УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оффшорыг зохицуулах буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна гэх шатгаанаар МАН-ын бүлэг завсарлага авлаа. УИХ гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Өнөөдөр гадаадад данс эзэмших эсэх асуудлаар гишүүд нэгдсэн ойлголтод хүрэхгүй бол болохгүй байна. Гишүүдийн яриад байгааг сонсч байхад бидний үр хүүхэд, хамаатан садан гадаадад сурч карт хэрэглээд явах, дансанд мөнгө хуримтлуулах зэрэг эрх хязгаарлагдах гээд байх шиг байна. Тиймээс тодорхой хугацаанд ярьж, ойлголцолд хүрэх хэрэгтэй байна. Тиймээс тав хоногийн завсарлага авна” гэлээ. Ийнхүү УИХ-ын дарга хүсэлтийг хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага өглөө.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглохоор заасан юм. Нийтдээ 39800 улстөрийн болон төрийн албан тушаалтнууд дээрх хуульд захирагдах байсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хүрээллийг багасгаж, 301 хүнд дээрх төсөл үйлчлэхээр, ингэхдээ гэр бүл, үр хүүхэд нь мөн гадаадад данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулах зэрэг нь хориглогдохоор болж, өөрчилсөн байна. Ийм саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Хэрвээ энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхи нь дэмжвэл УИХ-ын гишүүний эхнэр, нөхөр, хүүхэд гадаадад суралцах, бизнес эрхлэх боломжгүй болох юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.