УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёолоор санал хураалгаж, дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хүчирхийлэлд өртөгсдөд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын, нийгмийн хамгааллын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр зааж өгсөн аж. Мөн орон нутаг бүрт хүчирхийлэлд өртөгсдийг байршуулах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ байгуулна. Гол нь санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай тул 2017 оны төсөвт тодотгол хийх үед шаардлагатай төсвийг нь баталж өгөх ёстой болж буй юм байна. Гэр бүлийн хүчирхийллийг эхний удаа үйлдсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэх бол удаа дараа үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ. Одоогийн нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэгсэдтэй холбоотой гомдлын 90 орчим хувь нь мөрдөн байцаалтын шатанд эвлэрсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болдог байна. Гэтэл дараа нь дахиад хүчирхийлэл үйлдэгддэг. Иймээс мөрдөн байцаалтын шатанд энэ төрлийн хэрэгтэй холбоотой гомдол эвлэрсэн гэдэг шалтгаанаар хүчингүй болохгүй, хохирол барагдаж, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэдэг нь батлагдсан нөхцөлд шүүхээр хэлэлцэж, шийдэх болжээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Бид энэ хуулиар 103 зарчмын зөрүүтэй санал хураах нь. Энэ хууль өөрөө 45 зүйлтэй. Ийм төсөл дээр бид 103 санал хураачихаар Засгийн газрын агуулга үлдэж байгаа юм уу. Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл өөрчлөгдчихөж байгаа юм биш үү. Би гайхаад сууж байна. Хуульчдаас зөвлөгөө авмаар байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Энэ бидний санал хураах гэж байгаа 103 зарчмын зөрүүтэй саналын 80 гаруй хувь нь редакцийн засвар. Тэгэхээр хуулийн төслийн агуулга өөр болоогүй. Намар редакци уншаад болохгүй байна гэсэн хууль яг хэвээрээ орж ирж байгаа. Хоёр өгүүлбэр л нэмэгдсэн. Одоо үүнийг Засгийн газар руу буцаах ямар ч шаардлага байхгүй. Энэ хуулийг хурдан баталмаар байна. Нийгмийн маш их хүлээлт байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ер нь нэг анхаараад баталчихмаар байна. Боломж л олдвол буцаачих гээд байх юм. Анх хүчирхийллийн эсрэг хуулийг найруулгаар нь уншаад явчих юмыг орон нутгийн тухай сонгууль гээд явсан. Дараа нь аялал зугаалга гээд. Одоо батлагдах гээд ороод ирэхээр нь олон кноп дарлаа энэ тэр гээд байх юм. Та Өвөрхангай аймгаас сонгогдсон байх аа. Өнөөдөр таныг олон хүмүүс харж байгаа. Айлын охиныг авч суучихаад зовоодог асуудал айл бүрт бий. Дорнод аймагт өчнөөн хүүхэд амиа хорлочихоод байна. Би судалгаатай юм ярьж байна шүү. Тэтгэврийн хөгшин яах гэж тэтгэврийн зээл авдаг юм. Үр хүүхэддээ л зориулдаг. Хангалттай судалсан. Хангалттай ярьсан. Одоо болио С.Чинзориг гишүүн ээ. Та ингэж харгис хандаж болохгүй шүү.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
-Гишүүдээ заримдаа байж байгаад тонгорчих гээд байх юм. С.Чинзориг гишүүн буцаая гэж огт хэлээгүй шүү дээ. Олон санал хурааж байна л гэлээ. Энэ зөв л дөө.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Миний хэлэх гэсэн санааг Ц.Нямдорж гишүүн хэлчихлээ. О.