МАН-ынхан маш том улс төрийн соёл гаргалаа

МАН-ынхан маш том улс төрийн соёл гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль энэ оны зургадугаар сард болно. Энэ сонгуулиар Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодрох учиртай. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “хэрүүлийн алим” болсон нэг сэдэв гарч ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зарим заалт.
 
Энэ хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сард МАН, АН-ын нэр бүхий гишүүд өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Мэдээж хэлэлцүүлгийн явцад янз бүрийн санал гарсан, хэлэлцсэн, ярилцсан. Түүний хажуугаар зарим намын төлөөлөл энэ хуулийг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлж байв.
 
Тухайлбал, МАХН-ыг төлөөлж УИХ-д сууж байгаа О.Баасанхүү гишүүн хоёр, гурван хэвлэлийн хурал хийж, МАН ганцаараа л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжтой хуулийг батлах гээд байна хэмээн давшилсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг өрсөлдөх бүхий л боломжийг хааж байгаа талаар ч нэлээд ярьсан. Мань хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярихдаа хэтэрхий нам руугаа хазайлгаад, улс төр хийгээд байсан болохоос биш учир дутагдал байгаа талаар ярьсан нь үнэн.
 
Дээрээс нь АН-ын зарим гишүүд ч асуудлыг ярьж, байр сууриа илэрхийлж байсан. Дээрээс нь иргэд, сонгогчид ч бас үзэл бодлоо илэрхийлж, цахим ертөнцөөр сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ бүхний эцэст МАН улс төрийн том соёл гаргаж, өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөө эргүүлэн татаж, хууль санаачлагчид нь буцаалаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээллээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, ийм шийдвэрт хүрсэн юм байна.
 
Тэгэхдээ гурван үндэслэлээр хуулийн төслийг буцааж татаж байгаа аж. Энэ талаар Я.Содбаатар гишүүн “Нэгдүгээрт, өмнөх парламентын үед УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар салган хэлэлцэх явцад өмнөх хуулийн зохицуулалтаа хэрхэн хүчингүй болгох асуудал нарийвчлан тусгагдаагүй учраас процедурын хувьд хүндрэлтэй байгаа юм.
 
Энэ хууль гарснаар өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулийн 189 заалтыг хүчингүй болгох шаардлага гарсан. Энэ бол хуулийн техник, хууль батлах процедур талаасаа хүндрэл дагуулж байгаа юм. Хоёрдугаарт,  МАН улс орны нийтлэг эрх ашгийг дээдлэн, аливаа асуудалд үндэсний зөвшилцлийг эрхэмлэж ажилладаг улс төрийн хүчин.
 
Ялангуяа бид парламентын төвшинд асуудлыг шийдэхдээ 65 суудалтай гэж дулдуйдахаасаа илүү парламентын зөвшилцөл, ойлголцлыг баримтлах сонир­хол­той байгаа. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан нь энэ хуулиар парламентын төвшинд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгааг илтгэж байна. Тийм учраас энэ хуулийг цаашид хэлэлцүүлэх боломжгүй байна. Гуравдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөлж байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөн цаашид хуулийн хугацааг өөрчлөх шаардлага бий болоод байна.
 
Улс төрийн зарим намууд завсарлага авсан. Хэлэлцүүлгийн явц сунжирсан гээд нэлээд олон асуудлаас болоод хуулийн хугацаа хойшилж байгаа учраас өмнөх Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуу­лийг явуулах боломжтой гэж үзэж байна. Ийм гурван үндэслэлээр хууль санаачлагчид нь буцааж байгаа юм” хэмээлээ. Мэдээж хуулийг хэлэлцэж, батлахад хүндрэлтэй зүйл байгаа нь тодорхой.
 
Тэр болгоныг бодолцож, улс төрийн соёл гаргаж, зөв шударга ажиллах үүднээс МАН хуулийн төслөө буцааж татсан  байх. Түүнээс биш ганц нэг хүн улс төр хийлээ гээд, жижиг намын дарга нарын ярианаас айгаад ч юм уу хуулийн төсөл буцааж татна гэж юу байх вэ. Харин тэдний ярьсан, хэлсэн дундаас зөвийг нь сонсч, тунгааж, болох, болохгүй аль аль талаас нь харж үзээд л буцааж татлаа.
 
Түүнээс биш үхэр шиг муйхарлан дайрсан бол хэдэн заалт хүчингүй болгож цөхөх зүйлгүй, уг нь. Нэг өдрийн хуралдаанаар л уншаад, гар өргөөд, хүчингүй болгоод л явчихаж болох байв. 65 суудалтай намд ямар санал дутахын зовлон байх биш. Хүч түрэх шиг амархан юм алга. Гэвч тэд тэгсэнгүй, аливаа асуудалд үндэсний зөвшилцлийг харж, бодолцож шийдвэр гаргаж чаддаг гэдгээ харууллаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль хуу­чин хуулийнхаа дагуу л явах болж байх шиг байна.
 
Үндсэндээ УИХ-д суудалтай намын төлөөлөл Ерөн­хий­лөгчийн сонгуульд өрсөлдөөд л явна. Сонгууль болдгоороо болно, нэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Харин цаашид бид УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байх. Элдэв хэрүүлгүй, аажуу уужуухан, дараагийн сонгуулиас өмнө зохицуулахад л хангалттай. Энэ удаагийн “хэрүүлийн алим” бол ингээд нэг тийшээ шийдэгдлээ. Улс төр хийгээд байсан хүмүүс одоо өөрсдөө жаахан улс төрийн соёлд суралц.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.