Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт утааны асуудал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой мэдэгдлүүд гарсан юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарах үеэр тус дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр дөрвөн хүний амийг аварсан гээд сайн муу олон мэдээлэлтэй өнгөрлөө. Ингээд энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа дээрх асуудлын хүрээнд хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

Да.Ганболд: “Эрдэнэт”-ийг ярьж байгаа нь сонгуультай холбоотой улс төрийн үйл ажиллагаа

/“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн/

ОХУ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааны худалдан авалтыг хууль бус болсон гэх дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хийсэн. Тэгвэл энэ асуудлаар 49 хувийн хувьцааг эзэмшигч “Монгол зэс корпораци” болон ХХБ-ны төлөөлөл хамтран мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд “Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ынхан ашиглаж сонгогчдийн сэтгэл санаанд нөлөөлсөн.

Гэтэл удахгүй хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд орох гэж байгаа энэ босгон дээр асуудлыг дэвэргэж байгаа нь ойлгомжтой. Сонгуулийн босгон дээр янз бүрийн асуудлыг дөвийлгөж ярьдаг. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанаас товч дүгнэхэд энэ үйлдвэрт даргын нэр бариад ямар нэгэн компанийн бараа шахдаг байсан. Тэгэхдээ зах зээлийн ханшаас 15 дахин нугалж өгдөг бизнес байж болохгүй.

Гэтэл өнгөрсөн 5-6 сарын дотор энэ бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дургүйцэж байгаа, сонгуульд ялалт байгуулсаны хэрэг нь, утга нь гарахгүй байх шиг байна. Намдаа эсвэл дээшээ, доошоо янз бүрийн мөнгө төгрөг амлачихсан. Үүнээсээ болоод санхүүгийн хувьд хохирч байгаа компани, хувь хүмүүс ийм юм хийгээд байгааг үгүйсгэхгүй. Энэ хүмүүс өнөөдөр ажлын хэсгийн гишүүдэд улс төрийн болон хувийн шахалт дарамтыг үзүүлж, илэрхий бүтэхгүй дүгнэлтүүдийг гаргуулж байгааг бид харж байна.  Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон байлаа ч хууль зөрчсөн гэдгийг тэд тогтоодог юм биш.

Улс төрийн ямар нэгэн том дүгнэлт хийхэд, УИХ-ын гишүүн хариуцлага хүлээдэггүй. Юу гэж хүн загнаж, хараасан, бүр хоорондоо зодолдсон ч ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй гэдгийг та бүхэн мэдэх байх. Үнэхээр хууль зөрчсөн эсэхийг хууль шүүхийн байгууллага тогтооно. Гэтэл хууль шүүхийн байгууллага тогтоогоогүй байхад хууль зөрчсөн гэж ажлын хэсэг, болоод улстөрчид дүгнэж байна. Энэ нь сонгуультай холбоотой улс төрийн үйл ажиллагаа гэж үзэхээс өөр арга алга. Хувьчлалтай холбоотой хохирогч байхгүй. Ямар ч нэхэмжлэл гаргаагүй байхад ажлын хэсэг хууль зөрчсөн гэж дүгнэж байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Т.Ган-Эрдэнэ: Амьдралын боломжтой мөртлөө юу ч хамаагүй түлж буй хүмүүсийг соён гэгээрүүлмээр байна

/БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга/

-Ерөнхий сайдын захирамжаар утааг эрчимтэй бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Н.Батсуурь ахлаж байгаа. Хоёр орлогч даргатай. Нэг нь Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, нөгөөх нь би. Мөн ажлын хэсэгт утааг бууруулахад оролцож болох бүхий л томоохон эрдэмтдийг оруулсан.

Энэ ажлын хэсэг бол зохион байгуулалтын ажлыг хариуцах юм. Харин түүний дор мэргэжлийн ажлын дэд хэсгүүдийг Н.Батсуурь сайдын тушаалаар байгуулсан. Ерөнхийдөө утаа үйлдвэрлэж буй гурван чиглэлээр, шинжлэх ухааны үндэслэлтэй шийд гаргаад, энэ оны гуравдугаар сарын сүүлчээр Засгийн газарт танилцуулна. Одоохондоо хараахан үр дүнд хүрээд, эцсийн байдлаар гарчихаагүй байна.