Баасанхүү гишүүн баян айлын эрх хүүхэд шиг дураараа загнаж, хүмүүсийн хэлсэн үгэнд тайлбар хийж болохгүй. Зарчмын зөрүү гараад аль нь зарчмын зөрүүтэй санал юм, аль нь найруулгын санал юм гэдэг нь ойлгогдохгүй байгаад байна. Хүний жам ёсны эрхэнд нь халдаагүй л бол хувь хүний дотоод эрхэд халдаагүй. Замын хөдөлгөөний хууль ч гэсэн хүний эрхийг хангасан байх тал дээр анхаарч хийхгүй бол уламжлалт сэтгэлгээ, орчин үеийн сэтгэлгээ хорондоо зөрчилдөх вий. Ингэж 103 санал хураадаг дэгийг өөрчлөхгүй бол их хурлын үйл ажиллагааны үр ашгийг бууруулж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Би энэ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан, сүүлийн. Шинэчилсэн найруулгыг хийгээгүй орхисон. Энэ дээр нэлээд шинэ зүйл орж ирсэн байна. Бид цаашид нэг зүйлийг ойлголцох хэрэгтэй. Зарчмын зөрүүтэй санал, найруулгын санал гэж ангилчихаар найруулга дотроо зарчмын санал зөрөөд хуулийн хулгай хийчих гээд байгаа юм. Зарим газар нэг үг зарчмын санал болдог. Жишээ нь, үндсэн гэдэг үгийг харгалзан гэж үзвэл маш их техникийн зөрүү гарна. Үүнтэй адил хууль дотор үг, цэг солих нь тэр аяараа зарчмыг өөрчилдөг. Ялангуяа иймэрхүү хууль дээр найруулгын засвар гэж байх ёсгүй. Үүн дээр нэг тийшээ туйлшрахгүй байх хэрэгтэй байна. Бид анхнаасаа Загсийн газраасаа өргөн барьсан төсөлд техникийн юм гаргамааргүй байна. Ер нь энэ хуулийг батлаад гаргачих ёстой. Нэгэнт гараад явбал их эмзэг асуудал учраас шууд үйлчлээд явна. Цаашид С.Чинзориг гишүүний тавьж байгаа үндсэн зарчмаасаа их санал хурааж байгаа нь бидний ажлын гологдол шүү гэдгийг анхаарах ёстой
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Өмнөх батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас одоогийн орж ирж байгаа шинэ хуулийн төсөл хэр өөрчлөгдсөн бэ. Мэдээж хэрэг ажлын хэсэг өмнөхөөс нь сайжруулахаар л ажилласан гэж бодож байна. Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцах юм байна. Энэ зардал хаанаас гарах юм. Тухайлбал, өмгөөллийн үйлчилгээ ихэнхдээ хувьд шилжсэн байгаа. Тиймээс ямар байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа явах вэ. Хоёрдугаарт, иргэн, хөрш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг өгөөгүй бол ямар нэгэн хариуцлага хүлээх үү. Гуравдугаарт, гэрч, хохирогчийг яаж хамгаалах вэ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Нэлээд хэдэн өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийг тухайн орон нутагтаа байгуулах заалт орж байгаа. Энэ нь хүчирхийлэлд өртсөн тохиолдол гарахад хамтарсан баг тухайн газарт очиж асуудлыг шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, хохирогч хэрвээ гомдлоосоо татгалзсан эсвэл хүчирхийлэгч этгээдтэй эвлэрсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй. Гуравдугаарт, гэмтлийн зэргээсээ хамаарахаас илүүтэй нэг удаа зодсон бол захиргааны хариуцлага, хоёр дахь удаагаа гээд удаа дараа байвал үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Түүнчлэн тухайн орон нутгийн хүн амын тооноос хамаарч нэг цэгийн үйлчилгээний цэгийг байгуулахаар байгаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Өмнөх хуульд нэлээд олон өөрчлөлт орсон. Тухайлбал, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаад, нийгмийн хор хөнөөлийн шинж чанараас шалтгаалаад цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийн хэрэг үүсгэх үү, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах уу гэдгээ тогтдог. Улмаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх явцад нийт өргөдөл гомдлын 90 хувь нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд эвлэрээд, зан үйлийн сургалтад суугаагүй нөгөө нөхөр дахиад л хүчирхийлэл хийдэг. Тэгвэл өнөөдрийн орж ирж байгаа энэхүү хуулийн гол агуулга нь дагалдаж батлагдан гарч байгаа есөн хуультайгаа цогцоороо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх юм. Энэ хүрээнд уг хуульд зааснаар эвлэрэл гэдэг ойлголт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байхгүй. Гэхдээ гэр бүлийг бүрэн бүтэн авч үлдэхийн тулд үнэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хор хохирлоо барагдуулсан тохиодолд шүүхэд хэрэг маргаан шийдэгдэх явцад эвлэрч болно. Түүнээс нааших шатанд 90 орчим хувь нь эвлэрдэг асуудал үгүй болно.