Н.Алтанхуяг цэвэр хүн үү

Н.Алтанхуяг цэвэр хүн үү

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан сэтгүүлчидтэй уулзсан зангиагүй уулзалтынхаа үеэр “Сүүлийн үед намайг муулж, олонд танигддаг хүн олон болсон” хэмээн хошигнож байсан. Гэтэл үүнийг батлах гэсэн мэт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бараг алхам тутамдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг элдвээр цоллох болов оо.

Тухайлбал, өнгөрсөн сарын 30-нд АТГ-т дуудаж, мэдүүлэг өгөхөөр очих үеэрээ олон тооны сэтгүүлч дуудаж, “Хууль, хяналтын байгууллага дотор манай Ерөнхийлөгч бүлэглэлээ бий болгосон. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгэнд нь орохгүй бол шоронд ордог ардчиллын төлөө би яваагүй” гэх зэргээр сүржин мэдэгдэл хийж, “шоу”-даад авсан. Үүний дараа нэг их удалгүй буюу энэ сарын 06-07-ны өдрүүдэд болсон АН-ын VI Их хурал дээр түүний хэлсэн үг үндсэндээ төрийн тэргүүн рүү  чиглэсэн гэхэд хилсдэхгүй.

Уг нь бараг 10 жил хуралдаж чадаагүй намынхаа Их хурал дээр АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувиар АН-ын ялагдлын алдаа, оноо гээд олон чухал зүйлийг ярих ёстой байсан хүний нэг. Гэтэл тэр хүлээлт талаар болсон. Түүний энэ үйлдэл нь үнэхээр л нийтийн санаа бодлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна уу даа гэлтэй. Тэгээд ч удаа дараа энэ мэт зүйлийг яриад байгаагаас үзэхэд өнөөх ардчиллын алтан хараацай гэгдэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань харин ч эсрэгээрээ АН-ыг байнга хад мөргүүлдэг “ялтан” гэлтэй. Уг нь АН-ын ялалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулсан хувь нэмэр их байлтай.

АН-ын тэр дундаа Н.Алтан­хуягийн хувьд Ц.Элбэгдоржтой холбоотой гэгээлэг мартагдашгүй дурсамж их гэдгийг Монголын ард түмэн мартаагүй л байх. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг АН-ын даргын тамгыг одоогийн төрийн тэргүүнээс хүлээн авч, улмаар 2012 оны сонгуулийн ялалтын ашгийг хамгийн их хүртсэн азтай нэгэн төдийгүй Ерөнхий сайд болтлоо дэвшиж явсан хүн. Монголын аль ч Ерөнхий сайдын танхимд байгаагүй их хөрөнгөн дээр түүний тэргүүлсэн Засгийн газар “заларч” байлаа. Тодруулбал,  “Чингис”, “Самурай” зэрэг бондыг ээлж дараалан босгосон. Харин тэр их хөрөнгийг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар ёстой нэг баруун, солгойгүй цацаж байсан гэдэг юм билээ.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкаар дамжуулан олгосон эдгээр бондын зарцуулалтыг МАН-ынхан шалгаж, эхнээс нь но-той, ноцтой зүйлүүдийг нь баримтаар нотлон дэлгэж эхэллээ. Мэдээж Засгийн газрын тэргүүн байсан хүний хувиар энэ бүхний хариуцлагаас үүрэлцэх л учиртай байх. Тиймээс ч бондын мөнгийг хэрхэн “цацсан” талаараа тайлагнах бус харин ч “Томоохон бүлэглэл намайг оролдоод байна. Намайг тэр шорондоо хийгээд өг. Би улс орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч бууж өгөхгүй тэмцэлдэнэ” гэх мэтээр уриалга, лоозонгийн шинжтэй сүржин мэдэгдэл хийж, асуудлыг өөр зүгт эргүүлэн улс төрийн тоглолт хийж байгаа бололтой юм.

Түүгээр ч барахгүй түүнийг Оюутолгойд шахаа хийсэн гэдэг баримт ил тод болоод буй. Тодруулбал, Оюутолгойн зардал өссөн шалтгаан нь экс Ерөнхий сайдын нэг хэтэвчтэй гэгддэг М Ойл компани өндөр үнэтэй шатахуун шахсантай холбоотой гэдэг юм билээ. Бүр тендер зарласан компаниуд дундаас хамгийн өндөр өртөг буюу литр тутмыг өнөөдрийн үнээр 1834 төгрөгөөр үнэлсэн М Ойл компанийг Оюутолгой сонгосон нь Н.Алтанхуягтай холбоотой гэх юм билээ. Үнэндээ Н.Алтанхуягийн Ерөнхий сайдын албан тушаалыг ашиглан, хэтэвч нэгтэй М Ойл компани нь Оюутолгойд бусдаасаа илүү үнэтэй шатахуун шахаж.

Ингэснээр Н.Алтанхуягийн халаас руу чамгүй хөрөнгө урсан орсон нь мэдээж. Үүнийг төрийн эрх барьж байсан Ерөнхий сайд мэдэхийн дээдээр мэдэх учиртай баймаар. Тэгвэл мэдсээр байж зардал нэмэгдүүлэх шахаа хийснийг нь түүний хувийн эрх ашиг, шунал гэхээс өөр юу гэх вэ дээ. Энэ бүхэн Н.Алтанхуягийн үнэн дүр төрхийг харуулах бодит жишээ.

Н.Алтанхуягаас эхлэлтэй Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж хэмээх хүнийг муу, муу­хай­гаар хэлж “од” бологсод сүүлийн үед улам ч олшрох шинжтэй. Тухайлбал, өнгөрсөн парламентад УИХ-д суусан бие даагчид түүнтэй л үзэлцээд байна уу гэмээр “шоудаж”, олонд танигддаг байлаа. Энэ мэтээр “од” болох хүсэлдээ хөтлөгдсөн “поп”-ууд Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг нэрд гарах тийзээ бол­гон ашиглаад байна уу даа гэл­тэй. Уг нь түүний Монгол Улсыг ардчилсан чөлөөт нийгэмд шил­жи­хэд оруулсан хувь нэмрийг нь бодсон ч Ерөнхийлөгчийн албыг нэр төртэйгөөр найман жил хашиж байгааг нь бодсон ч нэр төрөөр нь “шоу” хийгээд байдаг шалихгүй улс төрөө болимоор юм даа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.