Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дөнгөж сая “Залуучууд” зочид буудалд байрлах Ардчилсан намын сонгуулийн төв штабт мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр олон хүн мөнгө тарааж, сонгогчдыг автобусаар зөөж байгаа талаар ярьсан юм. Л.Эрхэмбаяр “Өчигдөр, өнөөдөр МАН-ын нэр дэвшигчид хууль бус үйлдлүүд маш ихээр гаргаж байгаа талаар манай сонгуулийн штабт мэдээлэл ирж байна. Тухайлбал, МАН-аас УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын штабаас машинтай явж, их хэмжээний мөнгө тараах гэж байгаад баригдаж, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдээлэл ирсэн.
Мөн Дорнод аймгийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулууны штабаас сонгогчдыг зохион байгуулалтайгаар зөөж, Сонгуулийн хууль зөрчиж байгаа асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнээс гадна, Архангай аймгийн гуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбатын сонгуулийн сурталчилгааны хаалт дээр УИХ-ын дарга асан Х.Төмөр-Очир очиж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан.
Өөрөөр хэлбэл, АН-аас нэр дэвшигч Р.Гончигдоржийн туслахыг хүн зодсон мэтээр илтэд гүтгэж гүжирдсэн, өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаж, хууль зөрчсөн үйлдлийг хаалтын үйл ажиллагаан дээр ярьсаныг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Мөн Оросын талын эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын ХХБ худалдан авч байгаа сайн мэдээг илтэд гуйвуулж эхэллээ. Нийт 1998 санал авах байрны үүдэнд очиж, хар муу талаас нь гуйвуулсан мэдээлэл өгч байгаа талаар олон санал гомдол манай намын Сонгуулийн төв штабт ирж байгаа. Сурталчилгааны хугацаа дууссаны дараа МАН, МАХН-ынхан “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гүжир гүтгэлгийн шинжтэй сурталчилгаа явуулж, Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа учраас АН хууль, хяналтын байгууллагад хандах болно.
Монгол түмний сонголт мэргэн. Улс төр түвшин байх болтугай. Сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийт иргэддээ уриалж байна” хэмээлээ.