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжиж байгаа. Маш олон хүмүүс санал ирүүлсэн. Тэдний саналын дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчидэд хүлээлгэх хуулийн хариуцлага орж ирээд байгаа төсөл дээр хангалтгүй байгаа гэсэн байна. Тиймээс энэ тал дээр ажлын хэсгээс тодруулга авмаар байна. Нөгөөтэйгүүр хүчрхийлэл үйлдэгч эдгээдэд тустай амьдрахыг даалгах, хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхэдтэй харьцахыг хориглох шаардлагатай гэж үзвэл согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар албадан эмчлэх зэрэг алга хэмжээг оруулж өгсөн үү.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Энэ хуулийн 46 дугаар зүйл тэр чигээрээ хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага тусгагдсан байгаа. Түүнээс гадна нэмэлт есөн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Тэдгээр хуулиудын нэг нь эрүүгийн хуулийн 120 дугаар бүлэгт маш нарийн тусгаж өгсөн. Шийтгэл хүлээхдээ гэмтлийн зэрэг болоод удаа дараа үйлдсэн эсэхээс шалтгаалаад захиргааны хариуцлага уу эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхээ тодорхойлох юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Хүн амын тоо, гэмт хэргийн гаралтаас хамаарч орон нутагт нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулна гэж заажээ. Түр хамгаалах байр нь нууц байна, аюулгүй байдлыг нь цагдаа хангана гэхээр зардал нэлээд шаардах нь. Гэтэл уг хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 01-н гэж заасан байна. Улсын төсөв батлагдчихсан, зардлыг яаж шийдэх вэ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ шинээр байгуулах боломж байна уу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Нэг цэгийн үйлчилгээний төв улсын хэмжээнд тав байгаа. Шинээр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах төв байгуулахад урсгал зардал ихээр шаардана. Тийм ч учраас энэ асуудлыг ажлын хэсэг дээр их ярьсан. Орон нутгууд төсвөө баталсан. Хэдий урсгал зардал нь хүндрэлтэй ч ямар ч байсан УИХ хуулиа батлах нь зөв юм. Тэр цагт төсөвт тодотгол хийх шатанд шаардлагатай зардлыг нь батлаад явах боломж бий.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
-Энэ хууль хөдөөний амьдрал дээр яаж буух вэ гэдгийг бодолцож хийх ёстой. Захиргааны зөрчил гаргасан ч гомдлыг үл харгалзан заавал шүүхээр шийддэг юм руу явах болж байна. Ингэсэн нөхцөлд шүүхийн ачаалал нэмэгдэнэ, ялихгүй шалтгаанаар малчид аймаг руугаа дуудагдах болох нь. Монгол бол нүүдлийн болоод суурьшмал амьдралтай орон. Суурьшмал амьдралтай орны хуулийг аваад хэрэглэхээр нүүдлийн амьдралтай иргэдийн эрх ашиг хөндөгдөх болдог. Жишээлбэл, 310 гаруй сум шүүхгүй, хэрвээ энэ заалт дэмжлэг хүлээх юм бол хөдөөний малчин ялих, шалихгүй шалтгаанаар аймаг руугаа шүүхэд дуудагдаж, цаана нь таван хүүхэдтэй эмэгтэй л үлдэх болж байна. Байнгын хороогоор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд томъёоллыг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол гэр бүлийн нарийн ширийн асуудал Эрүүгийн хууль руу татагдан орох болж байна.
