УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хөгжлийн банкны шүүх хурал өнгөрсөн 2017 оноос хойш тоолбол олон жил үргэлжилж байна. Хүмүүсийг яллагдагчаар татсанаас хойш дөрвөн жил сунжирч байна. Энэ үйл явц бол АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оруулах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байх вий гэсэн болгоомжлол байна. Тийм учраас энэ асуудалд Монголын ард түмэн илүү анхаараасай. Шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дөрвөн жилийн хугацаанд гурван удаа цагаатгасан. Гэтэл өнөөдөр дахиад л түүнийг шүүж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл тоосон явдал. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүн дээр ийм үйл явц болж байгааг олон нийт анхаараарай.
-Танай намын гишүүн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэвлэлд ярилцлага өгсөн байсан?
-Улстөрчид хоорондын сөргөлдөөн улс төрийн нам дотор байдаг. Өнөөдөр намын мэдээлэл хийх цаг учраас хэн нэгэн хүний тухай ярьмааргүй байна. АН-ын лидерүүд дотоод сонгууль зохион байгуулж байна. Нэгдсэн бодлогоо зангидах асуудалд намын лидерүүд хамтраасай. Эрүүл өрсөлдөөний дундаас удирдагчдаа тодруулах ёстой гэж харж байгаа. Тийм учраас нам дотор өрсөлдөөн байх нь чухал.
-Төрийн тэргүүний зүгээс болон зарим нам эвслээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барьж буйгаа илэрхийлээд байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
- Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Үүний дагуу Ерөнхийлөгчийн зүгээс болон УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар төсөл боловсруулсан гэх мэдээлэл байна. Хуулийн төслийг хараагүй учраас дүгнэж хэлэх боломжгүй байна. УИХ-ын дэгийн дагуу ижил төрлийн агуулгатай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх боломжтой. Хаврын чуулганаар АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ. Ёс зүйн хариуцлагын тухайд АН-ын шинэчилсэн дүрэмд тодорхой заалтууд туссан бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгэгдээд байгаа. Намын удирдлагын зүгээс зарим гишүүдэд ёс зүйн сануулга өгч эхэлсэн. Одоогийн мөрдөгдөж буй цалингийн 20 хувиар торгох зэрэг арга хэмжээ нь хариуцлага тооцоход хангалтгүй байгаа тул цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дараа дараагийн парламентад жишиг болохуйц хууль батлах шаардлагатай гэж үзэж байна. Ер нь гишүүнийг эгүүлэн татах асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Олон улсын практикт сонгогчдын саналаар гишүүнийг шууд эгүүлэн татах тохиолдол ховор байдаг. Хэрэв парламентын олонх нь гишүүнийг эгүүлэн татдаг зохицуулалт орвол эрх баригч хүчин сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилох эрсдэлтэй. Мөн сонгогчдын саналаар эгүүлэн татах нь дахин сонгууль явуулах зэрэг зардал, зохион байгуулалтын төвөгтэй асуудлуудыг дагуулдаг. Одоогийн хууль тогтоомжоор гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд эсвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр эгүүлэн татах зохицуулалт бий. Тиймээс парламентын гишүүнийг хэн нэгэн нөлөө бүхий улс төрч, улс төрийн нам эсвэл олон нийтийн давалгаагаар бус, зөвхөн хууль зүйн үндэслэлтэйгээр эгүүлэн татдаг байх зарчмыг баримтлах нь зүйтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 42 (7784)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn