Гэрийнх нь хаяг дээр хүн нэмэгдсэнийг хэлсэн ч гараа хөхөртөл мушгиулжээ

Гэрийнх нь хаяг дээр хүн нэмэгдсэнийг хэлсэн ч гараа хөхөртөл мушгиулжээ

Улсын хэмжээнд УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн идэвх тун сайн байна. Төрийн эрх барих гурван минутын эрхээ эдэлж буй монголчууд энэ өдөр хөгшин, залуугүй л өглөө эртлэн саналаа өгөхөөр хэсгийн хороодынхоо гадна жагсчээ. Намуудын хувьд ч гишүүд дэмжигчдээ санал өгөх боломжоор хангахын тулд машинаар үйлчилж байгаа юм.

Сонгогчийн ирц харьцангуй идэвхтэй байгаа өнөөдрийн хувьд хууль бус зүйл бага гарч байгаа ч “царцааны нүүдэл” буюу хууль бусаар шилжүүлэг хийлгэж аймаг, дүүрэгт шилжсэн иргэдийн маргаан их гарах бололтой.

Тухайлбал, өнөөдөр Э.Нандинцэцэг гэх сонгогч өөрийнх нь хаяг дээр байгаа Б.Гантөгс гэх танихгүй иргэний асуудлаар хэсгийн хороондоо гомдол гаргасан ч гарыг нь хөхөртөл мушгиж, улмаар хоёр цагдаа хүчлэн хамгаалалт хийжээ. Э.Нандинцэцэг гэх сонгогч энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан юм.

Тэрбээр, “СХД-ийн 75 тойрогт харьяалалтай би өнөөдөр саналаа өгөхдөө хэд хоногийн өмнө гэрийнхэний сонгогчийн урилгад Б.Гантөгс гэх хүний нэртэй урилга хамт ирсэн байсныг өнөөдөр мэдэж, саналаа өгөх гэж очоод манай хаяг дээр ийм хүн байдаггүй гэдгийг хэллээ.

Гэтэл энэ хүн саналаа өгчихсөн байгааг хэлж, та ийм худал зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж энэ хэсгийн ахлагч гэх хүнд хэлсний төлөө бас шударга бус зүйлийг хэлж баталгаажуулсныхаа төлөө тэр хүнээр гараа хөхөртөл мушгиулж, хоёр цагдаагийн сүрдүүлгэнд ороод буцлаа. Үнэхээр гомдолтой байна миний аюулгүй байдлыг хангах ёстой цагдаа аль нэг намыг гар хөл болсон нөхрийн үгээр намайг буруутгаж үймээн шуугиан тарилаа гэж байна.

Цаагуур чинь аль хэдийнэ хэн гарах нь тодорхой болчиххсон байдаг юм байна. Хуурамчаар баахан хүн шилжүүлж ирээд л санал цуглуулаад л асуудлыг шийдэж байна. Ингэж биднээр битгий тоглооч. Ингэж бидний хүсэл зоригийг битгий үгүй хийгээч..... “ хэмээн жиргэжээ.

Б.Эрхэс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