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой юу
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаан товлосон цагтаа эхэллээ. Сүүлийн үед гишүүд ажилдаа хойрго хандаж байнгын хороо, чуулганы хуралдаанууд ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар хуралдаж чадахгүй байсан. Харин УИХ-ын дарга М.Энхболд ажлын айлчлалаар ОХУ- руу явсанаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааныг удирдан явуулсан. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанд ирээгүй гишүүдийг нэрсээр нь нэг бүрчлэн дуудаж, орой хуралдаан завсарлахад “Маргааш та нар хуралдаандаа яг цагтаа ирнэ биз. Энэ чинь бас хүний ажил амьдралтай холбоотой ажил юм шүү. Үнэхээр ирж чадахгүй бол туслахаараа дамжуулаад шалтгаанаа УИХ-ын Тамгын газарт хэлж бай” хэмээн гишүүдийн амлалтыг авсанаар чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн. Тэгвэл ийм амлалт өгсөн гишүүд маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт хоцролгүй ажилдаа ирж, хуралдаан ч товлосон цагтаа эхэлсэн юм.
Баасан гарагийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа. Хуулийн төсөл нь дөрвөн бүлэг 17 зүйлтэй юм. Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгох зэрэг ахмад буурлуудад олон хрэгтэй асуудлыг тусгаж өгсөн байна. Тиймээс энэ удаагийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэрхэн хэлэлцэж буйг онцлон хүргэж байна. Хуралдааны үеэр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж бололцоо бий эсэхийг нэлээд олон гишүүн асууж тодрууллаа. Мөн нэг салбарт, ижил мэргэжлээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай, тэтгэвэрт гарсан ахмадууд сэтгэл санаагаар унаж, тэрхүү хямрал нь богино наслахад хүргэж мэдэх тул тэтгэврийн насыг 60-65 болгох зэрэг саналыг гаргаж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Бид сонгуулиар ярьсан зүйлийнхээ нэг чухал хэсэг болж ахмадуудад амлалтаа биелүүлж эхэлж байгаад сайшааж байна. Би тэтгэвэрийн хэмжээний хувьд хэдэн зүйл хэлмээр байна. Учир нь ам.долларын ханш 2012 онтой харьцуулахад, тухайн үед 1400 байсан. Одоо бол 2400 төгрөг болсон. Тэгэхээр 1000 төгрөг буюу 60-70 хувиар иргэдийн худалдан авах чадвар уначихсан байгаа. Тиймээс бид энэ хэмжээний мөнгийг ахмадуудад нөхөөд өгчих байсан юм. Гэтэл санхүүгийн хувьд боломжгүй гээд бидний тархийг угаагаад байгаа. Уг нь боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Үзэл бодлоор нь хуваагдсан ахмадын холбоог цэгцлэх ямар арга хэмжээ авах вэ?
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Монголын ахмадын холбоо нь нийт ахмадуудыг төлөөлнө. Монголын чөлөөт холбооны удирдлагуудтай хууль боловсруулах явцад уулзаж, хоёр холбоог нэгдэж ажиллахыг хүссэн. Ингэхдээ улс төргүйгээр нэгдэж ажиллах зарчим баримтлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Ахмадууд тэтгэврийн мөнгөө 2-3 жилээр зээлээд авчихдаг. Үүнээс болоод өдөр тутмын амьдралдаа хэрэглэх мөнгөгүй болчихоод байна. Иймээс тэтгэврийн зээлийн олголтод хэмжээ тогтоох хэрэгтэй. Нийтийн тээврийн унааны хөнгөлөлтийг хөдөө орон нутгийн ахмадууд хэрэглэдэггүй. Мөн нийслэлд ирээд эмнэлэгт үзүүлэхэд оочер дугаар нь хүчрэгдэхгүй байна. Хиймэл шүдний хөнгөлөлт таван жил байгаа нь ч оновчгүй шийдвэр биш үү?.
