Б.Дэлгэрсайхан: БНХАУ-аас гуйж гэрээ хийчихээд одоо "Буруу байж" гэж болохгүй

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-аас гуйж гэрээ хийчихээд одоо

Чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Улмаар түр байгуулж, Харбины гэрээгээр хяналтын сонсгол явуулахаас татгалзсан юм. 

БНХАУ-тай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох, нүүрс худалдах, Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт хоёр улсын Ерөнхий сайд гарын үсэг зурах ёслол Харбинд болсон. Тиймээс үүнийг Харбины гэрээ хэмээн нэрлээд байгаа юм. Нүүрсээ хэт хямдхан үнээр худалдан гэрээ байгууллаа хэмээн УИХ-ын зарим гишүүд шүүмжилж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулж хяналтын сонсгол хийхээр тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн юм. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн ч УИХ дэмжилгүй санаачлагчид нь буцаасан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ гэрээг анх байгуулахдаа хоёр талд нууцлалтай байна, хэрвээ гаргах тохиолдолд бие биеэсээ зөвшөөрөл авна гэж тохирсон. Үүнийг УИХ хоёр удаа баталсан. Энэ бол хоёр улсын Засгийн газар хооронд хийсэн гэрээ. 17 жил гацсан төмөр замыг явуулах гэж Засгийн газар гурван жил хөөцөлдөж 56 удаа ажлын хэсэг хуралдаж байгуулсан гэрээ. Нөгөө талаас Чалкод үзүүлдэг хөнгөлөлтөө үзүүлэх хүсэлт тавьсан. Энэ дагуу гэрээг хийсэн. Гэрээгээр нүүрсийг 50 хувийн хямд зарсан зүйл огт байхгүй. Гишүүд гэрээг нь үзэж болно. АН-ын бүлэг намайг дуудаад асуувал би тайлбарлаж өгч болно гэдгээ гишүүдэд хэлсэн.

Өөрсдөө гуйж очиж хүнтэй гэрээ хийчихээд “Та нартай хийсэн гэрээ буруу байна, болохгүй байна” гэвэл урд айл “Уучлаарай, бид заавал танайхаас нүүрс авах шаардлагагүй” гэнэ. Урд хөршийн нүүрсний хэрэглээний хоёрхон хувийг манай улс нийлүүлдэг. Бид улсаа нураах гээд байна. Тиймээс улстөржихөө болих хэрэгтэй. Шалгаж нягтлах юм байвал Ц.Туваан бид хоёрт хэрэг үүсгээд шалга. Хэрүүлээ дотроо хийе. Буруу зөрүү гэрээнд гарын үсэг зурсан бол хууль хяналтын байгууллага нь шалгаг. Би буруу гэрээ хийгээгүй, бусдад давуу байдал олгоогүй, мөнгө төгрөг аваагүй учраас бардам байгаа. Би Монгол Улсын төлөө л бүтээн байгуулалт хийхийг зорьж байна. 70 жилийн дараа хоёр дахь төмөр замаа барих гэхээр бөөн хэрүүл. Улс төр хийж болно, гэхдээ улсаа бодох ёстой.

“Эрдэнэс Тавантолгой” зах зээлийн үнээрээ л гэрээ хийж байгаа. Дээр нь тээврийг нь манай улс хийж байгаа. Нэг тонн нүүрсний тээврийн зардал 20 ам.доллар. Хоёр улсын төрийн өмчийн компани хооронд хийсэн гэрээнд авлига, мөнгө төгрөгийн асуудал байх ямар ч боломжгүй. Урд айл маш өндөр хэмжээнд авлигатайгаа тэмцэж байгаа шүү дээ.

Энэ жил төмөр зам холболтын ажлын 70-80 хувь нь хийгдэх ёстой” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