УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл зэрэг 17 асуудлыг хэлэлцэхээр товлосон. Хурлын эхэнд хэлэлцэх асуудал дунд багтсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлгийн гишүүн Я.Санжмятав завсарлага авах санал гаргалаа. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д бүлэгтэй намуудаас нэр дэвшигч нэрээ дэвшүүлэх эрхтэй байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч бусад УИХ-д суудалгүй намуудад хамааралтай сонгууль. Нийт ард түмнээрээ хэлэлцэж сонгодог томоохон сонгууль юм. Тиймээс АН-ын билэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээс өмнө УИХ-д суудалгүй намуудтай ярилцаж, зөвлөлдөж асуудлаа шийдэх нь харин цаг хугацаа хожиж хурдан хугацаанд батлагдах магадлал өндөр гэж үзлээ. Шаардлагатай тохиолдолд зарим зүйлийг ажлын хэсгийн хүрээнд засч залруулаад оруулах бололцоотой гэж бодож байна” хэмээн завсарлага авах шалтгаанаа тайлбарлав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлгийн саналыг хүлээн авч, нэг хоногийн завсарлага өгч байгааг танилцуулав. Ингэснээр өнөөдөр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж хойшлууллаа.
СЕХ-ны гишүүнээр Ө.Энхтөрийг томилов
УИХ-ын чуулганы хуралдаан СЕХ-ны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг томиллоо. Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадыг чөлөөлөх, түүний оронд Д.Хүрэлбаатарыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд санал хэлсний дараа Д.Зангадыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонхи дэмжсэн тул Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо. Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг томилгоо бол Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх асуудал байв.
Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институтийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нарыг томилов.
Шийтгэлийг давхардуулж ногдуулахгүй боллоо
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.УИХ-аас өнгөрсөн онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн баталсан ч зөрчил гаргасан этгээдэд ногдуулах зарим үндсэн шийтгэл давхардаж оногдохоор болсон нь зөрчил үүсгээд байсан юм. Эл зөрчлийг арилгахын тулд Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна гэж давхардсан хариуцлага хүлээлгэхээр байсан нь цуцлагдаж, зөвхөн нэг л шийтгэлийг хүлээлгэхээр болж, өөрчлөгдөх юм. Мөн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Дугаар шилжих мөчид чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.