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр хуралдаж, нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд байршуулахдаа Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулна гэсэн шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар тус сангийн 557 тэрбум төгрөг есөн хувийн хүүтэйгээр хадгаламж хэлбэрээр банкинд байршиж байна. Мөн харилцах дээр байгаа 640 тэрбум төгрөгийг хадгаламж руу байршуулж, 15 хувийн хүүтэй байршуулах гэхчлэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж тэтгэврийн зээлэнд 1-6 сарын хугацаа тогтоох, дараа зургаан сард нь тэтгэвэр өгөхгүй байх эсвэл 50 хувьд нь зээл олгох, нэг дор зээлийн хүүг авч байгааг уян хатан болгох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулсан. Ахмадууд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зориулж, наймдугаар сард зээл ихээр авдаг юм билээ. Энэ асуудлыг шийдэхэд Боловсролын зээлийн сан ихээхэн нөлөө үзүүлэх юм. Хуулийн төсөлд орон нутгийн ахмадууд нийслэлд ирээд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг тусгасан.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Манай улсад тэтгэврийн зөрүүтэй хэдэн ахмад настан байгаа вэ. Манай намын мөрийн хөтөлбөрт ахмад настаны хөдөлмөр эрхлэх, зөвлөх үйлчилгээ эрхлүүлнэ гэж байгаа. Тэдний ажил үйлчилгээг хэрхэн үнэлэх юм бэ. Мөн ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, групп сунгуулах тал дээр асуудал үүсээд байна. Группийн мөнгөний хэмжээг багасгаж олгоод байна гэсэн гомдол ирсэн. Үүнд хариулт өгөөч.
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол энэ хуулийг шинэчлэн өөрчлөх гол шалтгаан болсон. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг есдүгээр зүйлд тусгайлан оруулсан. Нийт ахмадын 67.5 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой, боломжтой гэсэн судалгаа бий. Энэ асуудлаарх олон улсын туршлагыг судалсан. Ахмад настныг авч ажиллаж байгаа аж ахуй нэгжийг дэмжих асуудал ч бий. Эрүүл мэндийг хамгаалах асуудлыг уг хуулийн 10 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Ялангуяа урьдчилан сэргийлэх бодлого чухал юм. Эдгээр асуудлыг нийгмийн даатгалын салбарын багц хуулиудад оруулах болно. Үүнээс гадна улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай тэтгэвэр дахин тогтоох аяныг эхлүүлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Ер нь нийгмийн даатгалын байцаагч нарын зохисгүй үйлдэлтэй холбоотой гомдол цагдаагийн байгууллага дээр тасрахгүй байгаа. Нэг байцаагч 7-8 саяаас 67 сая хүртэлх төгрөгийн зөрчил гаргасан байна. Эхлээд зөрчлийн асуудлаа тогтоосны дараа тэтгэврийн зөрүүний асуудлыг ярина. Адил хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг адилтгах асуудал яригдаж байгаа. Түүнээс бүх ахмад настны тэтгэврийг адил, тэгш болгох тухай биш шүү. Та бүхэн ойлголтоо нэгтгээрэй.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Ахмадын нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан өргөн хүрээтэй хуулийн төсөл болсон байна. Түлээ нүүрсний хөнгөлөлтийн асуудлыг орон нутагт бүхэлд нь олгох боломж байна уу. Хоёрдугаарт гэвэл тэтгэврийн зээлийн асуудал хүнд байна. Нэлээд олон ахмадын тэтгэврийн дэвтэр банкинд байдаг. Зээлийн хүү нь өндөр. Энэ зээлийн хүүг нэг удаа чөлөөлж өгөх боломж байдаг болов уу?
