МАН овоо доо, бусдын үгийг сонсчээ

МАН овоо доо, бусдын үгийг сонсчээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед бусад намууд болон иргэд "МАН нэг хүнд зориулсан хууль гаргах нь, олноороо хүч түрэн батлах нь" гэсэн хэл ам, шүүмжлэл нэлээд гарсан. Тэгвэл МАН УИХ дахь бүлэг болон намын удирдах төвшиндөө ярьсны эцэст уг хуулийг буцаахаар болжээ. Тиймээс МАН овоо доо гэж хэлье, иргэд болон бусад намуудын шүүмжлэлийг хүлээн авч хүндэтгэлтэй хандсанд.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Цэрэнбат нар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаан татаж байгаа талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар  “УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэрийг гаргалаа. Учир шалтгаан нь 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дууссаны дараа СЕХ-ноос бүх шатны сонгуулийг зохион байгуулж байгаа нь эрх зүй, зохион байгуулалт талаасаа олон хүндрэлийг дагуулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудлыг тус тусдаа хуулиар зохицуулах шаардлагатай талаарх хууль зүйн үндэслэл, тайлбарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. СЕХ-ны энэхүү саналд үндэслэн УИХ дахь МАН, АН-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 2016 он арванхоёрдугаар сард өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн.

Хэлэлцүүлгийн шатанд нэлээд олон зарчмын зөрүүтэй санал гарсан. Дээрээс нь олон нийт, хэвлэл мэдээлэл болоод улс төрийн намуудын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь салган хэлэлцэж байгаа асуудалд шүүмжлэлтэй хандсан. Тиймээс бид өчигдөр бүлэг дээрээ энэ хуулийн хэлэлцүүлгийн явцыг хэлэлцсэн. Тэгээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 22.5 дахь заалтыг үндэслэж, гурван үндэслэлээр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байгаа юм.

Нэгдүгээрт, өмнөх парламентын үед УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар салган хэлэлцэх явцад өмнөх хуулийн зохицуулалтаа хэрхэн хүчингүй болгох асуудал нарийвчлан тусгагдаагүй учраас процедурын хувьд хүндрэлтэй байгаа юм. Энэ хууль гарснаар өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулийн 189 заалтыг хүчингүй болгох шаардлага гарсан. Энэ бол хуулийн техник, хууль батлах процедур талаасаа хүндрэл дагуулж байгаа юм.

Хоёрдугаарт,  МАН улс орны нийтлэг эрх ашгийг дээдлэн, аливаа асуудалд үндэсний зөвшилцлийг эрхэмлэж ажилладаг улс төрийн хүчин. Ялангуяа бид парламентын төвшинд асуудлыг шийдэхдээ 65 суудалтай гэж дулдуйдахаасаа илүү парламентын зөвшилцөл, ойлголцлыг баримтлах сонирхолтой байгаа. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан нь энэ хуулиар парламентын төвшинд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгааг илтгэж байна. Тийм учраас энэ хуулийг цаашид хэлэлцүүлэх боломжгүй байна.

Гуравдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлж байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөн цаашид хуулийн хугацааг өөрчлөх шаардлага бий болоод байна. Улс төрийн зарим намууд завсарлага авсан. Хэлэлцүүлгийн явц сунжирсан гээд нэлээд олон асуудлаас болоод хуулийн хугацаа хойшилж байгаа учраас өмнөх Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах боломжтой гэж үзэж байна. Ийм гурван үндэслэлээр хууль санаачлагчид нь буцааж байгаа юм” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.