч Э.Макрон болон Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар үг хэлсэн байна. Европын холбооны тэргүүн Гринландын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, “Бид Данийн хаант улсад харьяалагддаг Гринландын бие даасан байдал, стратегийн ашиг сонирхлыг хамгаална” гэжээ. Мөн Францын ерөнхийлөгч ямар нэгэн дарамт шахалт байх ёсгүй. НАТО болон Европын холбоо нэгдмэл байр суурийг хамгаална хэмээн мэдэгджээ. Энэ нь Европын улс орны удирдагчид Гринландын асуудалд НАТО болон Европын эв нэгдлийг бататгах шаардлагатай гэдгийг илэрхийлсэн байр суурь хэмээн үзэж байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп маргааш үг хэлэхдээ Гринландыг авах тухай асуудалд өөрийн байр сууриа хэрхэн илэрхийлэх нь хүлээлт үүсгээд байна.

Тиймээс ч эдийн засгийн хэмээн тодорхойлогддог Давосын чуулганы энэ жилийнх илүү геополитикийг голлон анхаарчсан, улс төрийн нөхцөл байдлыг гол сэдвээ болгосоноороо урьд урьдны жилүүдээс онцлог болж байна. Чуулган ирэх баасан гарагт өндөрлөнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 13 (7755)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