П.Нүрзэд: Шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, татвараа төлсөн гишүүн намын даргын сонгуульд санал өгнө

П.Нүрзэд: Шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, татвараа төлсөн гишүүн намын даргын сонгуульд санал өгнө

Ардчилсан нам VI  Их хурлаараа намын даргаа нийт гишүүдийнхээ саналаар сонгохоор болсон. Энэ дагуу гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг орон даяар хийгээд эхэлжээ. Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй энэ талаар ярилцлаа.

-Намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгох болсон учир гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийгээд эхэлсэн. Энэ ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

-АН-ын зургадугаар Их хурал болж, Үндсэн дүрэм, журмаа шинэчилсэн. Дүрэмд оруулсан өөрчлөлтийн дагуу намын даргын сунгааг улс орон даяар эхлүүлсэн байгаа. Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг  2016 оны арванхоёрдугаар сарын 12-17-нд хийсэн.

Намын даргад өрсөлдөх хүмүүс ч тодорхой болж, Их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу АН-ын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж, нэр дэвших эрхээ авлаа.

Намын даргыг бүх гишүүдийн саналаар сонгохтой холбоотой гишүүдийн шинэчилсэн бүртгэл хийх, татвар хураах, шинээр гишүүн элсүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажил 2017 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

АН 21 аймаг, есөн дүүргийнхээ хэмжээнд 180 мянган гишүүнтэй. Шинэчилсэн бүртгэлээр гишүүдийн тоо бодитой гарна.

-Гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдахын тулд хаана очиж бүртгүүлэх вэ?

-Шинэчилсэн цахим бүртгэлд хамрагдсан, татвараа төлсөн гишүүн намын даргаа сонгох сонгуульд оролцох эрхтэй болно. Манай намын гишүүний татвар сарын 100 төгрөг, жилийн 1200 төгрөг байдаг. Тэгвэл бүртгэлд хамрагдаж байгаа гишүүд 2016 оны татвараа бүрэн төлсөн байх ёстой. Тухайлбал, би Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны хоёрдугаар үүрийн АН-ын гишүүн. Шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа харьяа дүүргийнхээ намын байрандаа очихдоо намын батлах, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зураг авч очно. Мөн намын дансанд татвараа тушаасан байна. Тодруулбал, АН-ын 5028701420 тоот дансанд 2016 оны татвар болох 1200 төгрөгөө тушаах юм. Ингэж мөнгө тушаахдаа мөнгө тушаах баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт татвар төлж буй намын гишүүн регистрийн дугаараа заавал бичих ёстой. Энэ нь АН-ын гишүүний нэгдсэн цахим бүртгэлд бүртгэгдсэнийг илэрхийлэх төдийгүй АН-ын даргын сонгуульд оролцож, санал өгөх эрх нээгдэх үндэслэл болно. Банкинд мөнгө тушаасан баримтаа намынхаа үүрийн бүртгэгчид өгнө. Бүртгэгч намын батлахыг үндэслээд бүртгэлийг баталгаажуулах юм.

-Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол намын даргын сонгуульд оролцож, санал өгөх боломжгүй гэсэн үг үү?

-Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, татвараа төлөөгүй гишүүд намын даргын сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй.

-Шинээр гишүүн элсүүлэх үү?

-Шинэчилсэн бүртгэлийн үеэр шинээр элсэх гишүүдийг ч бүртгэнэ. Гэхдээ хуучин гишүүд буюу намын батлахтай гишүүд шиг санал өгөх эрх энэ удаад нээгдэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ богино хугацаанд шинэ гишүүддээ намын батлахыг нь хэвлэж өгч амжихгүй. Тиймээс шинээр элсэн орохыг хүссэн хүмүүс дүүргийнхээ намын хороонд очоод, анкет бөглөөд, АН-ын дүрэмтэй танилцаад, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд элсэх эрх нь нээлтэй.

-Энэ удаагийн гишүүдийн бүртгэлийн онцлог юу вэ?

