Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хатуу шийтгэл үзүүлэх хуультай боллоо

Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хатуу шийтгэл үзүүлэх хуультай боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслийг батлах нь зүйтгэй гэж нийт гишүүдийн 86 хувь үзсэн тул хуулийн төслийг баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Улаанбаатар хотын утааны асуудлыг яах вэ. 
 
Ц.Нямдорж дарга хауст амьдардаг болохоор мэдэхгүй байж магадгүй. Утааны асуудал хүнд байна” гэлээ. Түүний хариуд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “О.Баасанхүү хэлэлцэж байгаа асуудлаас өөр юм яриад байна. Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна” гэдгийг сануулсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Г.Занданшатар мөн адил хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл асуусан тул УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж түүнийг шүүмжлэв.
 
Тэрбээр “Г.Занданшатар гишүүн хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл яриад байх юм. Зэрэгцээд сууж  байгаа О.Баасанхүүгийн халдварыг авсан байна” гэв.  Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталлаа. Энэ хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж нийт гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм.
...Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй болчихсон хүнийг захиргааны шугамаар албадан эмчлэх тухай хууль хэлэлцэж байгаа юм бол Эрүүлжүүлэх байрыг шийдээд өгөх боломж байгаа юу. Ханиад томуу ихтэй эмнэлгийг ор олдохгүй байхад согтуу хөлчүү хүмүүс нь  саад болоод байна” гэлээ... 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбоотой дөрвөн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн байнгын хороо гаргасан юм. Тодруулбал, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Хүүхэд хамгаалах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг Байнгын хорооноос гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Ингээд хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны горимын саналыг гишүүд дэмжиж, дээрх дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрүүгийн байцаан шийтгэх хууль бүх нийтэд үйлчлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд тодорхой хэмжээгээр арга хэмжээ авна гэж би ойлгож байна. Гэр бүлээ хүчирхийлсэн этгээд давтан хүчирхийлэл үйлдвэл ямар арга хэмжээ авах вэ. Хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртсөн хоёр хүнийг уулзуулахгүй байх заалт бий. 
 
Тэгвэл уулзуулахгүй байх, хохирогчийг хамгаалах хяналтаа хэрхэн тавих вэ. Нэгэнт Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй болчихсон хүнийг захиргааны шугамаар албадан эмчлэх тухай хууль хэлэлцэж байгаа юм бол Эрүүлжүүлэх байрыг шийдээд өгөх боломж байгаа юу. Ханиад томуу ихтэй эмнэлгийг ор олдохгүй байхад согтуу хөлчүү хүмүүс нь  саад болоод байна” гэлээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүлжүүлэх байрны хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтраад хуулийн нэмэлт өөрчлөлт хэлбэрээр асуудлаа Засгийн газарт оруулж ирж байгаа” гэв. Ийнхүү дээрх дөрвөн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 
 
Ц.Нямдорж: Сулин хээрийн отрядын нутаг алттай гэж би анх удаа сонсч байна
 
Үүний дараа Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны явцад гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Гэрээт хилчин гэдэг нь хил хамгааллыг хөнгөвчилж байгаа хэлбэр юм уу.  Хилийн бүс, 100 км гэдэг асуудлаас болоод уул уурхайтай холбоотой хардлага явсан. “Сулин хээрийн  отряд” байгаа газарт  цагаан алт гарсан учраас нүүлгэх гээд байна гэж яригдаад байна. Энэ үнэн үү” хэмээн тодрууллаа. Харин УИХ-ын гишүүн О.Батнасан “Хуучин хууль дээр 100 км гэж байсан. Хуучин заалтаараа байгаа”, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн “Хилийн бүсэд цэцэрлэг сургууль байдаггүй учраас хүмүүс очдоггүй юм.
 
Тиймээс хилийн цэргүүдэд  арай өөр нөхцөл боломж олгож байж авч ажиллуулдаг. Сулин  хээрийн отрядын тухайд хуучин байрлалыг орон нутгийн өмчид шилжүүлж өгөх хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад тавьсан. Тэнд алт байвал орон нутаг өөрсдөө авна биз. Сулин хээрийн отрядад 40 барилга байдаг. Отрядын байрыг багийн төв болгох саналтай байгаа. Ашиглах боломжтойг нь ашиглаад боломжгүйг нь актлах саналтай байгаа юм” хэмээн тайлбарлав. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сулин хээрийн отрядын нутаг дэвсгэр алттай гэдгийг би анх удаа сонсч байна. Ашигт малтмалын орд авахын тулд отрядыг нүүлгэсэн асуудал байхгүй. 
 
Гишүүд хардах эрхээр асуудал ярьж байна гэж сүүлийн найман жил ярих болсон. Хардлагад суурилсан дэл сул яриа их яваад байна. Хардах эрх бол жирийн иргэдэд байж болно. УИХ-ын гишүүнд байж боломжгүй асуудал шүү” хэмээн тайлбарлалаа. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Өмнө нь хилийн шалган нэвтрүүлэхийг хоёр хуваасан. Ингэж болохгүй шүү. Хилийн цэрэг мөрөөрөө ажиллаж байхад хоёр хувааж, гурван жил тоглосон. Үүнээс үүдэж цэргийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн ажилласна  жил тасарсан нь ч бий. Тэр  тасарсан он жилийг яаж шийдэх юм бэ. Бүх отряд сумын төв бараадаж амьдардаг.
 
Гэтэл Сулин хээрийн отряд бол сумын төвөөс 70 км зайтай байдаг. Тиймээс энэ отрядыг нүүлгэж, оронд нь сумын төв болгох гээд байгаа юм” гэлээ. Үүний хариуд Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн хэлэхдээ “Хил хамгаалах байгууллагаас иргэний харьяатад шилжсэн 400 орчим хүн байдаг. Энэ хүмүүс хилийн цэрэгт шилжиж ирэхээр болвол хийж байгаа ажил өөрчлөгдөхгүй. Тухайн ажлаа хийнэ. Цэргийн алба тасарсан гэдэг дээр дөрвөн жил орчим цэргийн алба хаасан хугацаа тасалдсан. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр буцаад ирэх юм бол цэргийн цолыг нь сэргээж өгөх эрх зүйн үндэслэлтэй. Шилжсэн иргэдийн дунд хилийн цэргийн дээд сургууль, хилийн цэргийн шалган нэвтрүүлэхээр төгссөн офицерууд байсан юм. Асуудлыг шийдэж болно гэсэн юм” хэмээлээ. 
 
Ийнхүү үдээс хойшхи УИХ-ын чуулганаар Хилийн тухай хуулийн төсөлтэй холбоотой 60 орчим зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсаар ажлын цаг дууссан юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Харин “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага аваад өчигдрийн чуулганыг өндөрлүүлсэн юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.