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Тэтгэврийн зээлийн хүүг нэг удаа чөлөөлж болох уу гэж олон хүн асууж байна. Энэ бол зах зээлийн зарчимд тугуурласан асуудал. Төр засаг тэтгэврийн зээлийн хүүг нэг удаа чөлөөлөх шийдвэр гаргаж болохгүй. УИХ-ын гишүүд ийм юм ярьж болохгүй. Энэ мэт зүйлээ олон нийтийн хэрэгслээр битгий яриарай. Үүнээс үүдэж нийтэд буруу ойлголт төрж мэдэх юм. Хоёрдугаарт, түлээ нүүрсний хөнгөлөлтийн асуудлыг тусгахаас гадна гэр орноо цэвэрлүүлэх, тусламж үйлчилгээ авах асуудлыг энэ хуулийн төсөлд нэмж тусгасан байгаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Монголын хамгийн үнэтэй баялаг бол Монгол хүн. Ахмадын хуримтлуулсан мэдлэг чадварыг өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн туршлага байхгүй. Тиймээс энэ хуулийн төсөлд ахмадын хөдөлмөр эрхлэх боломж, ахмадын нийгмийн халамж зэрэг бүхий л асуудлыг тусгаж чадсан бодлогын алхам гэж би харж байна. Тиймээс хуулийг яаж амьдралд хэрэгжүүлэх вэ, хуулийн хөшүүргийг бий болгох нь хамгийн чухал. Улс орнуудын хувьд хамгийн том асуудал нь насжилтын асуудал юм. Ганцхан Монголд ч биш. Жил бүр хүн амд эзэлж байгаа настай хүний тоо өсч байгаа. Тэгвэл манай улсад ямар асуудал дутагдалтай байна вэ гэхээр манайхан гавъяаныхаа амралтад гарлаа гэж бэлэгшээдэг. Гэтэл тэднийг гавъяаныхаа амралтад гарсаны олон асуудал тулгардаг. Тиймээс тэтгэвэрт гарахын өмнө нь “та тэтгэвэрт гараад амьдарлаа ингэж төлөвлөх ёстой шүү” гэдэг зөвлөгөөнүүдийг бусад улс оронд өгдөг юм билээ. Тиймээс энэ тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Залуу халуун насаа улс орондоо зориулсан ахмадуудынхаа асуудалд Монголын төр анхаардаг. Гэхдээ ахмадуудын сэтгэл санаатай холбоотой асуудалд тогтож ярих хүсэлтэй байна. Ахмадууд тэтгэвэртээ гарсаны дараа хэнд ч гологдохгүй бүрэн бүтэн хүн гэдгээ мэдрэхийг их хүсдэг юм билээ. Тиймээс бид энэ талаас нь анхаарах хэрэгтэй. Тухайлбал, нийтийн тээвэр зэрэг газруудад ахмад настай хүнд суудал тавиад өгөх тэмдэглэгээг заавал хуулиар биш журмаар зохицуулах хэрэгтэй байна. Түүнчлэн ахмудууд аялах сонирхолтой юм билээ. Тиймээс ахмадууд зориулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй.
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Хуульд аялал жуулчлалын чиглэлийн заалтууд байгаа. Түүнчлэн энэ хуульд ахмад настны хүндлэл гэж зүйл байна. Хуулийн хүрээнд хэд хэдэн удаа ахмадуудтай уулзалт хийсэн. Энэ үеэр ахмадуудын зүгээс тэтгэвэрийн хэмжээ, зөрүү гэхээсээ хүндлэлийн асуудал хөндөж байсан. Тиймээс хүндлэлийн асуудлыг хуульд оруулсан.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Ахмадуудыг амралт, сувилалд амраах гэсэн өгүүлбэрийн таслал нь байхгүй болчихжээ. Үүнээс үүдэж эрх зүйн байдал нь доошилжээ. Бодлогоор эрх зүйн байдлыг доошлуулж байгаа юм уу. Нөгөөтэйгүүр хөдөөд сумын дэлгүүрүүд тэтгэврийн дэвтрийг барьцаалаад гурил, будаагаа өндөр үнээр зардаг тохиолдол ч бий. Ер нь тэтгэврийг дундаас нь гувчуулдаг байдлыг хэрхэн зохицуулах вэ?
