“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сонгуультай холбоотой улс төрийн үйл ажиллагаа

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сонгуультай холбоотой улс төрийн үйл ажиллагаа

ОХУ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааны худалдан авалтыг хууль бус болсон гэх дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хийсэн. Тэгвэл энэ асуудлаар 49 хувийн хувьцааг эзэмшигч “Монгол зэс” корпораци болон Худалдаа хөгжлийн банк хамтран мэдээлэл хийлээ. Мэдээллийг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд нар хийсэн юм.

М.Мөнхбаатар: Ажлын хэсгийн дүгнэлт хэт нэг талыг барьсан байна

/Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга/

-Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэс­гийн дүгнэлт гарсантай хол­бог­­дуу­лан бид байр сууриа илэр­хий­лэхээр мэдээлэл хийж байна. Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт хэт нэг талыг барьсан байна. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах, өөрийн байр сууриа илэрхийлэхээр нийтдээ дөрвөн удаа бичгээр хүсэлт гаргасан. Гэхдээ нэг ч удаа хариу өгөөгүй. Уг нь бид компанийн зүгээс ажлын хэсэгт  бүх төрлийн мэдээллийг хүргүүлсэн. Түүнчлэн нэгдүгээр сарын 10-ны өдөр би, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд бид гурав ажлын хэсгийн асуултад нэг бүрчлэн хариулсан. Гэтэл бидний хариултыг ажлын хэсэг дүгнэлтдээ тусгаагүй. Харин ч бүр нэг талыг барьсан дүгнэлт гаргасанд нь бид харамсаж байна. Хоёрдугаарт, ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрын гаргасан тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар манай компанийн хийсэн гэрээ хэлцлийг буцаах, хүчингүй болгох эсэх асуудал яригдсан. Хэрвээ ингэвэл ямар үр дүн гарах вэ  гэхээр Монгол Улсад хэзээ ч байгаагүй зүйл гарах гээд байна. Монгол Улсын Засгийн газар 51 хувийг 1993 оноос хойш эзэмшиж л байгаа. Өнөөдөр ч эзэмшиж л байгаа шүү дээ. Тэгэхээр ОХУ-д байсан 49 хувийг манай компани худалдаж авсан талаар яригдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хэрвээ гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзвэл нэгдүгээрт, 49 хувь Монгол Улсын Засгийн газарт биш буцаад ОХУ-ын “Ростех” компани руугаа буцна. Хоёрдугаарт, ажлын хэсгийн дүгнэлтэд “Ростех” компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр тайлбарласан байна. Гэтэл Засгийн газрын хоорондын тэмдэглэлд 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын УИХ-ын соёрхон баталсан тогтоолоор “Ростех” компани нь ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг албан ёсоор эзэмшиж байгааг Монгол Улсын Засгийн газар, УИХ өөрөө хүлээн зөвшөөрөөд, хуулиараа соёрхон баталчихсан. Энэ тогтоолтой нь та бүхэн танилцаарай. Гуравдугаарт, ОХУ-ын өндөр технологийн “Ростех” компани руу 49 хувийг буцаахтай холбоотойгоор манай компанийн 400 сая ам.долларын буюу “Ростех” компанид төлсөн төлбөрийг буцааж авах талаар Монгол Улсын Засгийн газарт хандах болно. Түүнчлэн гуравдагч этгээдүүдэд худалдсантай холбоотойгоор 100 сая ам.долларын торгуулийн асуу­дал байгааг өнөөдрийн аж­лын хэсгийн хуралдаан дээр танил­цуул­сан. Тиймээс үүнийг ч бид Монгол Улсын Засгийн газраас гаргуулж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрэх байх. Мөн энэ хэлцэлтэй холбоотойгоор ма­най ком­панийн зүгээс гарсан зар­дал болоод ирээдүйд олж болох бай­­сан орлого, уг худалдан авалтыг сан­хүү­жүүлсэн хүүний төлбөрийг ч мөн Монгол Улсын Засгийн газраас нэхэм­жилж авах хэмжээнд хүрэх юм байна гэсэн ойлголт аваад байна.

