Сенсаацийн эргэн тойронд
Монголын Үндэсний бөхийн холбоо гэж нэг дампуу газар байгаа. Холбооны тэргүүн Р.Нямдорж гэдэг нөхөр сүүлийн хэдэн жилд утгаар нь “самарч” буй. Жил болгон 1-2 бөхийг допингийн асуудалд орооцолдлоо хэмээн зарлаж, буцаагаад өөрийнхөө булхайг дэлгүүлж байгаа. Энэ жил ч допингийн асуудал дахин сөхөгдсөн. Гэхдээ хоёр залуу бөхийн нэрийг зарласан нь эргээд асуудал болсон. Мөнгөгүйг нь унагалаа гэдэг яриа одоо болтол дуусаагүй л байна. Цаашлаад УИХ-ын гишүүн А.Сүхбат цолны найрааны асуудлыг ярьж, бүр үнийн дүнгийг нь зарлачихаад байгаа. Энэ мэтээр Үндэсний бөхийн “дайн” үргэлжилсээр. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа энэ асуудлыг онцолж байгаа юм.
Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээш илэрЧээ
2016.10.26: Наадмын дараагаас эхлээд л допингийн шинжилгээ гээд бөөн юм болдог. Энэ жил ч гэсэн асуудал үүссэн. Энэ талаар цахим сайтууд “ Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн билээ.
Тус лабораториос 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай, Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн. Лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь хүргүүлсэн.
Үндэсний бөхийн холбоо болон дээрхи хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны аравдугаар сарын 11-ны өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ” хэмээн мэдээлсэн юм.
Н.Батсуурь: Допингийн хариугаа биЧгээр авмаар байна
2016.10.27: Допингийн асуудал сөхөгдсөнөөс авахуулаад олон хүн байр сууриа илэрхийлж, янз бүрээр тайлбарлаж эхэлсэн. Түүний нэг нь Улсын арслан Н.Батсуурь. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, “Энэ допингийн асуудлыг хүмүүст ил тод байлгамаар байна. 32 бөх шинжилгээ өгсөн, хоёр хүнээс допинг илэрсэн байна. Гэтэл нөгөө 30 хүний тоонд би бас байгаа. Харин допингийн хариу ерөөсөө ирсэнгүй. Жил бүр л ийм байна, илэрсэн, илрээгүй гэдэг. Энэ асуудлыг ард түмэнд ил тод харуулахыг хүсч байна. Бичгээр хариугаа авмаар байна шүү дээ. Бусад бөхчүүд ч гэсэн энэ асуудалд нэгдэх хэрэгтэй. Шударга өрсөлдөөн, шударга тэмцлийн төлөө Монгол Бөхийн холбоо ажилламаар байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
А.СҮхбат: Сум, аймгийн цолыг 5-50 саЯаар авдаг болжээ
2016.12.07: Монголын Үндэсний бөхийн холбооны “Их эе” хуралдах тов гарахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хэсэг хүмүүс хэвлэлийнхэнд хандаж, байр сууриа илэрхийлсэн.
Тэр дундаа А.Сүхбат аварга цолны найраа ямар үнэ өртөгтэй болсон талаар ч хэлсэн юм. Тэрбээр “Би Монгол улсын дархан аварга хүн. Миний бие Монголын ард түмэнд өртэй хүн гэж бодож явдаг. Эрийн гурван наадам биднийг хүн болгосон. Би 30 гаруй жил монгол бөхдөө үнэнч явж байна. Р.Нямдорж гуайд хандаж хэлэхэд, одоо та болоо юм биш үү.
Таны хувьд хууль бусаар Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр явлаа. Хангалттай биш үү. Хэдэн жил бөхийг самрах гээд байгаа юм бэ. Таниар удирдуулья гэсэн, ажлаа хийлгэе гэсэн бөхчүүд байхгүй байна. Монгол бөх цэвэр ариун байна гэдэг бол Монголын төр цэвэр ариун байх учиртай. Ийм бодол өөрийн эрхгүй гарч байна. Сум орон нутгаар явж байхад үндэсний бөхтэй холбоотой олон гомдол гаргадаг. Аймаг, сумын наадам хүртэл найраатай болжээ. Сумын заан болоход тав, аймгийн арслан болоход 50, улсын начин цол 500 сая төгрөгийн ханштай болжээ” хэмээсэн юм.
