АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хорооны гишүүн болон 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нараа сонголоо. Энэ сонгуульд парламентын есөн гишүүн аймаг, дүүргийнхээ намын дарга болцгоов. Одоо АН-ынхан ирэх сарын 7-8-ны өдөр Их хурлаа хуралдуулж, шинэ бүтцээ батламжилна. Ирэх 2027 онд улс орон даяар Төрийн тэргүүнийг сонгох сонгууль болно.  Улс төрийн намууд сонгуулийн өмнө учраа олж, цэгцэндээ орчих гээд ихэд хичээж байна.  Төрийн тэргүүний сонгууль ямар болохоос 2028 онд болох УИХ-ын сонгуулийн өнгө аяс ч тодорхойлогдож мэдэх юм.  Тэгэхээр энэ хавар бол тэдний хувьд чухал цаг үе.   АН-ын аймаг, дүүргийн намын дарга нарын сунгаа хэрхэн өрнөснийг хүргэе.

Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт сонгогджээ.  Тус аймагт намын даргын сунгаа нэлээд өрсөлдөөнтэй явагдсан гэж хэлж болно. Гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Д.Батбаяр, С.Баярцогт нарын дунд болж олонхын саналаар С.Баярцогт ялсан байна. Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Н.Барамсай, С.Баярцогт, Д.Батбаяр, Д.Эрдэнэбат, Ө.Шижир, Н.Пүрэвбат, Б.Мөнхтөр, Б.Орхон, сонгогдлоо.

УИХ-ын гишүүн П.Батчимэг Өвөрхангай аймгийн АН-ын дарга болов.  Түүнтэй намын даргад  хэн ч өрсөлдөөгүй байна.  Ер нь намын даргын сунгаанд өрсөлдөгчгүй орсон хэд хэдэн аймаг байгаа.  Тухайлбал, Дундговь аймгийн АН-ын даргаар сонгогдсон Б.Лхагвамандал 100 хувийн санал авчээ. Аймгийн ҮБХ-ны гишүүнд есөн гишүүн өрсөлдөж Ц.Мөнхбат, Л.Данзанноров, Б.Лхагвамандал,  С.Бат-Оргил, М.Батсүх нар сонгогдсон байна. Мөн Сүхбаатар аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 10 жилийн дараа сонгогджээ. Тэрээр сум, аймгийн АН-ын даргаар 20 гаруй жил ажилласан хамгийн туршлагатай намын дарга болж байна. Мөн Говь-Алтай аймгийн АН-ын даргаар Г.Чинбат 100 хувийн саналаар буюу өрсөлдөгчгүйгээр улиран сонгогджээ.   Мөн Төв аймгийн АН-ын даргаар Л.Төмөрчөдөр нийт гишүүдийн олонхын саналаар үргэлжлүүлэн ажиллахаар сонгогджээ.  Тус аймгийн ҮБХ-ны гишүүнээр УИХ-ын гишүүн Ц.Туваан,  Х.Тэмүүжин нар сонгогдсон байна. Ховд аймгийн АН-ын даргаар аймгийн Засаг дарга М.Амарсанаа мөн улиран ажиллана. Хэнтий аймгийн АН-ын даргаар мөн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь үргэлжлүүлэн ажиллана.

Архангай аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга гишүүдийн 75 хувийн саналаар сонгогдов.  Түүнтэй Тариат сумын АН-ын дарга Алтан-Очир өрсөлдсөн байна.  Мөн М.Батжаргал, С.Мөнхсайхан нар өрсөлдсөн ч сунгааны өмнө  нэрээ татжээ.

Завхан аймгийн АН-ын даргын сонгуульд Б.Эрдэнэбаатар, Л.Даваасүрэн нар өрсөлдөж Б.Эрдэнэбаатар ялалт байгуулжээ. Б.Эрдэнэбаатар 99 хүн буюу нийт санал өгсөн гишүүдийн 72.8 хувийн саналыг авч ийнхүү Завханы АН-ыг удирдахаар боллоо.

Дорнод аймгийн АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Төмөрбаатар нар өрсөлдөж,  Э.Төмөрбаатар 87 хүний санал авч, намын дарга  болжээ.

Хөвсгөл аймгийн АН-ын даргад нэр дэвшигч 50+1 санал авч чадаагүй тул дахин сонгууль явуулахаар болсон. Тодруулбал санал хураалтад 149 намын хорооны гишүүн оролцсоноос Х.Эрдэнэбаатар 62, Д.Амарбаясгалан  59 санал өгч, 26 цагаан хуудас тоологдсон гэх мэдээлэл байна.   Мөн Хөвсгөлийн АН-ын дарга ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдсөн сурагтай байна.  

