Ямар байх бол гэж та бодож байна уу. Тэгвэл намын даргад нэр дэвшигчдээс хэн нь ч ялалт байгуулж магадгүй гээд төсөөлөөд нэг үзье л дээ.
С.Эрдэнэтэй маргааш...
Ардчилсан хувьсгалын шанг татах түүхэн үйл явдлыг С.Эрдэнэгүйгээр төсөөлөхөд бэрх. Ардчилсан намын даргын сунгаанд оролцохдоо ч тэрбээр энэ өдрүүдийн үнэ цэнийг түгээж яваа. Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа гаргасан амжилт болоод Баянгол дүүргийн Ардчилсан намын ялалтын буухианууд ч мөн тэр хүнтэй нягт холбоотой. Харин сүүлийн үед “С.Эрдэнэ бол том биетэй З.Энхболд” гэдэг үг улс төрийнхний хүрээнд моод болоод удаж байна. Ардчилсан намынхан шонхордохыг энэ хоёр хүнээр төсөөлдөг, төлөөлүүлдэг. Өөрөөр хэлбэл, ар нуруу руу хутга шаахыг юм л даа. Тэдний тэргүүлдэг “Шонхор” хэмээх фракци нэртэй мафийн үйл ажиллагаа явуулдаг бүлэглэл нь өнгөрсөн хугацаанд “шонхордох” гэдэг брэндийг улс төрийн соёлд нэвтрүүлчихсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг “шонхордож”унагаад, намын даргын суудлыг дүрмийн бусаар булаагаад авчихсан. Одоо ч гэсэн энэ л аргаараа намын даргын суудлыг хадгалж үлдэхээр үхэн хатан зүтгэж байна. Хэрэв С.Эрдэнэ нэрээр халхавч хийн З.Энхболд тэргүүтэй “Шонхор”-ынхон Ардчилсан намыг засаглах эрхийг дахин атгавал энэ намд бутрахаас өөр сонголт үлдэхгүй. Анх таван нам нэгдэж, Ардчилсан нам гэгчийг байгуулж байсан шигээ хэдэн тийшээ сарниж, С.Эрдэнэ, З.Энхболд нарт “Ардчилсан нам” гэдэг нэр л үлдэнэ. С.Эрдэнэтэй Ардчилсан намын маргаашийн дүр зураг ийм л байна.
Н.Алтанхуягтай маргааш...
Ардчилсан намын түүхэн ялалтуудын дурсамж Н.Алтанхуягтай холбоотой. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Ардчилсан засаг хэрхэн яаж ажилладгийг ард түмэндээ харуулж чадсан. Даанч үр дүн нь гарахад өөрөө суудалдаа байж чадаагүй нь харамсалтай. Н.Алтанхуяг мундаг удирдагч биш. Их азтай, зальтай хүн л дээ гэх яриа намынхан дунд нь байдаг. Хүчээр шахам намын даргын суудалд суусан гэдэг шүүмжлэлийг байнга хүртдэг ч Засгийн газар эмхлэгдэхэд Ерөнхий сайдын албыг хүлээж авсан. Н.Алтанхуяг сайндаа биш шинэ Засгийн газрын эхний Ерөнхий сайд байсан гэдгээрээ түүний Засгийн газар нэр хүндтэй байсан. Тэр нэгэнт олдсон боломжийг хэзээ ч алдаж байгаагүй. Ямар сайндаа л өөрийнхөө хүргэн Г.Дэнзэнгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албыг хашуулж, охиноо хамгийн их мөнгө “цохидог” гэгддэг “Цэвэр агаар” санд шургалуулж, ойр тойрныхныхоо бүх л хүнийг томоохон албан тушаалд тавиулж байхав. Харамсалтай нь түүний ойр тойрныхон хайрыг даасан уу гэдэг асуулт одоо үлдэж байгаа юм. Энэ хайрыг даасан эсэх асуулт намын даргын сунгаан рүү түүнийг түлхсэн гэхэд буруудахгүй биз ээ. Тэр хэрэв Ардчилсан намын дарга болбол аврагдаж чадна, чадахгүй бол аавын хаалга л татах байх даа.
Ж.Батзандантай маргааш...
