УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тухай, Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрөв болгон нэмэгдүүлж байгаа юм.
Мөн гадаад харилцааны салбарынхны цалин, нийгмийн хангамж тааруугаас хэлний өндөр мэдлэгтэй ажилтнууд хувийн хэвшилд шилжин ажиллах нь ихэсчээ. Иймээс Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай гэж үзэн, хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх. Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааг нь хангах зохицуулалтыг дээрх хуульд тусгажээ.
Хууль батлагдахад хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 мянга орчим ам.долларын зардал гарна. Тэгвэл энэхүү зардлыг 2017 оны зургадугаар сараас хаахаар төлөвлөж байгаа дөрвөн Дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж буй гэнэ.
Харин Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд Индонези, Бразил улсад суугаа Элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус, тус татан буулгах тухай асуудал хөндөгдөж байна. Хэлэлцүүлгийн шатанд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацааг дөрвөн жил болгон нэмэгдүүлж байна. Ажлын хариуцлага алдвал яах вэ” гэдгийг тодрууллаа.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Ажлын хариуцлага алдсан тохиолдолд шууд чөлөөлнө. Гол нь эндээс томилогдох хугацааг нь дөрвөн жил болгон нэг жилээр нэмэгдүүлж өгч байгаа юм” гэдгийг тодотголоо. Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Засгийн газар дэндүү өрөвдөлтэй хуулийн төсөл оруулж ирлээ. Танилцуулгад байна, 35 хүүхдэд цэцэрлэгийн мөнгө гаргаж ирэхийн тулд зарим Элчин сайдын яам, Консулын газар татан буулгах болж буй юм байна. 300 мянган ам.доллар гаргаж ирэхийн тулд ингэж байгаа юм уу. Үүнийхээ оронд мөнгөө нэмчих л дээ. Ганцхан жижиг төслөөс татгалзахад л хүүхдийн цэцэрлэгийн мөнгө гараад ирнэ.
Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газраа татан буулгах нь буруу. Японы талаас “Танайх консулын газраа татан буулгах нь буруу. Эргэж харах юм шүү” гээд хэлж байна. Гадаад харилцааг ингэж хөгжүүлдэггүй юм, Ц.Мөнх-Оргил оо” хэмээлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хуулийн төслийг дэмжинэ. Л.Болд ганцаараа гадаад харилцааг мэддэг юм биш. Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж чиглэл өгөөд Засгийн газраас оруулж ирж байгаа асуудал. Тогтоол гаргаад оруулж ирж байгааг Л.Болд мэдэж л байгаа байлгүй, байнгын хорооны гишүүн хүн.
Ер нь Монголыг гадаадад төлөөлж байгаа дипломатуудын хувьд зөвхөн хүүхдийнх нь асуудал биш цалин, тэтгэвэр нь ямар байдаг билээ, бид бүгд мэднэ. Монголоос хүн яваад очиход өөрсдийнхөө халааснаас мөнгө гаргаад дайлаад явуулах тохиолдол бий. Хүүхдээсээ болоод шаардлагынх нь дагуу ажиллуулах боломжгүй байгаа тохиолдол ч байгаа. Монгол бол маш хүнд нөхцөлдөө ордог” гэв. Ийнхүү байнгын хорооны хуралд оролцсон гишүүд хуулийн төслийг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрт гурван тэрбум төгрөг нарийлж байгаа бол одоо яахав дээ
УИХ-ын Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг тодорхойлох”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тус тус заасныг үндэслэн боловсруулжээ. Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 2009-2016 оны хугацаанд нийт 745.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлийн 83.5 хувийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан бөгөөд ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн мэдээ байна.
Мөн 2011 оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1-3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ дэмжлэгийн үр дүнд орон нутагт 9.272 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, 13.909 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа өргөтгөж, улсын хэмжээнд 32.9 мянган ажлын байр шинээр нэмэгдэн, 20.7 мянган ажлын байр хадгалагдаж үлдсэн байна” гэв.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Засгийн газар баталснаар жижиг, дунд үйлдвэрт өрсөлдөөнийг бий болгож, экспортын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, ДНБ өсөх зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.
Хуралдааны үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хуулийн төсөл энэ хэвээрээ УИХ-ын чуулганаар орох юм бол унах магадлалтай” гэдгийг хууль санаачлагчид сануулсан. Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хэлэлцэх асуудлаа долоо хоногоор хойшлуулаад, хуулийн төслийг засч сайжруулаад оруулж ирвэл ямар вэ“ гэдэг санал гаргасан юм.
Гэвч хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хуулийн төслийг хойшлуулах шаардлагагүй. УИХ-ын чуулган дээр унавал тэр л биз. Том компаниуд нь 100, 100 тэрбумын боломж олдоод байдаг. Жижиг дунд үйлдвэрт гурван тэрбум төгрөг нарийлж байгаа бол одоо яахав дээ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдээд УИХ-ын чуулганд шилжүүлье.
Гэхдээ нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө Засгийн газрын нэгдсэн байр суурийг тодорхойлсон, тооцоо судалгаагаа тодорхой болгоод оруулж ирээрэй” гэв. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж Байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэнээр хуулийг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
Тусгай сангийн тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14:55 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар уг хуулийн төсөл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтахгүй. Санхүү, мөнгөний асуудалтай холбоотой учир Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой. Т
иймээс уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслийг хэлэлцье” гэсэн горимын санал гаргасан юм. Улмаар уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлууллаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.