2017 онд биднийг юу хүлээж байгаа вэ

2017 онд биднийг юу хүлээж байгаа вэ

Хамгийн түрүүнд бодогдож байгаа зүйл бол өр. 2017 онд бид 1.6 их наяд төгрөгийн зээл төлөх ёстой. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлаа хүлээж авсныхаа дараа МҮОНТ-ээр сүр бадруулан мэдээлсэн. Тийм болохоор 2017 онд энэ их өрийг яаж төлөх вэ гэдэг асуудал л монголчуудын, Монгол Улсын Засгийн газрын гол санаа зовох асуудал болох байх. Түүнээс өөр нэг их сүр бадруулаад байхаар юм болохгүй.

Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийг мартаж болохгүй биз ээ. Магадгүй гадаад өр төлөхөөс илүү ач холбогдолтой нь Ерөнхийлөгчийн сонгууль ч байж болох. Ерөөсөө манай улс сонгуулиас сонгуулийн хооронд л бодлого боловсруулж, ард түмнээ аргалж явсаар өдийг хүрсэн.

Ирэх жил ч энэ бүхэн өөрчлөгдчихгүй байх. Тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн сонгуулийн “дайн” аль эртнээс эхлээд, тартагтаа тулчихсан. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон бүхий л хүмүүсийг шалгаж, нэгжиж, эр­гэн тойр­ны хү­мүүсийг нь баривчилж хорьдог “гоё” тогтолцоо бий болоод удаж байна.

Харин МАН-аас бол ердөө ганц, хоёрхон хүний л нэр яригдаж байгаа юм. Тэр дундаа МАН-ын дарга хамгийн өндөр магадлалтай болов уу. Мань хүний гол зорьж байгаа албан тушаал нь  Ерөнхийлөгч. Тиймдээ ч сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрмийг дагалгүй УИХ-ын даргын суудалд суусан гээд байгаа. Энэ үнэний ортой байх. Харин АН-аас түүнтэй хэн өрсөлдөх нь вэ гэдэг сонин байна.

Бас МАХН-аас нэг хүн өрсөлдөх эрхтэй. Намын дарга Н.Энхбаяр бол өрсөлдөх эрхгүй. АН, МАН-ын нэр дэвшигчидтэй ойролцоо үзчих чадалтай улстөрч энэ намаас гарахгүй. Гол өрсөлдөөн хоёр том намын хооронд болно. Ард түмэн МАН-ыг сонгосон сонголтоо баталгаажуулж, итгэл үзүүлэх нь үү. Эсвэл энэ намын одоо хийж байгаа ажилд үнэлэлт дүгнэлт өгч, АН-ын нэр дэвшигчийг сонгох уу гэдэг нь сонин. Хамгийн гол асуудал ирэх 2017 онд Монгол Улсын элгээрээ хэвтсэн эдийн засаг жаахан өндийх үү, ард түмний амьдрал сайжрах уу гэдгээс бүх зүйл шалтгаалах нь тодорхой.

АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшиж байгаа хүн нь нэг их сүртэй сурталчилгаа хийгээд байх шаардлага байхгүй. МАН-ынхан юу хийж байгааг хараад, алдаан дээр нь түлхчихээд байж байхад л болно.

Харин эрх баригчид хазгай гишгэж, хажуугаасаа түлхүүлэхгүйн тулд энэ улсын эдийн засгийг дээшлүүлж, эх орноо өөд нь татах том даалгавартай үлдлээ. Юуны өмнө гадаад өрөө яаж төлөх вэ гэдэг асуудал байна. Зөвхөн 2017 он гэлтгүй 2018 он ч байна. 2018 онд эдийн засаг улам хэцүүдэх төлөвтэй байгаа талаар эдийн засагчид яриад байгаа. Энэ бол чухам үнэн.

Тийм болохоор 2017 онд дарах өрөө хэн нэгнээс зээлээд, гуйж гувшиж байгаад дарчихлаа гээд санаа амрах болоогүй. Тийм болохоор эрх баригч намынхан, тэр дундаа Ерөнхийлөгч болох хүсэлтэй байгаа л бол энэ намын дарга хамгийн зөв гарцыг олж хямралаас гарах шаардлагатай байна.

