УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ хуулийн төсөлд 300 мянган хүн хамрагдана гэж байна. Энэ бодитой тоо мөн үү? Ямар хүнийг малчин гэх вэ” гэдгийг тодрууллаа. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг “Малчин гэж хэнийг хэлэх вэ гэдэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан тодорхойлолт бий. 300 мянган малчин мал аж ахуй эрхэлж байна гэсэн Үндэсний статистикаас гаргасан судалгаа ч бий. Нийгмийн даатгалын газраас гаргасан судалгаагаар нийт малчдын есөн хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тиймээс холбогдох албаны тоо баримт дээр тулгуурлаж энэ хуулийн төслийг боловсруулсан” гэлээ. Энэ мэтээр гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.
Ж.Батсуурь: Боловсролын хууль, дээд боловсролын хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө нь хуралдсан Байнгын хорооны хуралдаан дээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан.
Тиймээс өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр батлав. Хэлэлцүүлгийн шатанд БСШУС-ны сайд Ж.Батсуурь “Боловсролын салбарын хуульд багцаар нь өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Хичээл сонголтыг өргөн хүрээнд хийж байгаа. Цөм хөтөлбөрийн зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс хуучин мөрдөгдөж байсан хичээлийн хөтөлбөрөөр явж байгаа. Хичээлийнхээ цөөхөн цагийг ахлах ангийн сурагчид сонгон суралцах боломжтой. Түүнээс үндсэн сургалтын хөтөлбөр хуучнаараа үргэлжилж байгаа” гэв.
Оффшорын хуулийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан цаг сунгаж хуралдав. Учир нь өчигдрийн хэлэлцэх асуудал цөөхөн тул үдээс өмнө хэлэлцээд дуусгах саналыг УИХ-ын дарга гаргаж, гишүүд дэмжсэн юм. Ийнхүү Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Улмаар УИХ-ын гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байнгын хороонд шилжүүлэв. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна. Тиймээс би энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаа юм. Сү.Батболд дарга оффшор данстай гэдэг нь илэрсэн. Энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ” гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг бий. Аливаа этгээдийн буруутай гэдэг нь тогтоогдсон бол хуулийн байгууллага тогтооно. Түүнээс биш байнгын хороо, чуулганы микрафоныг ашиглаж нэг нэг рүүгээ дайрмааргүй байна. Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа мэт ойлгодог болсон.
Тиймээс төрийн болон улс төрийн албан тушаалтан оффшор данс эзэмшихийг хориглох заалт оруулсан. Төрийн болон улс төрийн албан тушаалтнаас өөр хүнд оффшор данс нээх эрх бий. Оффшор данс нээсэн төрийн болон улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал оруулж ирээд байхад яагаад буцаах гээд байгаа юм бол. Хэрэв гэр бүлийн хүн нь оффшор данс нээж ашигласан бол өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж заалт нь бий” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Засгийн газар энэ хуулийн төслийг дутуу дулимаг оруулж ирсэн. Тэгээд хариулж байгаа нь гэмт буруутай этгээдийн ял зэмийг үр хүүхэд гэр бүлд халдаан хэрэглэж болохгүй гэж тайлбарлаад байх юм.
Нийгэм энэ хуулийн төслийг хүлээж байхад яагаад дутуу оруулаад ирж байгаа юм бэ” гэдгийг тодрууллаа. Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хуулийн төслийг боловсруулахдаа нэлээд ажилласан. Хуулийн төслөө тайлбарлахдаа муу ажилласан байж магадгүй. Өнөөдөр хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж байхаар бие даасан хууль оруулаад ирж болдоггүй юм уу гэж байна. Энэ хуулийн төслөө баталсны дараа засч сайжруулаад явах бололцоотой. УИХ-ын гишүүн зөвхөн шүүмжлэх үүрэгтэй гэж ойлгодог юм уу хаашаа юм. Бид тусдаа хууль гаргах тал дээр ажиллана. Харин өнөөдөр энэ хуулийн төслийг батлаад явахгүй бол манай намын эсрэг буруу ойлголт явах вий” хэмээн болгоомжилж буйгаа дуулгав.
Ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцсэний эцэст хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Үүний дараа Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслөөр асуулт асуух гишүү байсангүй. Тиймээс Төсвийн байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад хуулийн төслийг дэмжив. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.