МоАХ-ны партизан О.Цоодол, Б.Батсайхан, ЭТөмөрбаатар нар өнөөдөр АН-ын байрыг нэхэж, мөн газрыг зарсан асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр партизан О.Цоодол “АН-ын даргын сонгуульд таван хүн нэр дэвшээд өрсөлдөж байна. Энэ сарын 29-ний өдөр АН-ын 180 мянган гишүүний санал хураалтын дараа хэн намын дарга болох вэ гэдэг нь тодорно. Ийм хариуцлагатай, түүхэн цаг үед бид гурав энд сэтгэлийн дуудлагаараа хүрэлцэн ирсэн. Би энд хэн нэгэн нэр дэвшигчийг магтан дуулах гэж ирээгүй. Намын даргаар 6, 7 жил ажиллаж байсан Н.Алтанхуяг даргатай холбоотой ганцхан мэдээлэл өгөх гэж л ирлээ.
Үндэсний хэмжээний том нам гэхэд өөрийн гэсэн байргүй, “Шинэ дэвшилт” холбооны байранд түрээсээр амьдраад л явж байна. Энэ бүхэн Ардчиллын төлөө тууштай тэмцэж байгаа олон мянган гишүүдэд таалагдахгүй байгаа. Бид тэдний төлөөлөл болж энд сууж байна. Н.Алтанхуяг дарга байх хугацаандаа намын байр барихгүй яасан юм бэ. Соёлын төв өргөөний хажууд байсан байрыг буулгаад, 2012 онд шинэ байр барих гээд ажил эхэлж байсан.
Гэтэл тэр ажил яагаад зогсчихов. Намын байр хаана байна гэдгийг бид нэхэх гэж байгаа юм. Тэгвэл намын байр байрлаж байсан газрыг 7 тэрбум төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэл байгаа. Харин өнөөдөр газар ч, байр ч, мөнгө ч байхгүй болчихсон байна. Тийм учраас санал хураалт болохоос өмнө Ардчилсан намын 180 мянган гишүүн Ардчиллын өргөөгөө нэхэж байгаа юм. Ардчиллын өргөө гэдэг ордон барина гэж хэлчихээд алга болсон.
Тиймээс Н.Алтанхуяг, тухайн үед удирдлагаар ажиллаж байсан нөхдүүдээс намын байрыг нэхэх гэж байгаа юм. Тэр газар зарсан мөнгөнийхөө тайланг тавиач. Юу юунд зарцуулсан юм бэ гэдгийг тайлагнал. Нэлээд хэд хоногийн өмнөөс Ардчилсан намын байрыг буулгаж, газрыг зарсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар та нар мэдэж байгаа байх. Харин чухам тэр их мөнгийг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй байна. Бидэнд ч сайн мэдээлэл алга. 2.4 тэрбум төгрөг намд орсон, бусад нь байхгүй болсон. Тэр мөнгө хаашаа алга болов гэдгийг бид нэхэж байна” хэмээн ярилаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.