Су.Батболд: Д.Оюунхорол гишүүний нэрийг татсан тухай ямар ч мэдээлэл ирээгүй

Су.Батболд: Д.Оюунхорол гишүүний нэрийг татсан тухай ямар ч мэдээлэл ирээгүй

МАН-ын Сонгуулийн штабаас дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг штаб ахалж буй УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Гантулга нар хийсэн юм. МАН-ын зүгээс сонгууль өгч байх үйл явцад төв штабын зүгээс хуулийн байгууллагаар тогтоогдоогүй хууль зөрчсөн асуудлаар мэдээлэл хийхгүй байх чиглэл барьж байжээ.

Гэсэн АН-ын зүгээс шүүхээс эцэслэн шийдээгүй болон гомдол санал албан ёсоор гараагүй асуудлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэл өгсөн учраас зарим нэг асуудалд хэвлэл мэдээллийн анхаарлыг хандуулах ёстой гэж үзжээ.

Су.Батболд “МАН-ын Сонгуулийн штабад сурталчилгаа эхэлснээс хойшхи хугацаанд хэд хэдэн ноцтой асуудлаар гомдол санал ирсэн. Нийтдээ 90 гаруй санал ирсэн байгаа. Бид холбогдох байгууллагууд болон хууль хяналтын байгууллагад хандсан. Баримттай нотолгоотой зүйлсийг хэлье. Тухайлбал, Архангай аймгийн нэгдүгээр тойрогт сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн зөрчил гарсан.

Тодруулбал, Архангай аймгийн Их тамир сумын АН-ын сонгуулийн штабын ажилтнууд сонгогчдод архи тарааж байсан бичлэг ил болсон. УНЭ 3265 гэсэн дугаартай машин ардаа Д.Ганхуяг гишүүний сурталчилгааны материал их хэмжээний архи ачсан байсан. Бичлэгийг нь үзүүлье. Энэ бол нотолгоотой асуудал. Хоёрдугаарт, Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт эрх бүхий албан тушаалтан биш хүн Япон руу ажиллах хүчин гаргана гэж хүмүүс бүртгэж байсан зөрчил гарлаа. АН-аас энэ тойрогт Д.Зоригт нэр дэвшч байгаа. Мөн мөнгө өгч байсан ноцтой зөрчил гарсан. Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Баярсайхан ноцтой зөрчил гаргасан. Г.Баярсайхан нэр дэвшигч мөн л сонгогчдод архи, бэлэг сэлт тараасан” гэв.

Л.Эрхэмбаяр генсек мэдээлэл хийх үедээ МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын нэрийг татаж байгаа талаар ноцтой мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл Д.Оюунхоролын нэр дээр аливаа нэг байгууллагаас сонгуулийн хууль зөрчсөн гэсэн мэдэгдэл гараагүй бөгөөд гар дээр нь ч тийм албан бичиг очоогүй аж. Мөн СЕХ-ноос МАН-ын Сонгуулийн штабад ирүүлсэн албан бичигт Д.Оюунхорол гишүүнтэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй. Нэрийг нь татсан асуудал ч байхгүй хэмээжээ. Тиймээс 49 дүгээр тойрогт нэр дэвшч буй нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан, шүүхийн шийдвэр гараагүй байхад мэдэгдэл хийсэн АН өөрсдөө хуулийг ноцтой зөрчжээ.

Мөн Ч.Хүрэлбаатар гишүүнтэй холбоотой асуудлаар Увс аймгийн Сонгуулийн хороо болон нэр дэвшигчийн сонгуулийн штабтай холбогдож мэдээлэл авсан байна. Гэтэл Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штабад нэгжлэг хийж, 200 мянган төгрөг олсноо мөнгө тараах гэж байсан мэтээр ойлгуулсан аж. Тиймээс Ч.Хүрэлбаатар нэр дэвшигч энэ талаар Цагдаагийн байгууллагад ханджээ. Архангай аймагт мөн ийм асуудал гарсан байна. Ж.Мөнхбат нэр дэвшигчийн ухуулагч АН-ын ухуулагчийн биед халдлаа гэсэн мэдээлэл худлаа байсан. Харин ч эсрэгээрээ Ж.Мөнхбатын ухуулагчийн биед АН-ын ухуулагч халдаж хоёр хавиргыг нь хугалсан асуудал гарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