О.Орхон: Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг хууль зөрчсөн асуудал байхгүй

/Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/

-Энэ хэлцэлтэй холбоотой Худалдаа хөгжлийн банк зөвлө­хөөр болон санхүү­жүүлэгчээр оролцсон  гэдгийг олон нийт маш сайн мэдэж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд Худалдаа хөгжлийн банкны талаар нэлээд олон зүйлийн дүгнэлт гаргасан. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт хэт өрөөсгөл хэт нэг талыг барьсан манай байгууллагыг гүтгэсэн, нэр хүндэд нь ноцтойгоор халдсан байна. Учир нь Худалдаа хөгжлийн банкны хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. Хууль бус санхүүжилт тэр дундаа Ц.Нямдорж гишүүний удаа дараа хэлсэн шиг мөнгө угаах тухай зэрэг хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Худалдаа хөгжлийн банк бол Монгол Улсын ууган хамгийн том арилжааны банк. 26 жилийн түүхтэй энэ банк ганцхан энэ хэлцлийг санхүүжүүлэх гэж байгуулагдсан юм биш. Монгол Улсынхаа төрийн болон хувийн хэвшлийн бүхий л аж ахуйн нэгжүүд, иргэдийн орон сууцны зээлийн болон цалингийн зээлийн гээд бүхий л санхүүжилтийг гаднаас болон дотоодоос, Засгийн газраас, хувийн хэвшлээс олон улсын зах зээлээс болгоод санхүүжүүлж ирсэн. Өнөөдөр ямар нэгэн зорилготойгоор аливаа нэг эх үүсвэрийг зөвхөн нэг гэрээ хэлцэлд зориулан санхүүжүүлдэг юм биш. Банкны нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 6.6 их наяд төгрөг байгаа. Харин нийт олгосон зээл гурван ихнаяд гаруй төгрөг байна. Үүнд “Монгол зэс” корпорацид олгосон зээл багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар “Монгол зэс” корпорацид олгосон зээлийн үлдэгдэл 80 сая ам.доллар байгаа. Энэ манай нийт зээлийн багахан хувийг эзэлж байгаа. Хөгжлийн банкнаас ямар нэг эх үүсвэр өгсөн зүйл байхгүй. 49 хувийг худалдан авахад зориулсан эх үүсвэрийн зээл байхгүй. Эцэст нь хэлэхэд банк Монгол Улсын хуулийн дагуу санхүүгийн зуучлалын үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ бол мөнгө угаасан үйлдэл биш. ХХБ Монголбанкны шалгалтад жилд хоёр удаа ордог. Албан ёсны дүгнэлт хийх ёстой байгууллага нь Монголбанк юм.

Б.Мэдрээ: Ажлын хэсгийн дүгнэлтийн цаана манай банкны нэр хүндийг гутаах гэсэн хандлага яваад байна

/ХХБ-ны Ерөнхийлөгч/

-Би ямар учиртай энэ хуралд ирсэн бэ гэхээр энэ банкны үүсгэн байгуулагчийн нэг юм. Хоёр удаа тус банкны гүйцэтгэх захирлаар би ажилласан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх гэсэн юм. Ажлын хэсэг бүр мэдээжийн нэг талыг барьсан дүгнэлтүүдийг гаргажээ. ХХБ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Тэгээд ч арилжааны банкны үйл ажиллагааг хэвийн байгаа эсэхийг ажлын хэсэг дүгнээд байдаггүй юм. Банкны үйл ажиллагаа хэвийн болон хэвийн бус явж байгааг Монгол банк, олон улсын аудитын байгууллага дүгнэдэг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтийн цаана манай банкны нэр хүндийг гутаах гэсэн хандлага яваад байна уу гэх хардлага төрж байна. Манай банкны үйл ажиллагаа хэвийн явж байгааг нотлох хамгийн сүүлийн үйл явдал гэвэл өнгөрсөн долоо хоногт бид олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон дөрөв дэхь бондоо 100 хувь эргэн төлсөн. Өөрөөр хэлбэл, Бид олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгосон 115 сая ам.долларын төлбөрөө төлсөн. Энэ нь төлбөрийн чадвартай байгаагийн илрэл юм. 49 хувь чинь ОХУ-д байсан хувь. Тэр утгаараа Монгол Улсын хэн ч хохироогүй. Харин энэ үйлдвэрт шахааны бизнес хийдэг хүмүүс хохирох гээд байгаа юм уу. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бол нэг талыг барьсан дайралт хийж байна. Түүнд хувийн ашиг сонирхол байна уу гэсэн анхаарал татаж байна.