Түүнээс гадна, гэр хороололд амьдарч байгаа иргэдийг соён гэгээрүүлмээр байгаа юм. Зарим хүмүүс мэдсээр байж үл тоодог. Бүр ядуу, амьдралын боломж муутай айл бол хэцүү байгаа нь үнэн. Гэтэл цахилгааны тариф тэглэчихээд байхад амьдралын боломж гайгүйтэй байж гутал, хаймар түлээд байгаа хүмүүсийн оюун сэтгэхүйг гэгээрүүлмээр байна.

Г.Ганбаяр: Тухайн үед нэг ч хүнийг үлдээхгүй бүгдийг галаас гаргая л гэж бодсон

/Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч/

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд энэ сарын 24-нд гал гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн үед тус дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр ажилдаа явж таарсан бөгөөд галын аюулаас дөрвөн хүний амийг аварчээ. Тэрбээр болсон явдлын талаар “Манай гэр галд өртсөн айлынхтай ойролцоо байдаг юм.

Би өглөө бүр тэр замаар алхаж ажилдаа очдог. Өчигдөр /2017.01.24/ 08:00 цагийн үед ажилдаа явж байтал автобусны буудлын зам дагуу байдаг айлын хашаанаас утаа гарч байгаа харагдсан. Мэргэжлийн онцлог ч юм уу, ер нь орчин тойрныг нэлээд ажиглаж явдаг л даа. Очоод хашааных нь завсраар харахад гал гарч байсан. Хаалгыг нь нүдээд нээгээгүй, унтаж байсан байх. Үүдний амбаар нь шатаж эхлээд, моднууд нь унаж, хүн орох ямар ч боломж байгаагүй учраас тойрч цонхон дээр нь очоод хүн байгаа эсэхийг шалгангаа, “Гал гарч байна” гээд орилсон.

Тэгэхэд нэг эмэгтэй байсан, нэг залуу нь сандрахдаа хаалгаа нээхэд бүх өрөөгөөр гал тархчихсан. Яарч сандарч байсан ч хүмүүс гарахдаа толгой, хүзүүгээ зүсчих вий гээд цонхны модон хүрээг аваад бүх шилийг цохин хагалж, хүн гарах бас өөрөө орохоор болгосон. Нэг эмэгтэй, нэг залуу хоёр цонхоор гарч ирэхэд зөрөөд малгайгаа өмсөж, ороолтоо битүү ороогоод байшин руу ороход “Хөл муутай, босч чаддаггүй” гээд нэг залуу байсныг гаргасан.

Цаана нөгөө хаалга нээж, галд цоргиулсан залуу шоконд орчихсон угаартах гэж байхад нь амжиж, хамтдаа гарсан. Тэр залуугийн гар нь түлэгдчихсэн байсан. Ер нь бүх зүйл л секундээр хэмжигддэг юм билээ. Хүмүүсээ аюулгүй болгоод, байшингийн урд байсан автомашиныг дэлбэрч магадгүй гэж болгоомжлон нөгөө гар нь түлэгдсэн залуутайгаа хамжин, түрж холдуулсан. Гэрээсээ гарч ирсэн хүмүүс маань маш нимгэн хувцастай байсан учир машинд нь оруулж суулгаад хамгийн түрүүнд онцгой байдлын 101, түргэн тусламжийн 103 тэгээд цагдаагийнхаа 102 дугаарын утсанд дуудлага өгөхөд бүгд удалгүй ирсэн. Тухайн үед нэг ч хүнийг үлдээхгүй бүгдийг галаас гаргая л гэж бодсон.

Гал дүрэлзэн асаад, байшингийн дээвэр нурж байсан. Цагдаа эсвэл энгийн нэгэн байсан ч туслах л байсан гэж бодож байна. Согтоод гудамжинд унтаж байгаа болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж, гэрт нь хүргэж өгч байсан тохиолдлууд надад бий. Тэр хүн гудамжинд унтаж байгаад осгоод амь насаа алдчихаад нэг айлын аав, ах, эгч, дүү, хамаатан, садан хэн нэгнээрээ дутвал хэцүү шүү дээ. Харин албан үүргээ гүйцэтгэхдээ бид байнга л хүний төлөө гэж явдаг.

Цагдаа хэрэг болсон газарт хамгийн түрүүнд хүрч очоод хүмүүст туслах бодолтой явдаг даа” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасан бол ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хүлээн авч уулзан “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.