Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв
Өнгөрсөн долоо хоногт “Мөнхжин Од” хэмээх компанийн үйлдвэрлэсэн архинд таван хүн хордож нас барсан хэрэг гарч, нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн  тэтгэврийн зээлийн хүү буурсан талаар ХНХЯ-аас мэдээлэл хийв. Үүнээс гадна Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож буй зэрэг олон үйл явдал өрнөлөө. Энэ хүрээнд хэн хэн, ямар байр суурь илэрхийлснийг “Хэн юу хэлэв” булангаараа онцлон хүргэж байна. 
 
Ж.Батбаясгалан: Энэ сарын 20-ны өдрийг дуустал архи худалдан борлуулахыг зогсоосон 
 
/Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга / 
 
Таван хүн хордож, амиа алдсан хэрэгтэй холбогдуулан нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэгт нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ахлаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын дарга Н.Уламбаяр нарын гишүүд багтсан юм. Тэд дээрх таван иргэн ямар зүйлд хордсон талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан.
 
Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эр­сэд­сэн учраас шүүх шин­жил­гээний эцсийн дүн гарах хүртэл Улаан­баатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлч­лэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна” хэмээсэн бол Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Мэргэжлийн байгууллагын үүднээс хэлэхэд хохирогч нарт шүүхийн шинжилгээ хийсэн байгаа. Тэдний дөрөв нь шингэн зүйлээс хордсон гэсэн дүгнэлт гарсан байгаа.
 
Яг ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Үүнд хугацаа шаардлагатай. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэргийг газраас шингэн зүйлийг олж илрүүлэх, хураах арга хэмжээг авсан байгаа. Архи, согтууруулах ундааг худалдаалахыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс хамгаалах үүднээс хийж байгаа ажил гэдгийг хэлэх байна” гэсэн юм. Ямартай ч энэ хүрээнд, НМХГ-аас техникийн болон хүнсний спиртийн хяналтыг дэлгүүрүүдэд хийнэ. Мөн стандарт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд шалгалт хийхээр болсон бол ЭМГ-аас ойр орчимд нь архи согтууруулах ундаа уусан, хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд хордлогын шинж  тэмдэг илэрсэн бол яаралтай  103 дугаарт хандах хэрэгтэйг сануулсан юм. 
 
Н.Номтойбаяр: 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болно
 
/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/ 
 
Хөдөлмөр, нийгмийн хамгаал­лын сайд Н.Номтойбаяр тэт­гэврийн зээлийн хүү буурсантай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Тэтгэврийн зээ­лийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдрөөс /2017.01.18/ хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг “Хаан” болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан.
 
1-6 сарын хугацаатай зээл авч байгаа тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болно. Харин одоо 18 хувийн хүүтэй зээл авчихсан иргэд зээлээ төлж дууссаны дараа шинээр зээл авахдаа 15 хувь руу шилжинэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэвэр авах иргэн үйлчлүүлэх банкаа өөрөө сонгодог болсон. Өмнө нь зөвхөн “Хаан” болон Төрийн банкаар дамжуулан олгодог байсан иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг болсноор үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой юм.
 
Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон 6,000 гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол урьд нь тогтоолгосон 5,000 гаруй хүн Төрийн банк, “Хаан” банкнаас шилжиж өөр банк сонгосон байгаа.  Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байгааг хууль журамтай нь нийцүүлж, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулж байна. Жишээ нь, Төрийн банк, “Хаан” банкинд 45 тэрбум төгрөг байршуулсан.
 
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 15 хувиас доошгүй байдлаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулна гэсэн шийдвэр гаргасан.  Тэгэхээр тооцож байгаа 15 хувь, тухайн банктай харилцан тохиролцоод дөрөв болбол 11 хувиар, тав болбол 10 хувиар байршуулах замаар шийднэ. Одоогийн байдлаар хоёр банкинд 45 орчим тэрбум төгрөг байршуулсан байгаа. Хууль зөрчиж байгаа зүйл  байхгүй. Зээлийн орлого ч буураагүй. 36 тэрбумаар нэмэгдсэн” хэмээсэн юм.
 
Ц.Элбэгдорж: Монгол Улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа, энэ бол бидний том ололт
 
/Монгол Улсын Ерөнхийлөгч/
 
Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалт болж буй. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байгаа бөгөөд энэ сарын 18-нд “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож, үг хэлсэн байна. Тус уулзалтаар “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдлийн талаар  хэлэлцжээ. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Монголын­хоо хэвлэл мэдээл­лийн­хэнд ярилц­лага өгчээ. Тэрбээр “Монгол бол боломж бага олддог улс гэж хэлж болно. 
 
Сайн боломж олдвол ашиглах хэрэгтэй. Давосын чуулга уулзалт бол хүссэн болгон оролцоод байдаггүй, урилгаар оролцдог. Зарим орны Ерөнхийлөгч ирчихээд хашааных нь гаднаас буцсан тохиолдол олон бий. Нэгэнт урилга ирж байгаа тохиолдолд заавал оролцох шаардлагатай гэж би хувьдаа боддог. Хэрвээ тэр урилгаар тухайн чуулга уулзалтад оролцохгүй бол дахиад урихгүй. Дахиад энэ үйл ажиллагааны анхааралд Монголыг оруулж, дахиад оролцох хэмжээнд хүрэхийн тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарна.
 
Тийм учраас энэ боломжийг бид алдахгүй ашиглах учиртай. Энэ чуулга уулзалтад Монгол Улс оролцохдоо эхнээсээ барьсан бодлого бол зөв үнэлгээ авах ёстой гэсэн байр суурь. Монголоос ирсэн төлөөлөгчид манай энэ чуулга уулзалтад хувь нэмэртэй орох юм, хуралдаан, хэлэлцүүлэгт оролцож үг хэлдэг, санал дэвшүүлдэг, цаашдын хамтын ажиллагааны чигээ тогтоож чаддаг, түүнийгээ Монголдоо очоод үргэлжлүүлдэг, монголчууд харагдахуйц хэмжээнд оролцож байна гэсэн үнэлгээг эхний жилээсээ авах гэж оролдсон. Өнгөрсөн найман жилд Монгол улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа. Энэ бол бидний том ололт” хэмээн онцолжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.