Монголчууд бид 2016 оноо үдэж, 2017 оноо угтаж, хэрэндээ л баярлалаа. Төр засгийнхаа буянаар хэд хоног сайхан амарлаа. Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал ядруухан байгаа гэх боловч манайхан баярлах тал дээрээ асуудалгүй хүмүүс юм. Хэр хэрэндээ л баярлав. Улс нь ч багагүй мөнгө зарж, төв талбай дээрээ тайз засч, хар хүйтэнд хамтлаг дуучдыг дуулуулах гэж хичээв. Түүний хажуугаар УИХ-ын гишүүд маань ч байгууллагынхаа шилдгийг тодруулж, сүрхий баярласан байна.
Тодорхой хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболд санаачилга гаргаж, шилдэг УИХ-ын гишүүнийг тодруулан өргөмжилж байхаар болж. Тэгвэл энэ жил УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан шилдэг гишүүнээр тодорч, М.Энхболд даргаасаа алтан соёмботой цом гардаж авсан байна билээ. Яах вэ, байгууллага болгон л сайн ажилласан ажилтныхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шинэ жилээр шагнаж урамшуулдаг. УИХ ч гэсэн нэг байгууллага л гэсэн үг. Тэр утгаараа шилдгээ тодруулж болохгүй юм байхгүй. М.Энхболд дарга өөрөө санаачилсан болохоор зардал мөнгийг нь ч гэсэн хувиасаа гаргаад, шагналаа өгсөн байх. Энэ талаас нь аваад үзвэл болохгүй юм байхгүй л дээ.
Гэхдээ “Нийгэм ийм инээдтэй байхад түүнийг гүйцэх онигоо алга даа” гэж жүжигчин Мөнхсайханы хэлсэн алдарт үг лугаа зүйрлэн бодвол ард иргэдийн амьдрал ийм ядруу, улс орон тийм зутруу, өрөө яаж төлье дөө гэж аргаа барж, өмнөд хөршийнхөө өмнө өвдөг сөхөрч байгаа энэ үед шилдэг гишүүн ч илүү байгаа даа. Төр засгийн “жолоо”-г атгаж байгаа хүмүүсээс бид юу хүсээд байгаа билээ. Улсаа өрөнд оруулж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, сонгууль дөхөхөөр мөнгө тараа гэж лав хүсээгүй.
Хүнд хэрэгтэй хууль батлаж, улс орноо өөд нь татаж, утаа униараасаа салах дорвитой ажил хийгээч. Арай гэж олсон хэдхэн төгрөгөөсөө амин хувьдаа битгий завшаач, хэдхэн сая хүнтэй энэ улсаа жаахан өөд нь татаач л гэж хүсч байгаа. Харин өнөөдрийг хүртэл тэр ажлыг хэн хийсэн юм. Хэн ч хийгээгүй. Захаасаа авахуулаад хаанаас олсон нь мэдэгдэхгүй сая сая ам.доллароо гадаадын татваргүй бүсэд аваачиж нуусан. Барууны улсуудад баахан хаустай болсон гээд хэл аманд орооцолдож л яваа хэдэн гишүүнтэй билээ бид.
Тэдний хэнийг нь сайн ажилласан гэж хэлэх юм. Тэр дундаа шинээр бүрдсэн парламент ажлаа эхлээд хэр удаж байгаа билээ. Энэ намар чуулган яаж хуралдав. Орон нутгийн сонгууль гэж хэсэг завсарласан. Орноосоо өндийж чаддаггүй хэдээсээ болж баахан саатсан. Орон орон дамжиж даргатайгаа тэнэсэн хэдэн гишүүнээс болж ирц хүрэхгүй хэсэг хэрэлдэв. Ерөнхийд нь дүгнэхэд л нэг иймэрхүү. Одоо энэ улс орны хоолой дээр тавьсан “хутга”-ны ир улам хурц болж байна. Бид хэнээс аврал ирэхээ мэдэхгүй л үймэлдэж байгаа. Ийм байхад шилдэг ажилласан хүн энэ парламентаас гарах уу.
Д.Лүндээжанцан гишүүн олон жил парламентад сууж байгаа, туршлагатай түшээ мөн үү гэвэл мөн. Ер нь гишүүд дундаа хамгийн буурь суурьтай, тулхтай улстөрч гэгддэг. Гэхдээ шилдгийн шагнал аваад зогсч байхаасаа жаахан ч гэсэн ичмээр юм. Олон жил саарал ордонд заларч, зөөлөн сандалд суусан гэж л өгдөггүй юм бол энэ жилийн бүтээсэн сайхан зүйл, хийсэн сайн ажил энэ хүнд лав байхгүй гэж бодож байна. Ингээд бичихээр халдашгүй дархан эрхтэй, бүрэн эрхт эрхэм гишүүний хийсэн ажлыг үгүйсгэж, нэр хүндэд нь санаатайгаар халдлаа гээд л дайрах байх. Тэглээ гээд яах вэ.
Өвөрхангайн тойргоо хаячихаад, Баянголд З.Энхболдтой зодоглож, эвтэйхэн өвдөглүүлснийг нь үнэлдэггүй л юм бол намрын чуулганы хугацаанд ч нэг их юм яриагүй л хүн шүү дээ. Тойргоо эргэж очоод, хүн хартай уулзаж, иргэдээ сонсч, асуудал шийдэх гэж байна л гэж дуулдаагүй. Мань мэтэд мэдэгдэхгүй оччихоод байгаа нь хаашаа юм гэхээс. Улс орноо өөд нь татаагүй байж, тусгаар орон гэдгээ ч хойш нь тавих дээрээ тулж байгаа энэ үед нэг нь шилдгийн шагнал санаачлаад, нөгөөх нь аваад байгаагаасаа жаахан ичээч дээ.
Энэ улсаа өөд нь татаад, элгээрээ мөлхсөн эдийн засгаа сэргээгээд, утаанд хордож уушгины хатгалгаагаар амиа алдаад, бөгсөө шивүүлж уйлж байгаа хүүхдүүдээ эмнэлгийн хонгилд шалан дээрээ хонуулахгүй болчихсон үедээ шилдгээр өргөмжил, хамаа алга. Ард түмэн өөрсдөө та нарыг шилдгээр өргөмжлөөд, насаар нь Төрийн ордонд амьдарч, түшлэгтэй сандал налах эрхээр шагнах байлгүй. Түүнээс өмнө бол жаахан ичих нүүртэй бай, хүн байна даа энэ чинь.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.