Гэхээр огтхон ч төсөөлөгдөхгүй байгаа юм. Гэхдээ нэгэнт л бүгдийг нь бичиж байгаа хойно, аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав. Түүнийг өнгөрсөн хугацаанд намаа хамгийн ихээр муулж, хошуугаа худалддаг байсан гэдгийг намынх нь гишүүд бүгд мэднэ. Энэ нь ч бусад намынхан болон иргэний хөдөлгөөний хэдэн нөхдөд ашигтай байдаг учраас тэд Ж.Батзанданг нууцаар, илээр дэмждэгээ илэрхийлсээр байдаг. Гишүүн асан Х.Тэмүүжиний хэлсэн үгээр энэ хэсгийг өндөрлөе. “Ахыгаа төрийн нарийн болгох гээд Ардчилсан намын Засгийг Монгол Ардын намтай нийлээд унагачихдаг Ж.Батзандан намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй”
Гэхдээ Ардчилсан намын хүнд хэцүү үед УИХ-д нэг суудал авчирсан түүний гавьяаг Ардчилсан намынхан мартах учиргүй. Ж.Батзандан бол Ардчилсан намд байх ёстой хүний нэг.
Лу.Гантөмөртэй маргааш...
Лу.Гантөмөр Ардчилсан намын залуучуудын нэг. Түүний хувьд Ардчилсан намын даргын сунгаа ирээдүйн карьерынх нь бие халаалт. Хэдий насаар залуу ч УИХ-д дөрвөнтөө сонгогдсон чадалтай боловсон хүчнүүдийн нэг. Харин сүүлийн үед энэ хүн өөрийгөө намын дарга болохгүй гэдгээ хэдийнэ ухамсарлачихаад байхад би гэгч этгээд “Хэрэв намын дарга болбол” гээд бичээд байх нь сонин санагдаж байж магадгүй. Лу.Гантөмөрийн хувьд намын дэд даргад горилно гэдгээ хэлээд л байгаа. Гэхдээ тэр намын дарга болбол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөсөө буугаад хамгаалалтад орно гэсэн үг. Учир нь түүний цаана Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа гэдэг нь хэдийнэ илэрхий болчихсон. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан М.Батчимэг, Ерөнхийлөгчийн шүүхийн шинэчлэлийг хамгийн ихээр дэмжиж байгаагаа илэрхийлэн хуулийн салбарыг самраад хаясан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар Лу.Гантөмөрийг намын дарга болгохоор улайран зүтгэж байгаа.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчидтэй маргаашийн дүр зураг нэг иймэрхүү байна. Аль нэг мафийн бүлэглэл, фракцийн эрх ашгийг бус том эрх ашиг харж сонголтоо хийх цаг болсон гэдгийг Ардчилсан намын гишүүд ухаарахгүй бол “Ардчилсан нам” гэдэг нэр л үлдэх нь байна.
Д.Эрдэнэбаттай маргааш...
Ардчилсан намын 2012 оны ялалтын хөшигний ард байсан. Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа бүх гишүүд, сонгогчидтойгоо “Нүүр тулсан ярилцлага” хийж, итгэлийг нь хүлээсний хүчинд Ардчилсан нам ялалт байгуулсан гэдгийг намынх нь гишүүд хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан намын 2016 оны ялагдлын дараа хамгийн түрүүнд шокноосоо гарч, намын Их хурлаа нээлттэй хуралдуулсан хүн нь бас л тэр. Ардчилсан нам яаралтай шинэчлэгдэх шаардлагатайг ухаарч, намын даргыг бүх гишүүдээсээ сонгох саналыг ч тэрбээр л мөн гаргасан. Орон нутгийн хурлын сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллан 3/1 хувийн санал авч, ялагдлынхаа шокноос гарч чадаагүй намынхаа гишүүдийг “алгадаж” сэрээсэн хүн түүнийг гэдгийг мартчихаагүй байлгүй.
Аж үйлдвэрийн сайд байхдаа төгрөгийн ам.доллартай тэнцэх ханшийг 1000 төгрөг болгоно гэчихээд хэлсэнсэн. Учир түүнээс одоо хүртэл ам асуудаг хүмүүс цөөнгүй. Л.Эрдэнэчимэг гишүүн байхдаа Тамхины хяналтын тухай хууль гэгчийг батлуулчихаад байхад өрөөндөө тамхи татаж, дургүйг нь хүргэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад нь хүргэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгуулсан нөхөр Ардчилсан намын МАРГААШ ЯМАР байхыг жирийн гишүүдийнх нь сонголт мэдэх буй за.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.