Саяхан даа, хэдхэн хоногийн өмнө Дүнжингарав худалдааны төвийн хоолны зааланд багтах зайгүй олон хүмүүс хооллож суулаа. Тэгтэл галын дохиолол дуугарч эхлэх нь тэр. Дохиолол дуугарч эхэлсэн даруйд заал дүүрэн хооллож суусан хүмүүс дотроос ганцхан хүн гарч гүйсэн нь нэгэн америк эмэгтэй. Тэрбээр, маш хурдан босч, заалыг орхин гарсан юм. Харин тэнд суугаа монголчууд бараг л ямар учиртай дохиолол болохыг ч мэдэхгүй сууцгааж байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй.
Тун ч тавтай тухтай хоолоо идэцгээж, сандран гарч гүйсэн америк эмэгтэйг шоолонгуй ширтэцгээн, сүртэй юм бэ хэмээн ярилцаж суулаа. Мэдээж энэ нь жинхэнэ галын дохиолол биш байсан. Гэвч хэрвээ гал гарсан бол монголчууд бид жинхэнэ, хуурамчийг нь ялгах гэж суусаар байгаад угаартаж, эс бөгөөс шатаж мэдэх хэнэггүй улс гэдгээ энэ үйлдлээрээ харуулсан юм. Харин америк эмэгтэйн хувьд осол аваарын дуудлага гэдэг зүгээр ч нэг инээгээд өнгөрөх зүйл биш гэдгийг мэдэж байсан учраас ийн сандран гарсан хэрэг л дээ.
Бага балчираас нь гамшиг ослын үед хэрхэн биеэ хамгаалах вэ гэдгийг сургачихсан учраас хэний ч албадлагагүйгээр аюулаас өөрийгөө хамгаалж сурсан гэдгээ тод томруун харуулав. Энэ бол маш том соёл. Монгол Улсын хэмжээнд жилд нэг удаа аваарын дуут дохиог ажиллуулж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилчдаа гаргах, бэлэн байдалд жагсаах сургалт зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн жил ч уламжлал ёсоор энэхүү сургалтыг зохион байгуулсан.
Манайдаа л хамгийн томд тооцогдох өндөр шилэн барилгуудын нэг болох “Моннис” цамхагийн ойр орчимд дуут дохиолол ажиллаж, байгалийн болзошгүй гамшиг тохиолдож буйг сэрэмжлүүлжээ. Тэгтэл энэхүү өндөр цамхагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун аж ахуйн нэгжүүдээс нэг ч хүн гараагүй бөгөөд ганцхан Оюутолгой компанийн оффист ажилладаг залуус гадаа гарч жагссан байсныг танил маань сонин болгон ярьсан юм.
Хэрвээ газар хөдлөлт болж, гэнэтийн дуут дохиолол ажиллахад тэнд ажиллаж буй хэдэн мянган хүн сургалтынх биз хэмээн өөрсдийгөө тайтгаруулж, зүгээр суусаар байгаад даруулж үхэх нь тодорхой юм байна. Муу амласан хэрэг огтхон ч биш. Бодит байдал ийм л байгаа юм. Нэг биш нэлээд хэдэн удаа энэхүү сургалтыг хийсээр байхад өнөө хэр бид сураагүй, бас сурахыг ч хүсэхгүй байгааг энэ үйлдэл харуулж буй юм.
Оюутолгой уул уурхайн салбарт ажиллаж буй байгууллага гэдэг утгаараа, нөгөө талаас болзошгүй эрсдэл, аюул ослоос сэргийлэх талаар компанийн эзэд нь зааж, сургаж хэвшүүлсэн учраас өөрсдийн ухамсраар гарсан нь тэр. Дараагийн нэг тохиолдол гэвэл, өнгөрөгч бямба гарагт Өмнөговь аймагт ойр ойрхон чичирхийлэл мэдрэгдэж газар хөдлөлт болов. Албаны эх сурвалжийн өгч буйгаар 3.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, уурхайн ойр орчимд хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. Аймгийн онцгой байдал, засаг захиргаа яаралтай арга хэмжээ авч иргэдийг уурхайн кэмп рүү нүүлгэн шилжүүлжээ. Гэтэл мөнөөх л лазан, хайхрамжгүй монголчууд орон сууцандаа амар тайван унтахыг илүүд үзэж, нүүлгэн шилжүүлэхэд нь бухимдлаа илэрхийлж байжээ.
Худлаа сүржигнэлээ, нурж унатлаа хаа юм хэмээн нүүхээс татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн талаар аймгийн удирдлагууд ярьж байлаа. Иргэд ч энэ тухай цахим хуудаснаа бичиж, сүржигнээд байх юм, гэртээ амар тайван унтмаар байна, ядаргаатай юм бэ гэх мэтээр эсэргүүцжээ. Эцсийн дүндээ газар хөдлөвөл хэн буруудах вэ. Хоногийн нойроо харамлаж шавартай байшиндаа унтаж хэвтсэн иргэн үү, эсвэл хөөгөөд ч болов гаргаагүй аймгийн удирдлага буруудах уу.
Мэдээж аймаг, орон нутаг, төр засгийн буруу болоод л дуусдаг. Газар хөдлөлтийн чичирхийлэл хэрвээ хүчтэй байсан бол байрандаа унтаж байсан иргэд даруулж амь насаа алдах нь тодорхой байлаа. Сануулж хэлсээр байхад цасан шуурганаар хөдөө явчихаад дараа нь төрөө буруутгадаг хэнэггүй хүмүүс бол ганцхан монголчууд. Цасан шуурганаар орон нутгийн зам давааг хаахад яаруу ажилтай байхад зам хаалаа хэмээн занаж зүхсэн дуудлага Авто тээврийн газарт хэдэн арваараа ирдэг талаар албаны хүн ярьж байсан юм.
