Б.Батсүх: Төв цэвэрлэх байгууламж хөрсөнд бохир ус нэвчүүлж байгаа

Б.Батсүх: Төв цэвэрлэх байгууламж хөрсөнд бохир ус нэвчүүлж байгаа

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлууд болон хөрөнгө оруулалтын талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болсон. Уг хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны гишүүд, Ус сувгийн удирдах газрын удирдлагууд болон холбогдох бусад албанынхан оролцсон юм. Энэ үеэр УСУГ-ын Ерөнхий инженер Б.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай одоо ямар байгаа вэ?

-Цэвэрлэх байгууламж маш хүндрэлтэй ажиллаж байгаа. Хүлээн авч байгаа усны хэмжээ, бохирдлын хэмжээгээрээ ч тэр хэвийн ажиллах боломжгүй байна. Мөн цэвэрлэх байгууламжийн бетон хийцүүд маш муудсан. Энэ нь хөрсөнд бохир ус нэвчих нөхцөл үүсгэж байгаа.

-Энэ байдал удаан үргэлжилбэл хэзээ тэг зогсолт хийх бол?

-Яг төдийд зогсолт хийнэ гэж хугацаа хэлэх боломжгүй. Маш хүндрэлтэй нөхцөлтэй байгаа. Манайхан аль болох боломжтой хэмжээгээр ажиллуулах, шинэ цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад орох хүртэл ямар нэгэн байдлаар хуучин цэвэрлэх байгууламжийг ажиллуулна гэсэн зорилготой л ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд Төв цэвэрлэх байгууламжид хэдэн төгрөгийн засварын ажил хийгдэж байсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн төсөл хэрэгжсэн байдаг. Туул голын бохирдлыг бууруулах төслөөр нэг станцын төхөөрөмжийг шинэчилсэн. Сүүлийн хоёр төсөл бол Испанийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн.

-Шинэ цэвэрлэх байгууламж барихад ойролцоогоор хэдэн төгрөг шаардлагатай байгаа юм бэ?

-Шинэ цэвэрлэх байгууламж баригдах ТЭЗҮ боловсруулагдсан байгаа. Энэ ТЭЗҮ-ийн мөнгөн дүнгээр 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

-Боловсруулаад байгаа гэх ТЭЗҮ-г Монгол орны уур амьсгалд тохироогүй гэх зүйл яригдаад байгаа. Тухайн үед энэ тендер зарлагдаад шалгаруулах явцад дутагдалтай зүйлүүдийг нь мэргэжлийн байгууллагууд хянаж шалгаагүй юм уу?

-Тухайн үед олон улсын нээлттэй тендер зарлаж энэ шалгаруулалтыг явуулсан. Шалгаруулалтад нийслэл болон бусад байгууллагын төлөөллүүд оролцсон. Мэргэжлийн экспертүүд энэ дээр ажиллаж, яг тухайн технологи бол Монголд хамгийн ашигтай технологи юм гэж үзэн 2016 оны хоёрдугаар сард батлагдсан.

-Ирэх оны төсөвт Төв цэвэрлэх байгууламжид найман тэрбум төгрөг төсөвлөсөн юм уу?

-2016 онд улсын төсөвт 8.1 тэрбум төгрөг суулгаад засвар үйлчилгээний ажлууд хийгдээд явж байгаа. 2017 оны төсөвт бид санал оруулаагүй байгаа. Гэхдээ 2014 онд улсын төсвөөр хийгдэж эхэлсэн хоёр тунгаагуурын ажил, био цэвэрлэгээний ажил гэсэн ажлуудын үлдэгдэл болох 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны төсөвт суулгуулахаар ажиллаж байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.