З.Энхболд: Би намын хүнд ажлаас холдож амармаар байна

З.Энхболд: Би намын хүнд ажлаас холдож амармаар байна

АН-ын удирдлагууд болон даргын сонгуульд оролцсон нэр дэвшигчид мэдээлэл хийлээ. Мэдээлэлд намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нэр дэвшигч С.Эрдэнэ, Ж.Батзандан нар оролцов. Харин Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар мэдээлэлд ирсэнгүй юм.

Мэдээллийн эхэнд намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарын мэдээлснээр Н.Алтанхуяг 2033.08, Ж.Батзандан 1110.77, Л.Гантөмөр 1417.83, С.Эрдэнэ 2928.92, Д.Эрдэнэбат 857.22 оноо авсан байна. Тиймээс ч  АН-ын удирдлагууд албан ёсоор С.Эрдэнийг намын даргаар томилогдож байгааг мэдэгдлээ. Энэ үер АН-ын дарга З.Энхболд "Бид монголын улс төрийн намын түүхэнд анх удаа энэ ажлыг хийлээ. Одоо намын даргыг гишүүд нь шийддэг болсон. Хуучин системээр сонгогдсон сүүлчийн дарга би байна. Өнөөдрөөс эхлээд нийт гишүүдийнхээ олонхын саналаар сонгогдсон С.Эрдэнэ дарга АН-ын цаашдын реформыг гүнзгийрүүлэн хийж, Монголын улс төрийн голлох намаа ирэх сонгуулиудад ялуулах үүргийг хүлээж байна" гэсэн юм.

Харин ялалт байгуулсан С.Эрдэнэ "Би дөрвөн нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж огт хараагүй. Бид цаашид намын шинэчлэлийнхээ төлөө хамтарч ажиллах болно. Сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан АН маань энэ сонгуулиар хөл дээрээ бослоо. Цаашдаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн болсон гэж харж байна. Биднийг анх өрсөлдөж эхлэхэд таван тийшээ салаад алга болно гэж их олон хүн харж байсан байх. Бид тав нэг үзүүрт сэтгэлээр намын шинэчлэлийн төлөө зорьж ирлээ.Цаашдаа бид намын шинэчлэлийн төлөө хамтарч ажиллах болно. Миний хувьд намын үзэл баримтлалыг баримталж, үндсэн дүрмийн шинэчлэлийг яаралтай хийх, бүтцийн шинэчлэлийг хийхээс ажлаа эхлүүлнэ." гэв.

Тэгвэл нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид сунгаанд өрсөлдөхөөсөө өмнө хэн нь ч дарга болсон тэр хүнээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс С.Эрдэнэ даргадаа баяр хүргэе. Таны ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлье" хэмээсэн юм.

Мэдээллийн дараа зарим асуултад хариулт  авлаа.

-З.Энхболд даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор тохироо хийсэн гэх мэдээлэл байна. Тиймээс ч  С.Эрдэнэ гишүүнийг намын дарга болголоо гэх юм?

З.Энхболд: -Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. 2020 он хүртэл ажил төрөлд очихгүй. Намын хүнд ажлаас холдож амармаар байна.

-Өчигдөр АН-ын зарим гишүүд саналаа өгч чадахгүй байна гэсэн мэдээлэл их цацагдсан. Уг асуудалд тайлбар хийгээч?

З.Энхболд: -Бүртгэлийн тухайд анхан, дунд шатны намууд хувьчлагдчихаад байна гэсэн юм. Анхан, дунд шатны намын байгууллагад бүртгэхгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг эрхийг нээсэн. Намайг Энэтхэг яваад ирэхэд,  Хэрэг эрхлэх газар дээр асуудал үүсгэсэн байсан. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 100, 100-гаар нь хэн нь мэдэгдэхгүй бүртгэл хийсэн байсан. Таван нэр дэвшигчээс Л.Гантөмөрөөс бусад нь тухайн гишүүдийн санал өгөх эрхийг хаах санал гаргасан. Хавар ҮЗХ-ны гишүүдээ шинэчилнэ. Төв нам дээр цугларсан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Өөрийн биеэр ирээгүй, нэг хүн 100, 100-гаар нь анкет авчирч бүртгүүлсэн. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад хариуцлага тооц гэдгийг Л.Эрхэмбаяр даргад үүрэгдсэн. Өөрийгөө од болсон гэж тооцон анхан шатны нам дээр очиж бүртгүүлээгүй М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байсан. Баахан алдартай хүмүүсийн зураг хийгээд, тэрний, энэний саналыг З.Энхболд өгүүлсэнгүй гэсэн байсан. Хэн нэг од болсон гишүүдэд гаргах тусгай шийдвэр байхгүй. АН-ын гишүүн бүр адил эрхтэй.

-Ж.Батзандан гишүүнээс бусад нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгож болох уу. Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих вэ?

С.Эрдэнэ: -Бид тавуулаа байнга уулзаж, цуг явсан. Хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, баг болж явна гэж ярьсан. Манай гурван нэр дэвшигчийн хувьд нойр, хоолгүй явж байсан учраас хүндэтгэх шалтгаан гэж харж байгаа. Биднийг бутарч, хагарчихаасай гэж хүсч байсан бүлэглэл, хүмүүс байсан. Үүнийг давж чадсан. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд байна. Өнөөдөр би хэн нэгнийг нэрлэхгүй. АН-ын дарга болсон ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг саяынх шиг сунгаагаар тодруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудлыг хоёрдугаар сарын 12-нд болох намын VII их хурлаар тавина.

-АН фракцгүй нам болно гэж их ярьсан. Та “Шонхор” фракцын хүн шүү дээ. Одоо фракцуудтай хэрхэн ажиллах вэ?

С.Эрдэнэ: -АН-ын даргын сунгаагаар нам өөрөө фракцгүй байх шинэчлэл хийгдсэн. Ямар нэг фракц бүлэглэлийн нөлөөнд орох эрх байхгүй. Би нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана.

-Та Ерөнхий нарийн бичгийн даргаараа хэнийг томилох вэ. Энэ удаагийн мэдээллээс харж байхад Ж.Батзандан гишүүн АН-ын бүлгийн дарга болох юм шиг байна?

С.Эрдэнэ: -Сонгуулийн дүн дөнгөж гарч байна. Тиймээс томилгоог яаран сандрах ярих нь тохиромжгүй.

Ж.Батзандан: -Хэн нь ялсан хамтдаа ардчиллын төлөө яваарай гэж бүх гишүүд захиж байсан. Энэ утгаараа өнөөдрийн хуралд ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллахаа илэрхийлэхээр ирсэн. Түүнээс биш албан тушаалын төлөө энд ирээгүй. 

-Өчигдөр С.Эрдэнэ гишүүнийг мөнгө тараасан бичлгийг цацсан. Та үүнд тайлбар өгөөч?

С.Эрдэнэ: - Мөнгө тараасан үйлдэл байхгүй. Хэрэв тараасан бол намын даргын суудалд очихгүй байх ёс зүй надад бий. Одоо хэн дуртай нь нэр нүүрээ нуугаад бичлэг хийгээд бусдыг гүтгэх боломжтой болчихсон.  Тэр бичлэг дээр Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн байсан эмэгтэй гол дүрд нь тоглож, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулсан гэсэн мэдээлэл байсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.