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Олон нийтийн дэмжлэг оролцоонд тулгуурлах байдлаар ахмадаа хөгжүүлэх асуудлыг бүхий л чиглэлээр оруулсан. Зөвхөн хот суурин газраар энэ хуулийн үйлчлэлийг хараагүй. Хороо баг гэх мэт засаг захиргааны нэгжийг оруулж өгсөн. Энэхүү хуулийн төсөлд аймаг, нийслэл харгалзалгүй ахмад настнууд таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих заалтыг оруулсан. Харин таван жилд нэг удаа ахмад настнуудыг хиймэл шүд, протез хийх төлбөрийг төрөөс даадаг хугацааг богиносгох шаардлагагүй гэж үзэж байна. Чанартай сайн байгууллагаар хиймэл шүд, протезоо хийлгэвэл асуудал үүсэхгүй гэж бодож байна. Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй ахмад настан 7000 байгаа. Гэвч улсын хэмжээнд ахмадын асрамжийн газар ес байдаг бөгөөд нийт орны тоо нь 243. Энэ асуудалд УИХ-ын гишүүдээсээ дэмжлэг хүсмээр байна. Ирэх онд хэлэлцэгдэх нийгмийн халамжийн тухай хуульд энэ асуудлыг шийдвэрлэх томоохон зохицуулалт шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
-Ахмад настны тухай хуулийн төслийг дэмжиж байна. Цаг үеэ олсон бодит хууль орж ирлээ. Ахмад настны амжиргааг дэмжих гэдэг асуудал дээр түрээсийн орон сууцны хөнгөлөлт нөхцлийг эрх зүйн зохицуулалт хийж өгөөч. Бүх сумдад ахмадын өргөө бий болсон. Хамгийн гол нь ахмадын өргөөны урсгал зардлыг төрөөс дэмжих боломж байгаа эсэхийг ахмадын холбоод асуудаг.
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Хэрэгжүүлэх арга зам болон санхүүгийн эх үүсвэрийн талаар хэлэлцээд явж байгаа. Түрээсийн үнэ тарифыг тухайн орон нутгийн удирдлагууд тогтоох боломжтой. Ахмадын өргөөний тухайд энэхүү хуулийн төсөл дотор хэд хэдэн заалт орсон.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Ер нь тэтгэвэрийн зээлд хамруулахгүй байх талаар бодож үзмээр юм шиг. Яагаад гэвэл тэтгэвэрийг нэг дор бөөнөөр нь зээлийн хэлбэрээр авч, хүүхдийнхээ эсвэл ач, зээгийнхээ сургалтын төлбөрт өгчихдөг. Үүнийхээ дараа ямар ч орлогогүй болчихдог. Цайны сүүний, өдрийн хоолны ч мөнгөгүй болж байгаа ахмадууд маш их байна. Тиймээс энэ асуудал дээр төрөөс анхаарч зээлийг зогсоовол яаж байна.
ХНХ-ын сайд Н.Номтойбаяр:
-Шулуухан хэлэхэд тэтгэвэрээ зээлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үе үеийн Засгийн газрын буруу. Хэтэрхий улс төрийн оноо авах зорилгоор намууд тэтгэвэртээ холбоотой нийтдээ найман удаа томоохон өөрчлөлт хийсэн. Энэ байдлаас үүдэлтэй хямралт байдал үүссэн. Тиймээс тэтгэвэртэй холбоотой асуудлыг нэг их улс төржүүлэхгүй шийдэх хэрэгтэй. Ер нь тэтгэвэрийн хүүг бууруулах гэдэг асуудал бол зүгээр түр аргацаасан асуудал юм. Тэтгэвэр, даатгалтай холбоотой санхүү эдийн зохистой байдал, хямралыг нь шийдэх бодлого цохицоор нь ирэх онд гаргана.
Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.