Д.Данзан: Анхны допинг 2002 онд А.СҮхбатаас илэрснийг батална
2016.12.09: А.Сүхбат аварга тэргүүтэй хэсэг хүмүүс хурал хийсний дараа Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд хэвлэлийнхэнд хандаж, өөрсдийгөө өмөөрсөн. Тэр хурлын үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “Допингийг яагаад дэлхий дахинд хориглодог гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Спортын шударга байдал, тамирчны эрүүл мэнд, генийн удмын асуудал хөндөгдөнө. Монгол үндэсний бөхөд 1999 оноос допингийн шинжилгээг авч эхэлсэн. 2002 онд анх удаа наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илэрсэн. 2003 онд допингийн асуудлыг хуулиндаа оруулсан. 2002 онд анх допингийн зөрчил гаргасан бөх бол аварга А.Сүхбат.
Тухайн үед МҮБХ-ны тэргүүлэгчид түүнд ямар хариуцлага тооцуулах талаар хуралдаж байхад шүүхээс манай хуралдааныг зогсоох захирамжийг А.Сүхбат өөрөө барьж орж ирсэн. Тэгээд тэр хүн улс даяар дуулиан тарьж, өөрт нь арга хэмжээ тооцох боломжид нөлөөлсөн.
Тэрнээс хойш нэлээд олон бөхөөс допинг илэрсэн. Энэ нь анх А.Сүхбатад хариуцлага тооцоогүйгээс болсон гэсэн үг. Үндэсний бөхчүүдээс допингийн зөрчил гаргасан анхны хүн нь А.Сүхбат гэдгийг би өнөөдөр албан ёсоор хэлье. Шинжилгээний хариу Өмнөд Солонгосын лабораторид хадгалагдаж байгаа. Бид допингийн эсрэг арга хэмжээг авч байгаа. Шат дараатай зүйлс төлөвлөсөн. А.Сүхбат үндэсний бөхийн аварга цолтой хүн байтлаа “Сумын заан болоход таван сая, аймгийн арслан болоход 50 сая, улсын начин цол 500 сая болсон” гэж ярьсан байна билээ.
Үүгээрээ тэр өнөөдөр хүч, бяр, ухаанаа уралдуулан барилдаж байгаа бүх бөхчүүдийг гутаан доромжилж, хавтгайруулан гүжирдэж байна” хэмээсэн юм.
Р.НЯмдорж: Д.Данзан бид хоЁр ажлаа ӨгнӨ
2016.12.09: Мөн хурлын үеэр Р.Нямдорж тэргүүн “2017 оны хоёрдугаар улиралд буюу тавдугаар сард багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их эе”-ийн товыг тогтооно. МҮБХ-ны ээлжит их эеийг хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, удирдлагаа сонгоно. Би ажлаа өгнө.
Манай бөхчүүдийн 60 хувь намайг дахиад ажиллуулах хүсэлтэй байгаа. Гэхдээ одоо миний хувьд болно. 1988 онд монгол бөхийн өнөөдрийн төвшинд хүргэх төсөөллөө нийтлэл болгон бичиж байлаа. Бодит байдал дээр биелэлээ олсон. Д.Данзан бид хоёр ажлаа өгнө. Өөр хийх ажил олон байна. Бид хоёр эрдэм номын улс.
Харин миний ажлыг авсан хүн цаашид хугацаагүй байж болохгүй. Р.Нямдорж, Д.Данзан нарын баг 26 жил болсноор Монгол бөх хожсон. Тэргүүнээ дөрөв, найман жилээр солиод явсан бол Монгол бөх өнөөдрийн амжилтад хүрэхгүй байх байсан. Нэгэнт монгол бөхийн хөгжлийг тодорхой түвшинд хүргэчихсэн учраас дөрөв, найман жилээр солигдох ёстой” хэмээсэн юм.
Сэтгүүлчийн өнцөг
БӨХИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАХ ЦАГ БОЛЖЭЭ
Монгол бөхийн дэвжээ ариун байх ёстой. Шударга өрсөлдөх хэрэгтэй гэх мэт гоё үгсийг сүүлийн хэдэн жил бөхтэй холбоотой бүхний амнаас л сонслоо. Өнөө хулгай ч л хугайчийг бариарай гэж хашгирдаг гэдэгтэй адилхан юм уу даа, янз нь. Тэр цол авахдаа тэрэнд тэдэн төгрөг өгч гэнэ ээ. Ингэж ч цол худалдаж авсан юм байх гэсэн явган яриа дүүрэн л байдаг. Гэхдээ Монголын ард түмэн бөхөө дээдэлдэг, хүндэлдэг учраас арай үгүй байх гэж санасаар, итгэсээр явсан. Гэтэл цолны найраа бүр мөнгөн дүнтэй нь хэлээд өгчихлөө, А.Сүхбат аварга. Хэдэн жилийн өмнө Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ч гэсэн нэгэн ярилцлагадаа найраатай холбоотой асуудлаар ам алдаж байсныг санаж байна. Дээрээс нь допингийн асуудал ч гэсэн эргэлзээтэй болчихлоо.