Орон гэрийг нь шатаж дуусахаас сэргийлэн галыг нь унтрааж, дээвэр туурганд нь гал авалцахаас сэргийлж ус цацаж унтраасан гал сөнөөгчдийг орон гэрийг маань эвдэн сүйтгэж, хохироосон хэмээн шүүхэд өгдөг гайхамшигтай “сайхан сэтгэл”-тэй иргэд олон бий. Онцгой байдлын газарт эд хөрөнгийг маань эвдэн сүйтгэсэн гэх гомдол ч нэг биш нэлээд олон ирдэг гэнэ лээ. Шатаж үнс нурам болох чухал уу, хэсгийг нь эвдлээд ч болов бүтэн авч үлдэх чухал уу гэдгийг л ялгаж салгахгүй сэтгэхүйтэй амьдарч байна, бид.
Энэ бүхнийг цаас гарздан нурших болсны учир гэвэл бид хэзээ хариуцлагатай амьдардаг болох вэ. Байгалийн гамшиг биднийг тойрчихно оо, дайн байлдаангүй тайван оронд юу л болов гэж хэмээн өөрсдийгөө хэдий болтол тайтгаруулах юм бэ, монголчууд аа. Ажин түжин амар тайван улс орон гэж байхаа болилоо. Цаг агаарын гамшигт үзэгдэл өдөр өдрөөр нэмэгдэж байна. Үер, хуй салхи, цунами, газар хөдлөлт манай Монголыг тойроод байдаг зүйл биш. Төрийн тэргүүн нь хүртэл газар хөдлөлт болох эрсдэлтэйг сануулж эхэллээ.
Зүгээр ч нэг сануулаагүй нь тодорхой. Гэтэл бөө болчихсон юм уу тэр, худлаа шоудаад гэх мэтээр өнөөх л үгүйсгэсэн, үл тоосон араншингаа гаргаж сууна. Орчин цагт техник технологи хөгжчихөөд байгаа. Яг таг хөдлөхийг нь урьдчилж мэдэхгүй юм гэхэд, болзошгүй эрсдэл зэргийг тооцдог болсон нь дамжиггүй. Тиймдээ ч төрийн тэргүүнээсээ эхлээд байгалийн гэнэтийн ослын үед бид бэлэн эсэхэд анхаарал хандуулж байгаа нь юуных нь буруу байх билээ. Монголд ойр ойрхон олон ч том гал гарлаа. Дандаа аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдсэн галууд байсан.
Байгалийн гамшигт үзэгдэл ч бишгүй олон тохиолдож байна. Тавантолгойд болсон газар хөдлөлт, Баян-Өлгийд болсон үер, Архангайд нүүрлэсэн хуй салхи гэх мэтээр тоочоод байвал чамгүй олон гамшигт үзэгдэл боллоо. Хүний хүчин зүйлээс үүдсэн ой хээрийн түймрийн тоог энд бичнэ гэвэл цаас багадах биз. Гэвч энэ бүхэн биднээс хол байдаг, надад тохиолдоогүй юм чинь хэмээн хэнэггүйтсээр суух уу.
Газар хөдлөөд барилга байшин нурлаа гэхэд шүүрч аваад гарах эмийн сан, цэвэр ус, галын хортой айл Монголд тун цөөхөн. Бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл манайхаас өөр улсад бол иргэд нь энэ талаар бүр мэргэшчихсэн, гэнэтийн ослын үед авч гарах эд хэрэгслээ бүгдийг нь бэлтгээд тавьчихсан байдаг гэнэ лээ. Наад захын эмийн сан, ус, галын хор, бичиг баримтаа бэлтгэдэг нь хэвшил болчихсон зүйл. Үгүй ядахдаа л дохиолол дуугарахад гараад гүйдэг сэтгэлтэй байна, тэд. Харин бид сүртэй юм, сүржигнээд байна хэмээн үл тоож суусаар үхэж ч мэдэх хэнэггүй зантай юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр гамшиг болтол монголчууд амгалан гэдэг л болчихоод байна.
Хаа нэг цас ихээр орж, үер болоход зутарлаа, ядарлаа, осолдлоо гэмтлээ хэмээн сүржигнэж, бусад үед энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Монголчууд биднийг ямаан омогтой, үхэр шиг зөрүүд гэж доромжилдог нь худлаа биш гэдгийг энэ мэт үйлдлээрээ харуулсаар байгаа бус уу. Нэг л өдөр газар хөдөллөө гэхэд бид өмсөх хувцас байтугай уух усгүй гудамжинд гарах нь тодорхой байгаа юм.
Хатуухан хэлэхэд, амьд үлдэж чадах хүн ч ховор доо. Барилга байшин нурлаа гэхэд хаана нуугдах, хэрхэн биеэ хамгаалах талаар мэдлэгтэй иргэд манайд бараг л алга гэдэг нь дээрх жишээнүүдээс харагдсаар байна. Үр хүүхэддээ энэ талаар сургадаг эцэг, эх гарын таван хуруунд л багтана даа. Сануулахаар шоудлаа гэдэг атлаа сануулахгүй бол ажлаа хийсэнгүй хэмээн агсам тавьдаг бидний энэ муухай монгол араншин нэг л өдөр аюул дагуулах вий. Ер нь бол хаа байсан Японд газар хөдлөхөөр айж сандарч, эвийлж хөөрхийлдөг атлаа Монголд газар хөдлөх нь гэхээр худлаа шоудлаа, сүржигнэлээ гэж тэнэгтдэг хүмүүс хэзээ өрөөлийн төлөө биш өөрийнхөө төлөө санаа тавьдаг болно доо, чааваас.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.