УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа” Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн боловч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, банкны бие даасан байдлыг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх, шаардлага бий болж байна гэдгийг онцолж байлаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах явцдаа Өмнөд Ази, Латин америк, Африк тивийн зарим орнууд дахь Хөгжлийн банкуудын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж үзжээ.
Улс төрөөс хэт хараат байдал, банкны бие даасан, хараат бус байдал алдагдсан, үйл ажиллагаагаа нь улсынхаа санхүү, эдийн засгийн бодлоготой уялдаагүй, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай байв. Түүнчлэн нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр санхүүжүүлсэн, санхүүжилтийг хэт бага хүүгээр олгох нь урт хугацааны тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хяналт, шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг сул талууд ажиглагдсанаас гадна чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 50 хувьд хүрсэн тохиолдол ч гарсан байсан.
Харин Зүүн Азийн орнуудын Хөгжлийн банкуудын амжилтын нууц нь тэдгээрийн үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байлгаж, санхүүжүүлж буй төсөл бүрийг бодитойгоор үнэлэх, хянах хөшүүрэг, механизмыг бий болгож, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн, хөгжилд зориулсан бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлж чадсан байжээ” гэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төслүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болох аж.
Түүнчлэн цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал дэмжлэг болно гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих гэнэ. Мөн банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсч, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр “УИХ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүдийг баталсан.
Энэ дагуу бид эдийн засгийн үр ашгийг тооцож, 60 гаруй хувь нь экспортыг дэмжихэд, 40 гаруй хувийг нь импортыг орлоход чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, зээл олгоно. Өмнө нь Засгийн газар тогтоол гарган батлаад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох асуудлыг чиглүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгад Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар тусгасан” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зангилаа нь банкны бие даасан байдлыг хангахад чиглэсэн байгаа. Тиймээс Засгийн газарт зээл олголт дээр хяналт тавихгүй. Хөгжлийн банк улс орны эдийн засгийг дэмжих бодлогод тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилнэ” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хөгжлийн банкны үйл ажиллагаа Засгийн газрын нөлөөгөөр явж ирсэн өмнөх жишгийг хэрхэн арилгах гэж байна вэ гэдгийг тодруулсан юм.
Үүний хариуд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат “УИХ-аас Монгол Улсын 2030 онд баримтлах Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд хугацааны хөтөлбөр зэрэг баримт бичигт туссан экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар УИХ-ын хаврын чуулганаар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэсэн заалттай боловч уг заалт огт хэрэгжээгүй.
Үүний оронд Засгийн газрын тогтоолоор төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн байдаг. Шинэ хуулиар эдийн засгийн үр ашигтай, тооцоо судалгаатай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан” гэв. Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцсэн эсэх талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн уг шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ахлахаар боллоо.
Авлига авсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн 60 гаруй заалт нь албадан ажил хөдөлмөр эрхлүүлэхээр заасан бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, тэнсэн өгөхгүй байхаар зааж өгсөн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг буцаасан нь зөв байсан гэдгийг юуны түрүүнд хэлье. Өмнөх хуульд хорих ялын доод хэмжээ долоо хоног байсныг өөрчилж, одоогийн энэ төсөлд 6 сар болголоо гэж байна. Үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотойгоор нэг сар, хоёр сар хорих ялаар шийтгэж болохгүй юу”гэдгийг тодруулав.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай болчихсон. Бид хуульд заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг барьж, хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусган, хорих ялын доод хэмжээ долоо хоног байсныг зургаан сар байхаар заасан. Гэмт хэрэг хийсэн гээд л 7 хоногийн ял өгөөд байж болохгүй шүү дээ. Хүний давж заалдах шатны шүүхэд хандах эрх зөрчигдөж байгаа, энэ тохиолдолд.
Өөрөөр хэлбэл, гэм буруугүй гэдгээ нотлох завдал өгөхгүйгээр шууд хорьчихож байгаа юм. Мөн алслагдсан аймагт хорих ялаар шийтгүүлсэн хүнийг аймаг, нийслэл рүү авч явах хороонд л ял эдлэх хугацаа нь дуусч байх жишээний. Энэ мэт байдлаас шалтгаалан хүн бүрт хорих ял оноох байсныг өөрчилсөн” гэлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Авлига өгсөн хүнийг яллахгүй байх тухай их ярьдаг боллоо.
Яахаараа авлига өгсөн хүн ялгүй байдаг юм бэ” гэв. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “2015 онд баталсан Эрүүгийн хуульд авлига өгсөн хүнд огт хариуцлага тооцохгүй байхаар заасан байсан. Бид үүнд зохицуулалт хийсэн. Тухайлбал, зориудаар, зохион байгуулалттайгаар авлига өгсөн бол хариуцлага хүлээнэ, бусдын дарамт шахалтад орж авлига өгөхөд хүрсэн бол хариуцлага хүлээхгүй байхаар шийдсэн. Харин авлага авсан бол аль ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ” хэмээн тайлбарлав.
Согтуу иргэдийг цагдаагийн харьяанд эрүүлжүүлнэ
Үүний дараа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэн, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэнийг эмнэлэгт эрүүлжүүлж байгаа юм.
Гэвч энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд хүндрэл учруулж, эмч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа учраас 2014 онд баталсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, дээрх төслийг оруулж иржээ. Уг төсөл батлагдсан нөхцөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэнийг цагдаагийн байгууллагын харьяанд байх эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх юм. Ингэхдээ эрүүл мэндийн тусламжийг эмч үзүүлж байхаар зааж өгсөн.
Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах гэнэ. Эрүүлжүүлэх байранд төлбөртэй эрүүлжүүлнэ. Эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар хуулийн төсөлд тусгажээ.
Казиногийн хуулиар Ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, Казино байгуулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахалж, Н.Учрал нарын гишүүдийг багтаахаар болсон юм. Өмнөх парламентын үед Засгийн газраас Казино байгуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байжээ. Тиймээс энэ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж буй аж. Казино байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д 2015 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Түүнд тусгаснаар хоёр ч казино байгуулахаар заасан. Казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлэх эрхтэй байхаар томъёолсон. Казино байгуулсан нөхцөлд жилд улсын төсөвт 74-130 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог тухайн үед гаргасан байв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.