20 жил гудамжинд лааз өшиглөж, 2012 онд явуулсан зөв бодлого, оновчтой шийдлийн хүрээнд ялалт байгуулсан АН-ын засаглал дөрөвхөн жилийн настай байсан гэдэгт хэн ч итгэдэггүй, итгэх ч боломжгүй. Энэ нам бол монгол төрийн бодлогыг зөв тодорхойлох учиртай улс төрийн том хүчин. Харамсалтай нь ардчилсан засгийн үнэлэмжийг унагаж, байгуулсан төр, бий болгосон нэр төрөө унагасан хүмүүс бол ардчилагчид өөрсдөө.
Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрсөн. УИХ-д олонхи бүрдүүлж, чамгүй их бүтээн байгуулалт хийсэн атлаа далаараа цэвэр тавиулсан АН-ын ялагдал нийтлэлч Баабарын оноож хэлсэнчлэн их ялалтын өмнөх алдаанаасаа суралцах боломж байж мэдэх билээ. Харин энэ боломжийг тэд ашиглаж чадах уу, эсвэл алдаад явуулах уу гэдэг асуулт хариулт хүлээсээр 2020 онтой золгох учиртай. Нөгөө талаар 2016 оны сонгуулийн ялагдал нь Ардчилсан намыг даргаа дотоод сунгаагаар тодруулж олон түмний, гишүүдийнхээ нам бол гэсэн сонгогчдын өгсөн даалгавар хэмээн дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл, орон даяар ид өрнөж буй намын дотоод сунгаа нь энэ намын бодлого, зорилтыг шинээр тодорхойлоод зогсохгүй 2020 оны Засгийн газрын тэргүүний төлөөх сонгууль гэж ойлгож болно.
Ийн хэлэх учир нь мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн сайхан амлалт нь дашийн шог болж, “бөгс удаан” бүдүүн бүлэг гэх шүүмжлэлийн бай болоод буй эрх баригч МАН-ын унхиагүй байдлаас ард түмэн аль хэдийнэ залхаад эхэлчихлээ. Үнэмлэхүй олонхи болж чадаагүй ч засагласан дөрвөн жилдээ АН-ынхны бүтээн байгуулсан, хийсэн ажлыг нь ард түмэн үгүйлж байна. Тиймээс сөрөг хүчин болсон Ардчилсан намын даргын дотоод сунгааг 2020 оны Ерөнхий сайдын төлөөх сонгууль юм шүү гэж тайлж уншихад буруудахгүй. Урьдын адил фракциудын тохироогоор сонгох юм бол “де-факто” явсаар дараагийн сонгуультай энэ байдлаараа л золгоно. Энэ бол сургамж.
Одоо АН-д элдэв хаяггүй, “малгай”-гүй дарга хэрэгтэй. Хамгийн чухал нь зангараг. Хэн нэгний халаасанд багтдаг, өөрийн гэсэн бодлогогүй, сулбагар Ерөнхий сайд ямар байдгийг, гүйцэтгэх засаглал эзэнгүй юм шиг явааг өөрсдийнхөө сонгосон харалган сонголтоос харж, үзэж халаглаж сууна. Тиймдээ ч бусдад худалдагдахгүй, бусдын үг үйлдлээр явахгүй, “утсан хүүхэлдэй” болохгүй тийм л хүнийг АН даргаар тавьж, дараагийн Ерөнхий сайдыг бэлтгэх учиртай юм. 170 мянган хүнийг удирдах төдийхөн явцуу хүрээнд сонголт хийж болохгүй гэсэн үг, АН-ын гишүүд.
Харин тэр хүн хэн бэ? Мэдээж орон даяар өрнөж буй дотоод сунгаанд нэр дэвшсэн тавын нэг байж таараа. Намын даргаа гишүүдийнхээ саналаар тодруулах энэ сонгуульт үйл явц улс төрийн намуудын түүхэнд цоо шинэ жишгийг бий болгож өглөө. Даргыг цөөхөн хэдхэн хүн суугаад томилдог бус намын жирийн гишүүдийн итгэл үнэмшлээр сонгодог шинэ жишиг улс төрийн намуудын түүхэнд тодоор бичигдэх үйл явц гэдгийг үгүйсгэж боломгүй. Үүнийг ч нэр дэвшигчдийн зарим нь онцлон хэлж байгаа билээ. Нөгөө талаас ажвал энэ удаагийн сунгаа тэдний хэн нь хэн бэ гэдгийг илүү тод томруун харуулж байна.
