Огцрох сайд нарын “сунгаа”-г Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг нар өнгөлж байгаа юу

Огцрох сайд нарын “сунгаа”-г Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг нар өнгөлж байгаа юу

100 хоногтойгоор золгож байгаа ч сайнаасаа илүүтэй саараа хэлүүлж байгаа Засгийн газраас дөрвөн сайдыг огцруулж магадгүй талаарх “бор шувуу” Төрийн ордноор хэд хоногийн өмнөөс л ниссэн. МАН-ын гишүүд ч яахав, тийм зүйл байхгүй л гээд байгаа. Гэхдээ энэ “бор шувуу”-ны жиргээ сүүлийн үед улам эрчимжиж эхэллээ. Тодорхой хэлбэл, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БСШС-ын сайд Ж.Батсуурь, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарыг МАН-ын Засгийн газраас суга татаж хаяхаар бэлтгэж байгаа бололтой юм.

Бүр зарим нэг сайдын орны хүнийг хүртэл яриад эхэлсэн сураг гарч эхэллээ.  Тэр дундаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг огцрох сайд нарын “сунгаа”-нд өнгөлж яваа ч гэсэн яриа газар аваад байна. Түүний араас Ж.Батсуурь сайд “давхиж” бололтой. Д.Ганбатын хувьд энэ жагсаалтаас бараг л хасагдаж байж магадгүй байгаа сурагтай. Гэхдээ юу болохыг цаг хугацаа л харуулна. Одоохондоо бол цуурхал төдий л байна.

Ер нь бол дээр нэр дурьдсан сайд нараас хамгийн түрүүнд огцруулах шаардлагатай хэмээн хурцаар шүүмжлүүлж байгаа нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн бололтой. Ер нь түүнийг анх Сангийн сайдаар томилсноос хойш ард түмэн МАН-д илт дургүйцсэн. Бүр дэмжигчид нь хүртэл амаа барьж, өөрийгөө зүхэж, МАН-ынхныг сонгосондоо харамссан. Харин Сангийн сайд ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл хийсэн мэдэгдэл, ярьсан яриа нь хямралд нэрмээс   болсон ч гэж дүгнэх хүмүүс цөөнгүй бий. Дээрээс нь намынх нь нөхөд хүртэл  оруулж ирсэн хууль, тогтоомж дээр тооцоо судалгаагүй ажилласан гэж үзэж байгаа аж.

Гэхдээ одоогоор түүний оронд хэн хэн далдуур сайдын суудалд горилж байгаа, үнэхээр Б.Чойжилсүрэнг унагаж барах уу гэдэг асуудал ердөө л асуулт хэвээрээ үлдэж байгаа юм. Ер нь бол МАН-д сангийн сайд хийчихээр чадвартай гишүүд олон л байгаа. Ядаж л Сангийн сайд “насаараа” хийснээр нь Ч.Улааныг ч томилсон болно. Б.Чойжилсүрэнгийн дэргэд энэ салбарт бол “шонхор”. Гэх мэтээр Сангийн сайдад санал болгох боловсон хүчин МАН-д байгаа юу гэвэл байгаа.

А.Цогцэцэгийн хувьд хэтэрхий сул сайд гэгдэж байгаа. Ерөөс ард түмэн, намынхан нь ч ингэж үзээд, огцруулах асуудал тавьж эхэлсэн бололтой юм. Гэхдээ түүнийг МАН-ын дарга М.Энхболдын хүн учраас тийм ч амар “ховхрох”-гүй гэсэн явган яриа ч байна. Гэхдээ А.Цогцэцэг сайд “Мэргэжлийн” Засгийн газрын сайдуудаас хамгийн муу ажилласан, юу ч хийгээгүй нь гээд хэлчихэд гүтгэсэн болохгүй биз. Байнгын хорооны хурал дээр хүртэл МАН-ын гишүүд түүний тэнэгдүү гэмээр хариултуудыг сонсоод хэлэх үгээ олж ядна, “Битгий худлаа яриад бай л даа” хэмээн аргаа барж суухыг ч харж л байлаа. Тийм болохоор УИХ-ын гишүүд бухимдахдаа түүнийг огцруулах санал оруулж байж ч болох. Хэрвээ олонх нь санал нэгдвэл намын даргын хүн байгаад ч нэмэргүй байх.

Хамгийн гол нь МАН-ын УИХ-д сууж байгаа гишүүд хэрхэхээс энэ асуудал хамаарах байх. Ер нь бол Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг гэх мэт хэд хэдэн сайдыг огцруулж, арай олигтойхон хүн тавьчих л хэрэгтэй. Нэгэнт үнэмлэхүй ялалт байгуулсан, төр засгийг дангаар удирдаж байгаа энэ үед чадвартай хэдэн сайдынхаа балгаар нэр хүндээ унагаад байх хэрэггүй л баймаар. МАН-д боловсон хүчин хангалттай байгаа шүү дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.