Зарим нэг хүмүүс бухимдаад, мөнгөгүй, залуу бөхчүүдийг допингийн асуудалд орооцолдуулж, цолыг, чимгийг нь хураадаг гэж бичээд, яриад байгаа нь ч үнэний ортой ч юм шиг болчихлоо. Одоо тэгвэл хууль хяналтын байгууллага, АТГ-т гомдол гаргаад, шалгуулах цаг болчихсон юм биш үү. Хэрвээ үнэхээр л шударга ёсыг хүсч байвал шалгуулаад, үнэн мөнийг нь тогтоолгоод, буруутай бол шүүгээд, тогтоогдвол хориод явах хэрэгтэй байх.
Гадны орнуудад томоохон тэмцээн уралдаанаа авлига, хээл хахуул, наймаалцах асуудалд орооцолдуулахгүйн тулд олон арга хэмжээ авдаг. Байнга шалгадаг, хэрвээ баригдвал эрхийг нь хасдаг. Харин манайд бол бие бие рүүгээ дайраад л өнгөрдөг. А.Сүхбат аварга хэчнээн жил бөхөөр барилдсан билээ. Монгол Улсын Дархан аварга цолтой хүн. Тэр хүн бөхийн “гал тогоо”-нд хэчнээн жил чанагдсан билээ дээ.
Цолны найраа байдгийг хамгийн сайн мэдэх нэгэн. Тэгээд ч үнэ ханшийг нь ч сайн мэдэх учиртай. Харин түүний мэдэгдлийн хариуд Бөхийн холбооныхон юу гэв. Зүгээр л нийт бөхчүүдийн нэр хүндийг унагалаа гэсэн шалдир булдир хэрүүлийн шинжтэй үг хэлээд л өнгөрлөө. Тэд үгүйсгэж чадахгүй шахуу байна. Тийм болохоор АТГ-т хэн нэгэн нь өгөөд, гомдол гаргаад, шалгуулах цаг болсон. Тэр жил Улсын арслан Х.Мөнхбаатарыг допингийн асуудалд орооцолдуулахад юу боллоо доо.
Р.Нямдорж тэргүүний хүү Н.Ганбаатар гарьдад унаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөгүйн төлөө допингийн хэрэг гаргаж ирсэн гээд л арслан баахан гомдоллоо биз дээ. Тэгэхээр найраа бол байгаа, бүр хавтгайрчихлаа. Наадмаар бид улсын цолтой хэдэн том бөхийн найруулсан “жүжиг”-ийг л үзэж байгаа шүү дээ.
Чи тэрэнд тэгж уна, би тэдийг авна гэсэн “жүжиг”. Би мэдээд хэлсэн юм биш, А.Сүхбат аварга ингэж яриад байгаа шүү. Нөгөө талаар Д.Данзан гэдэг хүн А.Сүхбат аваргыг 2002 онд допинг хэрэглэснийг мэдсээр байж нуун дарагдуулсан юм биш үү. Эсвэл холбооны но-той асуудлыг ярихаар сөргүүлж тавьж байгаа явган хэрүүл юм уу. Үнэхээр А.Сүхбат аварга 2002 онд допинг хэрэглэж байсан бол шалгаж тогтоох ёстой биз дээ.
Тэгээд тогтоогдвол дараа дараачийн арга хэмжээг авах хэрэгтэй. Зүгээр л ингэж хэвлэлээр булайгаа дэлгэлцэж яана аа. Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтэй хүмүүс 20 жил Бөхийн холбоог самарчихаад одоо ажлаа өгнө гэнэ. Өгөх ч ёстой байх. Гэхдээ дараагийн хүмүүс нь удаан сууж болохгүй, дөрвөн жилээр солигд энэ тэр гээд ярьчихсан байгаа юм аа, бас. Өөрөө болохоор ханатлаа сууж болдог бусад нь болохоор болдоггүй юм уу.
Ерөөс яаж ч бодсон Монголын Үндэсний бөхийн холбоо гэдэг энэ газарт хамгийн адгийн, муу муухай бүхэн үүрэлчихсэн. Тэгээд хэвлэлээр тэрнийгээ уудлалцаж, булайгаа чирээд л. Энэ хүмүүс ажлаа өгөх ч яамай. Түүнээс нь өмнө сайтар шалгаад, бүгдийг нь илрүүлээд, Монгол бөхийг цэвэр ариун болгочих газар Монголд байгаа юу. Шалгуулахаар гомдол гаргаад, асуудлыг шийдэлцчих хүн байна уу.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.