Төрийг “түүхий хүн”-ээр удирдуулах вий
Нэр дэвшигчид дунд олон янзын хүсэл сонирхлоор дарга болох амбийц нь хөдөлсөн хүмүүс явж байгаа. Нэр дэвшигчдийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, өгч буй амлалтаас харахад өөр өөрийн гэсэн имижийг бүрдүүлэх гэж хичээж, дотоод итгэл үнэмшил, янз төрх нь үг үйлдлээс нь ялгарч, зарим талаараа зөрчилдөж эхлэх болов. Танигдахын аргагүй өөрчлөлт бялуурсан ерөөл магтаал, байж ядсан хүсэл ч харагдаж байгааг нуугаад яахав.
Тухайлбал, зарим нь Ардчилсан намын шинэчлэл бол шинэ үеийнхэн удирдлагын түвшинд гарах ёстой гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэхийг зорьж байгаа. Гэхдээ шинэ үе гэж ганцхан насны ялгааг хэлэхгүй. Тэр тусмаа хуучин “зам”-аар, халаасны залуу хүн явахыг бүр хэлэхгүй юм. Энэ бол маш явцуу ойлголт. Монгол төрийн бодлого утсан хүүхэлдэйн гарт очно гэдэг дахиж засах аргагүй том алдаа болно. Төр жолоогүй болж, том компанийн “далд гар”-аар бодлого шийдвэр батлагдах жим зурайна гэсэн үг. Тиймээс энэ намд залуу үе хэрэгтэй гэсэн “жижигхэн” амбийцаар сонголт хийх нь утгагүй хэрэг.
Намын ажлын алдаа, оноо алинаас нь ч хол хөндий явсан хүн жирийн гишүүд дотроо орж ажиллаж чадна гэдэг бараг л үлгэрийн гэмээр ойлголт. Нэг үгээр хэлбэл, намын гал тогоог ч удирдаж үзээгүй “түүхий хүн”-ээр төрийн гал тогоог удирдуулж, бодлогын алдаа оноог дэнсэлнэ гэдэг нь хийж болох хамгийн буруу сонголт болно. Улс төрд суралцаж яваа залуу үеэр улсынхаа ажлыг самруулах сонголтыг АН-ын 170 мянган гишүүн хийхгүй гэдэгт итгэж сууна. Ардчилсан намын даргын сунгаа үе солих тухай улиг болсон пиараас ангид болох учиртай. Монголчууд нэг үеийг бодоход тун ч ухаалаг болсон.
Хэн нь ард түмний төлөө чин сэтгэлээсээ дуугарч, ажиллаж, хэн нь зүгээр л эх оронч хэмээн цээжээ дэлдэхээс хэтрэхгүй явааг ялгаж салгадаг болсон. Тэр тусмаа ардчиллын үнэ цэнийг энх тайвнаар олж ирсэн ардчилсан партизанууд эх орон, шударга ёсны тухай дэндүү ихийг мэднэ. Намын шинэчлэл, улс орны өөрчлөлт, шударга ёс гэсэн хий хоосон популист амлалт, хийрхэл цэцэрхэл тэдний бодлыг өөрчлөх боломжгүй. “Попуудын холбоо”-г Засгийн газрын өндөр сэнтийд суулгах гэж ардчиллын төлөө тэд өглөө үдэшгүй жагсаал хийж суугаагүй нь лавтай.
Ардчилал ялсан, ялагдсан, унасан боссон үед нэг л зангаараа явсан үнэнч гишүүдийн сонголтод замын дундаас орж ирсэн хэн нэг попчин нөхөр нөлөөлөх гэж оролдох нь өөрөө увайгүй хэрэг юм. Дүр эсгэх, дарга болохын төлөөх адын хүсэл хэзээд сайн зүйл дагуулдаггүйг бид үе үеийн төрд байсан, байсаар байгаа олон олон “поп”-чидын үнэн төрхөөс харсан, бас залхсан. Нэгэн цагт бидэнд сайхан харагдаж байсан хийрхэл, хий хоосон амбийц, популист уриа лоозон өнөөдөр ямар ч хэрэггүй зүйл байсныг ойлгож эхэлсэн нь сайшаалтай хэрэг.
Ардчилал хэн нэгнийг хамгаалах бамбай биш
Нобелийн энх тайваны шагналт, удирдагч Ан Сан Су Чи Монголд ирэхдээ “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтгаан болдог” хэмээн хэлсэн байдаг. Ардчилсан төрийн үнэлэмж унаж буйг хамгийн тод томруунаар олж харсан энэ дүгнэлт буруу байгаагүй.
