Шинэ жилээр бүх нийтээрээ дөрөв хоног амрах нь

Шинэ жилээр бүх нийтээрээ дөрөв хоног амрах нь

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн энэ сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 07-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр буюу энэ сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр гээд нийт дөрөв хоног амрах юм.

Жолооч нарт шийтгэлийг давхардуулан ногдуулж байгааг зогсооно гэв

Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуульд “Тээв­рийн хэрэгсэл жолоодох эрх­гүй буюу эрхээ хасуулсан этгээд сог­туу­руу­лах ундаа, ман­суу­руу­лах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээв­рийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг 2-4 дахин нэмэг­дүүл­сэн­тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тор­гож, долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривч­лах шийтгэл ногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривч­лах үндсэн шийтгэлийг давхар­дуу­лан ногдуулж байгаа хэрэг хэмээн Засгийн газар үзэж хуульд өөрчлөлт оруулахаар төлөв­­лө­­сөн байна. Мөн цагдаа­гийн бай­гуул­лага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахаар заасан боловч баривчлах шийтгэлийг хэн ногдуулах нь тодорхой бус байгаа юм. Үүнээс болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал шийдвэрлэх боломжгүй байна. Тодорхой зохицуулж өгөөгүй учир улсын хэмжээнд 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл ногдуулж чадаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1295-д нь ямар нэг хариуцлага ногдуулаагүй гэсэн судалгаа гарчээ.

Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна

Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр бай­гуу­лахаар шийдвэрлэв. Бэлт­гэл аж­лыг 2017 онд хангаж, 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танил­цуул­га хийлээ. Бүсийн үйл ажил­ла­гааг холбогдох хууль, жур­мын хүрээнд, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, эрчимжсэн ХАА-н бүс хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Халх гол бүтээн бай­гуу­лал­тын бүс”-д хууль зөрчиж газар ол­го­сон шийдвэрүүдийг хууль тог­тоом­жид нийцүүлэн хүчин­гүй бол­го­хыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа.

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.  Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.

Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, рези­нэн эдлэл, хуванцар, химий-цэвэр­лэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.

Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулна

Засгийн газрын гадаад зээ­лийн хөрөнгийн ашиглалтыг сайж­руулах, төслүүдийн хэрэг­жил­тийг түргэтгэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт даалгав. 2017 оны нэгдсэн төсөвт 117 төсөл, арга хэмжээг 857 тэрбум гаруй төгрөгийн гадаад зээл, тусламжаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнээс 74 төсөл, арга хэмжээг 723 тэрбум төгрөгийн гадаад зээлийн эх үүсвэрээр, 43 төсөл, хөтөлбөрийг 134 тэрбум гаруй төгрөгийн гадаад тусламжаас санхүүжүүлэхээр тооцсон юм.

Гадаад зээлийн хөрөн­гөөр хэрэгжүүлэхээр тус­га­сан 74 төслийн 15 нь ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд одоо хэрэгжиж байгаа 59 төслийн 25 нь хэвийн, 21 нь хугацаандаа хэрэгжих боломжгүй, 13 нь зогсонги байдалд орсноор хөрөнгийн ашиглалт 10-аас дээш хувьтай байна. Үүнээс болж хөрөнгө байршуулсны төлбөр, зээлийн хүү төлж эхлэх, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж үргүй зардал өсөх, урсгал зардал нэмэгдэх зэрэг хүндрэл үүсч эхэлжээ.

Иймд ТЭЗҮ, зураг, төсөв хийж батлуулсан төслийг эхлүүлэх, төслийн дэд бүтцийг урьдчилан шийдвэрлэх, худалдан авах ажиллагааны явц, хяналтыг сайжруулах, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийн ажилд тавих хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.