Ер нь бол эдийн засгийг сайжруулж, асуудлыг шийдэх нь тодорхой байх. Тэгж байж Ерөнхийлөгчийн сонгуульд хэлэх үгтэй орно. Харин гагцхүү яаж. Одоогоор бидэнд нэг их сайхан гарц харагдахгүй л байна. ОУВС-гаас авах зээлийг хүлээсэн байдалтай байгаа. Зарим хэвлэлээр ОУВС манайд зээл өгөх нь тодорхой боллоо, харин хэдийг бол гэсэн мэдээлэл гараад байсан.

Гэтэл хамгийн сүүлд Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр үргэлжилж байна гэж ярьсан байна билээ. Он гарч байж л нааштай мэдээ дуулдах байх. Эсвэл наашгүй мэдээ. Манай эрх баригчид Хятадын Засгийн газрын өмнө бүгдээрээ өвдөг сөхрөх нь холгүй юм болоод байгааг бодохоор ОУВС-гийн зээл бүрхэг болчихсон юм биш биз дээ гэж санаа зовохоор байна.

Дээрээс нь Хятадаас ямар ч аргаар хамаагүй зээл авах гээд ч байх шиг. Гадаад өрөө дарж, эдийн засагт хэдэн ам.доллар оруулж ирж л байвал юу ч хамаагүй хийх гэж “чичрээд” байгаа юм биш биз гэж хардахаар л байгаа. Цаашлаад давхар иргэншил, Далай ламыг дахиж Монголд оруулахгүй гээд асуудал мундахгүй байна. Яах вэ, эрх баригчид эхлээд “гал”-аа унтраачихаад, дараа нь өндийж босох ажлаа эхэлье гэж байж ч болох.

Уг нь манай улс Оюутолгой, Тавантолгойгоо л зөв хөдөлгөчихсөн байсан бол амаараа шороо үмхэх дээрээ тулчихгүй байсан. Тавантолгойг хөдөлгөх асуудал одоо ч шийдэгдээгүй хэвээрээ байсаар байгаа.  Саяхнаас л ганц нэг уулзалт энэ тэр хийж, урагшлуулах асуудлыг  ярьж эхэлсэн. 

Ерөөсөө  “сэхээнд  орчихсон” эдийн засгаа ухаан оруулж аваад, цаашид өөрсдөө л эмчлэх шаардлагатай. Түүнээс биш гаднаас зээл аваад, түүгээрээ эдийн засгаа эмчлээд явна гэж угаасаа байхгүй. Өөрсдөө “эмчлэх”-ийн тулд энэ хэдэн том төслүүдээ хөдөлгөх, олсон мөнгөө улс орондоо зөв зарцуулахаас өөр арга эрх баригчдад үлдсэнгүй. Тэр битгий хэл эдэнд шинэ жил тэмдэглэх ч эрх үлдээгүй шүү дээ. Тийм мөнгө ч манай улсад байхгүй. Одоо бүх зүйлээ хэмнэж байж л хөл дээрээ босно. Хөл дээрээ босоод цаашид гуйвахгүй алхах хэрэгтэй болно.

Тиймээс том төслүүдээ хөдөлгөж, бүх зүйлээ гаднаас авдаг биш өөрсдөө үйлдвэрлэдэг улс болох шаардлага ч байна. Энэ бүхнийг хийж чадаж байж л эрх баригчид нэр хүндээ аварч үлдэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд далаараа тавиулчихалгүй үлдэнэ. 2017 онд биднийг арай ч цалин, тэтгэврээ тавьж чадахгүй Засгийн газар хүлээж байгаа гэж бодохгүй байна. Тэд одоо өөрийнхөө эрх ашгаас арай жаахан илүүтэй улс орны асуудлыг тавьж байгаа байх. Ерөнхийлөгчийн сонгууль, гадаад өр, улсын эдийн засаг гээд бүх зүйл нэг сэжмээр холбогдож байгаа. Гадаад өрөө асуудалгүй дарж, эдийн засаг бага ч болов сэргэж байж Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярих байх. Түүнээс өмнө эрх баригчдад хийх ажил их байна даа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.