-Гишүүнчлэлийн бүртгэлийг намын анхан шатны үүрүүд хийдэг байсан бол одоо төв намын ажил болж байгаа. Гишүүд намын үүр дээрээ очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна.

Улс төрийн намуудаас АН анх удаа нийт гишүүдийнхээ саналаар намын даргаа тодруулах гэж байна. Өмнө нь цөөхөн хүн буюу төлөөллийн ардчиллын зарчмаар даргаа сонгодог байсан. Тэгвэл одоо нийт гишүүдийнхээ саналаар сонгох юм. Ингэснээр үндэсний хэмжээнд лидер хүн АН-ын даргаар сонгогдоно гэсэн үг.

-Хөдөө орон нутагт цас, зудтай байгаа. Тиймээс намын гишүүдээ бүртгэхэд асуудал тулгарч л байгаа байх. Ер нь зохион байгуулалт хэрхэн хийж байгаа вэ?

-Гишүүдийн бүртгэл орон даяар явагдаж байгаа. Мэдээж цастай, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум байна. Тийм газруудад аймгийн намын хороод гишүүддээ очиж бүртгэлийг нь хийх гэх мэтээр зохицуулалт хийж байгаа. Намын шинэчлэл, гишүүдийн шинэчилсэн бүртгэл, Ерөнхийлөгчийн сонгууль гээд 2017 онд олон ажил бидний өмнө байна. Олон хүн АН-ыг шинэчлэгдээсэй гэж хүсч байгаа. Тэр хэрээр бид ард түмний итгэлийг алдахгүй хичээж ажиллах болно.

-АН-ын шинэчлэлийг та хэрхэн харж байна вэ?

-Шинэчлэл хамгийн бодитойгоор хийгдэж байгаа нам бол АН. Цаашдаа ч АН бүгдийн анхдагч байна, байсаар ч байх болно.

-Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хариуцлагаа хүлээж, ажлаа өгнө гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудал хэзээ яригдах бол?

-Мэдээж, энэ асуудлыг цаг нь болохоор ярина.  

-АН-ын даргад нэр дэвшигчээс 250 сая төгрөг хураасан нь шүүмжлэл дагуулж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-АН бол үндэсний хэмжээний том нам. Намын даргыг бүх гишүүдийнхээ саналаар тодруулах ажлыг орон даяар өрнүүлэх гэж байна. Ингэхийн тулд мэдээж тодорхой хэмжээний зардал гарах нь ойлгомжтой. УИХ-ын сонгуулийг хэдэн төгрөгөөр, хэрхэн зохион байгуулдаг билээ дээ. АН-ын даргын сонгууль ч УИХ-ын сонгуулиас  дутахааргүй том хэмжээний сонгууль болно. Тиймээс нийт гарч байгаа зардлыг нэр дэвшүүлж буй хүмүүст хувааж гаргуулах хувилбарыг сонгосон. Түүнээс тэр мөнгөөр АН-ынхан идэж, уух гэж байгаа юм биш. Улсын хэмжээний компанит ажил хийж байхад харин ч бага зардал гаргах гэж байна. Тэгээд ч олон мянган гишүүдийн саналыг авч үндэсний хэмжээний том намын дарга болох гэж байгаа хүн энэ хэмжээний зардал гаргах л ёстой. Энэ асуудлаар улс төрийн шоу хийгээд байгаа нь утгагүй. Манай намын зарим нөхөд ч энэ талаар ярьсан байсан. Уг нь ийм том кампанит ажлыг удирдах гэж байгаа л бол бодолтой, тооцоотой дуугардаг байх хэрэгтэй. Ер нь шулуухан хэлэхэд, ийм гоншигнуур байж болохгүй. Манай намын дарга болох хүсэлтэй 250 сая төгрөг төлөөд нэр дэвшүүлж чадах хүн байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Тэгээд ч ямар 60 тэрбум төгрөг гэсэн биш. Энэ асуудлаар шоу хийгээд байгаа хүмүүс бодох л хэрэгтэй байх. Ер нь АН нээлттэй, ил тод байж ирсэн. Одоо ч тийм байна. Асуудал бүгдэд нээлттэй өрнөж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.