Тэгвэл ардчилал өдгөө хэн нэгнийг хамгаалах бамбай, хоргодох байр болон хувирах нь уу гэсэн болгоомжлол ч энэхүү сунгааг ажиж суухад төрснийг нуух юун. Ах дүү, амраг саднаараа хууль хяналтад чихдүүлчихээд ардчилал намайг хамгаалах ёстой хэмээн амь эрж явааг олон удаагийнх нь үг үйлдлээс дүгнэж болохоор байна. Зарим нэр дэвшигчид хатуу ч гэсэн үнэнийг сонсох, үнэнтэй нүүр тулгарах цаг нь болсон. Ардчилсан Ерөнхийлөгчийн хэлдэгчлэн хууль чамайг дуудахад гутлаа өмсөөд, оймсоо углаад очих ёсзүй байх хэрэгтэй юм. Түүнээс биш дарга болж амиа хоохойлж, бөөлжсөн бөөлжсөө эргэж долоох нь увайгүй үйлдэл. Ардчилал олон хүнд буян болсон. Дутуугаа гүйцээж дундуураа дүүргэх боломжийг өгсөн. Гэвч тэд ардчилалдаа буян болсон уу гэдэг асуултад харамсалтай нь хариулт алга.
Амны алдаа бүр нь ардчиллын алдаа болж харагддаг, тогтворгүй харц, тэнэмэл үг нь ардчиллыг муухай харагдуулдаг сонголтыг нэг биш удаа хийж үзсэн. Эцсийн дүн нь их ялагдал байсныг мартах учиргүй юм. Орон шоронд орж явахад ардчилал намайг хамгаалаагүй гэх өс санасан сэтгэл өвөрлөсөн хүмүүс ч энэ сунгаанд явж харагдах аж. Өс өвөрлөсөн намаа өөрийн гэсэн сэтгэлээр удирдаж чадах уу гэх зөрүүд хүсэл ч төрж байгааг нуугаад яахав. Худал хуурмаг, хулгай луйвартайгаа ардчилал зууралдсаар л байвал 2020 онд дахиад л лаазаа өшиглөнө.
Фракцийн улс төрөөсөө ангижирч чадахгүй, дансны аргаар дарга болох гэсэн луйварчдад боломж олгох тусмаа энэ нам түүхээс арчигдах эхлэлээ тавина гэсэн үг. Өнөөдөр нэг “жижигхэн” намын даргыг дансны аргаар авсан хүн маргааш ард түмнээ дансны аргаар луйвардахгүй гэх баталгааг хэн өгөх юм бэ. Хатуу боловч үнэн ийм л байна. Ардчилсан төрийн үнэлэмжийг унагахад гар бие оролцож явсан атлаа ардчилсан төр байгуулаад удирдаж чадна гэсэн итгэл үнэмшил хэнд төрөх билээ. Надад лав төрөхгүй нь. 2016 онд намаа ялагдуулсан хүн эдгээр таван нэр дэвшигчид дунд нэг биш нэлээд хэд бий шүү. Ялагдуулсан намаа дахиад ялалтад хүргэнэ гэсэн итгэл огтоос ч төрөхгүй нь, уучлаарай.
Миний ижил бодол АН-ын мянга мянган гишүүдэд төрж байгаа. Ардчилал олон удаа алдсан. Харин алдаагаа дахин давтах учиргүй. Ардчилсан намын гишүүд алдах ёсгүй сонголт хийх хэрэгтэй болж байна. Зөв сонголт маргаашийн засаглалын хямралгүй төрийг бий болгох эхлэл болно. Харин тэр сонголт АН-ын 170 мянган гишүүний үзэгний хошуугаар шийдэгдэх учиртай юм. Монгол төрд үеийн үед үгүйлэгдэж байгаа ноён нуруу, үнэнээс нүүр буруулдаггүй шударга зарчимч чанар, салгаж бутаргачихгүй зангидаад авч явах зангарагтай удирдагчийг АН сонгох хэрэгтэй байна.
Ардчилсан төрийн үнэлэмж унаж буй үед хэнтэй өрсөлдөж байгаагаа, энэ намыг хаашаа хөтлөх ёстойгоо, энэ төрд юу хэрэгтэй байгааг мэддэг, ойлгодог тийм л удирдагчийг олон түмэн хүсч хүлээж байна. Нам, төрийн гал тогоог зөв хүнд атгуулж чадвал АН-ын гишүүд цаашлаад ард түмний хүсэл үүрд нээгдэнэ, эсвэл үүрд хаагдахыг надаар хэлүүлэх юун. Зөв сонголтыг хийж чадахгүй бол хувьсгалын үйл хэрэг хэмээн цээжээ дэлдэх атлаа хуу хамж идчихээд улсаа дампууруулж суугаа МАН-ын бүдүүн бүлэгтэйгээ маргааш ч гэсэн зууралдсаар суух биз ээ. Тийм цаг үе битгий ирээсэй хэмээн залбирч сууна. Тэгэхийн тулд ардчиллын мянга мянган гишүүд мэргэн сонголт хийгээсэй хэмээн хүсч, хүлээж сууя даа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.