Да.Ганболд: “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж, сонгогчдийн сэтгэл санаанд нөлөөлсөн

/“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн/

-Эрдэнэттэй холбоотой асууд­лаар яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж сонгогчдийн сэтгэл санаанд нөлөөлсөн. Удахгүй бид хэдэн сарын дараа Ерөнхийлөгийн сонгуульд орох гэж байгаа энэ босгон дээр асуудлыг дэвэргэж байгаа нь ойлгомжтой. Сонгуулийн босгон дээр янз бүрийн асуудлыг дөвийлгөж ярьдаг. Хувьчлалаас хойш хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд “Монгол зэс корпораци” тодорхой хяналт тавьж эхэлсэн. Хувьчлал хийгдэж байх үед гадаадын хэд хэдэн компани өрсөлдөгчөөр оролцсон. Ямар нэгэн байдлаар худалдан авч чадаагүй. Учир нь ОХУ, Монгол Улсын хооронд нөхөрсөг найрсаг харилцаа байдаг гэдгийг бодолцож Монголын талд худалдсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ наймааг өөртөө ашигтайгаар эргүүлэх сонирхол зарим улс орны аж ахуй нэгжид байгааг үгүйсгэхгүй байна. Тиймээс тэд ямар нэгэн аргаар энэ наймааг хүчингүй болгож, Монголын талыг буруутай этгээд болгон хувиргаж, өөртөө энэ наймааг ашигтайгаар эргүүлэх сонирхож байж болох. Энэ байдлыг олон улсад болсон олон хувьчлалаас харсан. Гадаадын компанийн сонирхол татдаг үйлдвэр Монголд олон байхгүй. Харин анхаарлыг нь татаж болох асуудал бол Эрдэнэт  гарцаагүй мөн.  Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас товч дүгнэхэд энэ үйлдвэрт даргын нэр бариад ямар нэгэн компанийн бараа шахдаг байсан. Тэгэхдээ зах зээлийн ханшнаас 15 дахин нугалж өгдөг бизнес байж болохгүй. Гэтэл өнгөрсөн 5-6 сарын дотор  энэ бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Тэгвэл үүнд дургүйцэж байгаа, сонгуульд ялалт байгуулсны хэрэг нь утга нь гарахгүй байх шиг байна. Намдаа эсвэл дээшээ, доошоо янз бүрийн мөнгө төгрөг амлачихсан. Үүнээсээ болоод санхүүгийн хувьд хохирч байгаа компани, хувь хүмүүс ийм юм хийгээд байгааг үгүйсгэхгүй. Энэ хүмүүс өнөөдөр ажлын хэсгийн гишүүдэд улс төрийн болон хувийн шахалт дарамтыг үзүүлж, илэрхий бүтэхгүй дүгнэлтүүдийг гаргуулж байгааг бид харж байна.  Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон байлаа ч хууль зөрчсөн гэдгийг тэд тогтоодог юм биш. Яахав хууль зөрчсөн байх магадлалтай гэж ярьдаг л юм байгаа биз. Улс төрийн ямар нэгэн том дүгнэлт хийхэд, УИХ-ын гишүүн хариуцлага хүлээдэггүй. Юу гэж хүн загнаж, хараасан, бүр хоорондоо зодолдсон ч ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Үнэхээр хууль зөрчсөн эсэхийг хууль шүүхийн байгууллага тогтооно. Гэтэл хууль шүүхийн байгууллага тогтоогоогүй байхад хууль зөрчсөн гэж ажлын хэсэг, болоод улс төрчид дүгнэж байна. Энэ нь сонгуультай холбоотой улс төрийн үйл ажиллагаа гэж үзэхээс өөр арга алга. Хувьчлалтай холбоотой хохирогч байхгүй. Ямар ч нэхэмжлэл гаргаагүй байхад ажлын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.