Доктор Ж.Цэсэн АН-ын эрх барих дээд байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ. Тэрээр Баянхонгор аймгийн АН-ыг төлөөлөн ажиллана.  Тус аймгийн АН-ын даргаар П.Нүрзэд сонгогдсон бол ҮБХ-ны гишүүнээр П.Дашзэвгэ, Т.Бат-Очир, Э.Батзаяа, М.Баттөр, А.Адъяасүрэн, Ж.Дулмаа, Ж.Сарнай, Б.Есөнчулуун И.Маралмаа сонгогджээ.

Дархан-Уул аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгогдов. Түүнтэй АН-ын гишүүн Г.Баянмөнх нэр дэвшиж өрсөлдсөн байна.  С.Эрдэнэболдын хувьд Төвийн бүсээр парламентад сонгогдож байв.

Орхон аймгийн АН-ын даргаар Г.Алтангэрэл сонгогдсон бол Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Г.Алтангэрэл, Ц.Ойдов, Д.Ганболд, Г.Ганзориг, Н.Баяртогтох, Д.Эрдэнэцогт, З.Хатанбаатар, С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд, Н.Азжаргал, Б.Энхдэлгэр, С.Цэрмаа, Т.Нармандах, Г.Цэрэндолгор нар ажиллана.

Булган аймгийн АН-ын даргаар Г.Ганбаатар сонгогджээ. Гол өрсөлдөөн Булган аймгийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Х.Ууганбаяр, АН-ын ХЭГ-ын дарга Г.Ганбаатар нарын дунд болжээ.  2024 онд болсон аймгийн ИТХ-ын сонгуулиар МАН 15 суудал, АН 14 суудал авч, тус аймагт МАН засаг барьж байгаа юм.

Увс аймгийн АН-ын даргад Ё.Мөнхзул, Н.Батбаяр нар өрсөлдөж, Н.Батбаяр ялалт байгуулжээ. Харин Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар Ж.Бегарыс тодорчээ.

Дорноговь аймгийн АН-ын даргаар Д.Алтангэрэл ажиллана.  Түүнийг АН-ын даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан зүтгүүлж, өөрөө нэрээ татсан гэх мэдээлэл гарч байв.  Мөн аймгийн даргад дэд дарга Д.Бэхбат өрсөлдсөн олонхын санал авч чадаагүй байна.

Баянгол дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сонгогджээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Хоёр ч удаа Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан нэгэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр 2024 оны сонгуульд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Харин тэрээр энэ удаа бууриа сэлгэж,  Баянгол дүүргийн АН-ын дарга болжээ.

Баянзүрх дүүргийн АН-ын хорооны хуралдаанаар, УИХ-ын гишүүн А.Ганбаатарыг дүүргийн АН-ын даргаар сонгожээ. Дэд даргаар Э.Хатанбаатар, Д.Баттулга,Т.Пүрэвдорж нар ажиллана. Баянзүрх дүүргээс Ардчилсан намын ҮБХ-нд нийт 54 гишүүн нэр дэвшин өрсөлдсөнөөс 22 гишүүн сонгогджээ.

Хан-Уул дүүргийн АН-ын даргын сунгаа нэлээд ширүүн болжээ.  Гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн  нарын хооронд болж, Б.Түвшин гишүүн ялалт байгуулжээ. АН-ын АЗХ-ны М.Амгаланбаатар, Л.Отгонбаатар нар мөн өрсөлдөөнд орсон ч нэрээ татсан байна.  Ийнхүү  Хан-Уул дүүргийн АН-ын даргаар баруун бүсээс парламентын гишүүнээр сонгогдсон Б.Түвшин ажиллана. 

Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сонгогджээ.  Харин дэд даргаар намын нарийн бичгийн дарга асан Н.Лхагвадорж ажиллана.

Сүхбаатарын дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Х.Болормаа сонгогджээ. Дэд даргаар ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, доктор Б.Ган-Очир нар ажиллахаар болжээ.

Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар П.Галиндэв сонгогджээ.  Тэрээр өмнө нь АН-ын дэд дарга, улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Налайх дүүргийн АН-ын даргаар Н.Гансүх, Багахангай дүүргийн АН-ын даргаар Ц.Эрдэмбилэг, Багануур дүүргийн АН-ын даргаар Н.Цамбагарав нар сонгогдоод байна.

Өмнөговь аймгийн АН-ын даргаар Аймгийн Засаг дарга Н.Энхбат сонгогджээ.  Түүнтэй намын даргад хүн өрсөлдөөгүй байна.  ҮБХ-ны гишүүнээр  УИХ-ын гишүүн асан Ажнай Д.Бат-Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Р.Сэддорж,  УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга  Б.Энхмөнх нарын хүмүүс сонгогдсон байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 56 (7798)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