УИХ-ын чуулганаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлаар АН тав хоногийн завсарлага аваад байсан. Харин хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ дахь АН-ын бүлгийг үүсээд буй нөхцөл байдлыг тооцож үзээд завсарлагын хугацааг наашлуулахыг хүссэн учир тэд асуудлыг судлаж үзээд уг асуудлыг хэлэлцэхээр болсон. Ингээд чуулганаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхэд хаалттай, нээлттэй хэлэлцэнэ хэмээн гишүүд санал зөрөлдсөн тул санал хурааж, нээлттэй хэлэлцүүлэхээр болсон юм.
УИХ-ын гишүүдийн хувьд Хөгжлийн банк улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудлыг хэрхэн шийдэх, Хөгжлийн банкны шинэ удирдлага цаашдаа хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах, ямар арга хэмжээ авах, төсөл хэрэгжүүлээгүй атлаа мөнгөө авсан компаниудын асуудалд эзэн байгаа эсэх, хариуцлага тооцох уу гэдгийг илүүтэй тодруулж байлаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкны удирдлагад өр авлагын алдагдлыг бууруулах чиглэл өгсөн. Гэтэл тэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн өр авлагыг барагдуулахад хүнд байгааг хэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжүүлж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Ингэснээр Хөгжлийн банкны бие даан ажиллах чадварыг хангаж өгнө. Энэ ч утгаараа тогтоолд хугацаа зааж өр, авлагын алдагдлыг хаахаар болсон. Хаана гэдэг нь өр авлагаа авахгүй гэсэн үг биш. Хариуцлагын асуудлыг ч орхигдуулахгүй. Нөгөөтэйгүүр, улсын төсөв, Засгийн газар баталгаа гаргаад зээлийн асуудлыг шийдсэн нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн байдлыг хүндрүүлсэн. Тиймээс хүнд байдлаас гаргахын тулд Хөгжлийн банкинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна” хэмээн хариулав.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Банк байгуулагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүн дотроос улсын төсвөөс санжүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудал хүнд байгаа. Үүнээс гадна тусгай 16 том төслийн асуудал бий. Үүний дийлэнх нь Засгийн газрын баталгаагаар зээл олгогдсон төрийн өмчит компаниудтай холбоотой. Хөгжлийн банкнаас энэ асуудалд тодорхой ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон. Энэ жилийн хувьд эргэн төлөгдөх өр авлагын хэмжээ бага байгаа. Найдваргүй зээлийн асуудал байгааг нь хууль хяналтын байгууллага руу шилжүүлж хариуцлага тооцно” гэлээ.
Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудалтай холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Хөгжлийн банкийг эргээд харахад үр могой төрүүлсэн байна. Бүтэн нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө үрэн таран хийсэн байна. Үүнийг нь ярих гэхээр зээлжих зэрэглэл буурна, адилхан хувааж идсэн уусан гэдэг зүйл ярьдаг. Хариуцлага гэдэг зүйлийг 65 суудалтай манай нам ярихгүй байгаа шүү. Хариуцлага гэдэг үгийг хэлж байгаа ч үйлдэл болохгүй байгаа шүү.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Сая бид хаалттай хэлэлцэх гэж байгаад болилоо. Банк санхүүгийн асуудал мөнгө босгох тал дээр эх оронч үзэлтэй хандах цаг болсон байна. Өнөөдөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлээд дүрмийн санг нь нэмэгдүүлнэ гэж байна. Гэвч энэ банкны бодлого ямар чиглэлээр явах гээд байна вэ. Дахиад өмнөх шигээ бодлогогүй танил тал хараад явуулчих юм уу. Ямар ирээдүй харагдаж байна вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Хөгжлийн банкны дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх асуудал оруулж ирсэн. Цаашид ямар бодлого баримтлах вэ гэж байна. Хаалттай хуралдах юм бол бүх тооцоо судалгааг хэлээд явах боломжтой. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээл хүндэрсэн учраас сан байгуулах шаардлагатай болоод байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Зарчмын хувьд тогтоолын төслийг дэмжиж байна. Өр авлагын асуудлыг арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоод хаая гээд байгаа юм уу. Яарч сандарч энэ асуудлыг хэлэлцэх ямар шаардлага байна вэ? 3.2 их наяд төгрөг үнэн хэрэгтээ алдсан байна. Алдсан юмаа авч чадахгүй бол төр гэж суугаад яах юм бэ? Хөгжлийн банкны дэргэд эсвэл Монголбанкны дэргэд өр барагдуулах алба гэж байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 3.2 их наяд төгрөгийн өр зээлийн асуудал энэ сараар тасалбар болоод алга болох вий. Б.Батбаяр даргаа өр авлагаа барагдуулж авах эрх өөрт чинь бий.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Хөгжлийн банкнаас өнгөрсөн жил 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлсэн юм байна. Төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй санхүүжүүлсэн обьектод аудитын дүгнэлт гаргуулах санал энэ тогтоолын төсөлд орсон байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Өмнөх парламентын үед МАН, МАХН, АН хамтарч төр барьсан. Тэр дундаа МАН, АН сангийн асуудлаа барьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг хараад би гайхаад байна. Монголд зургаахан банк бий. Ам.долларын нийлүүлэлт хийгээд байхад яагаад ханш буурахгүй байгаа юм бэ. Тэр ам.долларууд хаана байна вэ? Ам.доллараа худалдаж аваад гадагш гаргачихсан юм уу? Хоёрдугаарт, өр төлбөрүүдээ арванхоёрдугаар сарын 31-нээр хааж байгаа юм бол өр төлбөрүүдийг нь хэн төлөх юм бэ. Өр барагдуулах нэгж гэж зохион байгуулалттай ажлын хэсэг байгуулах юм уу. Цаашид өр төлбөрүүд төлөгдөх юм уу, үгүй юу. Хөгжлийн банкин дээр ард түмний нэрийг бариад хууль зөрчсөн зүйл байгаа бол өмнөх Сангийн сайд нар хариуцлага үүрэх ёстой. Миний сонссоноор зээлийн 60 хувийг МАН авсан гэж байсан. Энэ зээлийг үнэхээр Монгол ардын намынхан авсан юм биш үү. Сонгуулийн сурталчилгааны үед хоёр намынхан онгоцоор нисч сурталчилгаа хийж байсан. Энэ их мөнгө хаанаас гарсан юм бэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Ам.долларын ханш яагаад буурахгүй байна вэ гэвэл өнгөрсөн жил тавьсан их өрийн дарамтад ороод байна. Өрийн асуудлаас болж төлбөрийн тэнцэл дарамттай байна. Тиймээс ам.долларын ханш буурч өгөхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд долоон их наяд 954 тэрбум төгрөгийг мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн байдаг. Үүнээс шалтгаалж ам.долларын хомсдол үүсээд байгаа юм. Өр төлбөрийн гүйцээж барагдуулах тал дээр хатуу арга хэмжээ авна. Ямар ч зээл ор тас алга болно гэж байхгүй.
Ингээд “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжив. Харин УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, дэмжээгүй юм. Тиймээс хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хуулийн төслийг буцаалаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.